Монгол дахь дур зоргын марофон буюу зэрлэг капитализм

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Шинэ Ерөнхий сайдын хэлсэн нэг өгүүлбэрийн араас жим мөрийг нь жаахан тодруулмаар санагдав. Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдаар сонгогдоод хэлсэн үгэндээ “Гадны хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын үйл ажиллагааг зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн дуртай нь, хаана ч хамаагүй ухах бус үе шаттай, зөв зохион байгуулах, тодорхой зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас эхлүүлэх бэлтгэлийг хангана”  гэсэн. Энэ өгүүлбэр дундаас  “Зэрлэг капитализм” гэдгийг л онцлох гэсэн юм.  Залуу сайдын хэлснээр хаа дуртай газраа ухаж сэндийчих нь зэрлэг капитализмын нэг шинж юм байна. Энэ утгаар нь харвал зөвхөн ашиг орлогын төлөөх дур зоргын марофоныг зэрлэг капитализм гэж тодорхойлж болмоор ч юм шиг.

Хоёр гурван жилийн өмнө шиг санагдаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор профессор Д.Батжаргал  Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Юун ардчилал вэ, Монголд зэрлэг капитализм л байна” гэж онцолж байсан нь бий.  УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгэнтээ “Оюутолгой дахь монголчууд “зэрлэг капитализм”-д дарлуулж байна гэж ил цагаан хэлж байсан удаатай.  Өнгөрсөн жил Монголын ФЕМНЕТ гээд үндэсний сүлжээний  “Жинхэнэ ардчилал” сэдвээр  явагдсан YIII чуулган “Монголчууд  ардчилал, чөлөөт зах зээл  хэмээх ойлголтуудыг хольж, зэрлэг капитализм, нео‐колоничилол, нео‐феодализм зэрэг үзэгдлийг ардчилалтай андуурч иржээ” гэж дүгнэсэн. Ер нь  энэ мэт дүгнэлтүүд элбэг таардаг шүү дээ.

Олонхи улс төрчид манай улс 20 гаруй жил үндсэндээ зэрлэг капитализмаар замналаа. Одоо алтан дунджийг нь олсон зарчим руу орох хугацаа болсон  гэдгийг сануулдаг. Энэ мэтээс харвал тэр зэрлэг хэмээн тодотгоод байгаа капитализм манай өнөөгийн нийгмийн араншинд бүх төрхөөрөө илэрдэг байх нь.

“Монголчууд ардчилал, чөлөөт зах зээл хэмээх ойлголтуудыг хольж, зэрлэг капитализм, нео‐колоничилол, нео‐феодализм зэрэг үзэгдлийг ардчилалтай андуурч иржээ”

Улс төр, эдийн засаг, ёс суртахуун гэхчлэн. Өөрөөр хэлбэл, Монголын маань өнөөгийн дүр төрх зэрлэг капитализмын өнгө будгаар илэрч байна гэсэн үг. Ингэхээр  мөнөөх хүн төвтэй нийгэм байгуулна хэмээн анх тунхаглаж байсан Ардчилсан нийгмийн маань мөн чанар алдагдчихав уу, аль эсвэл бид төөрч мунгинаад байгаа юм уу гэж эргэлзэхэд хүргэдэг.  

Монголчууд төрийн зохицуулалт гэдэг үгнээс нэг хэсэг жийрхлээ. Ингэснээр бүх асуудлыг чөлөөт зах зээл гэсэн том орон зайд сул хаясан. Хууль журмыг улан дороо гишгэсэн улангасал, өрсөлдөөн дур зоргын тоглолт энд жинхэнэ утгаараа өрнөж байна. Үүний харгайгаар дотооддоо ч тэр, гадаад талдаа ч тэр Монгол бол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болох чөлөөт орон зай гэсэн ойлголт сэтгэхүй нэлээд гүнзгий суучихсан байгаа.

Үнийн галзуурал, баялгийн тэгш бус хуваарилалт, булаалт, ядуурал, авлига,  ёс суртахууны сүйрэл гээд олон зүйлийг нэрлэж болох байх. Тухайлбал, эдийн засагчдын хэлж байгаагаар бол Монгол шиг зээлийн өндөр хүүтэй орон дэлхийн хаана ч байхгүй гэх юм билээ. Үнэн худал нь тодорхойгүй ч Монголын баялгийн 80 шахам хувийг 10 гаруйхан гэр бүл эзэмшдэг гэхчилэн чих дэлсдэг. Бас төсвөөс  тэрбумтнууд төрүүлдэг содон имижтэй.

Монгол бол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болох чөлөөт орон зай

Инфляци өнөөдөр Монголыг туйлдуулж байна. Энэ бол Засгийн газар инфляциар дамжуулан иргэдийнхээ халаасыг суйлж байгаа хэрэг.  Инфляци  ганц  Монголд биш дэлхийн олон оронд тохиолддог бэрхшээл. Гэхдээ тэд төрийн бодлогоороо зохицуулдаг бол манайд харин зөнд нь орхидогоороо ялгагддаг. 

Ер нь Монгол Улсад үнэ ханш, тарифт хяналт тавьдаг институт байгуулах цаг нь болсон гэдгийн эдийн засагчид сануулдаг.  Түүнчлэн зах зээлийг шударгаар зохицуулах шаардлагатай гэж олон хүн хэлдэг. Энэ бүхэн нийгмийн зохицуулалтын алтан дунджуудын нэг хэсэг бөгөөд мөнөөх зэрлэг капитализмын тойргийг хумьж буй хэрэг.  Юутай ч шинэ Ерөнхий сайд маань зэрлэг капитализм гэдэг үгийг амнаасаа унагачихлаа.  

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.176) 2014 оны 11 сарын 26

Зэрлэгийн зэрлэг капитализм

0  |  0
Top