АН, МАН-ын зөвшилцөл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

АН-ын бүлгийн ажлын хэсэг МАН-ын  ажлын хэсэгтэй уулзалт хийж дууслаа.  УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар ажлын хэсгийн уулзалтын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Ахин хуралдана

- АН-ын ҮЗХ-ноос УИХ дахь АН-ын бүлэгт УИХ-д суудалтай бүх улс төрийн намуудтай Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах асуудлаар зөвшилцөх даалгавар өгсөн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр томилогдсоныхоо дараа УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Манай намын бүлгийн ажлын хэсэг зохион байгуулалтаа өчигдөр орой хийж, намуудтай зөвшилцөх  агуулгуудаа тохиролцсон. Өнөө өглөөнөөс эхлээд нам, бүлгүүдтэй уулзалт хийж эхэллээ. Өглөө ИЗНН-ын удирдлага, "Шударга ёс" эвсэлийн ажлын хэсэгтэй уулзалт хийсэн. АН 2012 оны сонгуулийн дараа нам эвсэлүүдтэй хамтарч ажиллах гэрээ хийсэн. Цаашид энэ гэрээгээ үргэлжлүүлж Засгийн газрыг бүрдүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн.

 Сая МАН-ын бүлгийн ажлын хэсэгтэй анхныхаа уулзалтыг хийлээ. Уулзалтаар Ерөнхий сайдын тавьсан санал болон, улстөрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван тулах, дунд урт хугацаандаа эдийн засгийг өөдөн татах тал дээр бид ямар зарчмаар хамтран ажиллах боломжтой вэ гэдэг санал солилцлоо. Тодорхой асуудлууд дээр ажлын хэсгүүд хуралдах ёстой гэж үзээд намын удирдлагуудын уулзалт хийсний дараа өнөөдөр 17:00 цагт дахин хуралдахаар боллоо.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Бидний ярилцах сэдэв өргөн хүрээтэй байна

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-ын даргад хамтран ажиллах талаар санал солилцох хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Манай ажлын хэсэгт зургаан гишүүн ажиллаж байна. Өнөөдөр АН-тай анхныхаа уулзалтыг хийлээ. Монгол Улсад эдийн засгийн хямрал үүссэн байна. АН энэ хямралыг даван туулахад МАН-тай хэрхэн хамтарч ажиллах талаар ямар санал тавьсан талаар санал солилцох уулзалт хийлээ.  Хамгийн түрүүнд эдийн засгийн хямралыг хэрхэн яаж давах туулах асуудлаар зөвшилцөх, ямар түвшинд шийдвэрлэх боломжтой байгаа.  Дараа нь улс төр, засаглалын хүрээн дэх асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцлаа. Ирэх баасан гарагт болох  МАН-ын бага хурлаар АН-аас тавьж байгаа санал болон нөхцөл байдлын талаар гишүүддээ тайлагнах юм. 17:00 цагаас дахин хурал хийгээд тодорхой баримт бичгүүд дээр гарын үсэг зураг шаардлага гарч байгаа. Арванхоёрдугаар таванд Ерөнхий сайд УИХ-д өөрийн кабинатын бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсан байх ёстой. Тэр хүртэл зөвшилцлийн ажлын хэсэг хуралдана. Бидний ярилцах сэдэв маш өргөн хүрээнд байна. Яг аль нам нь Засгийн газарт орно, орохгүй гэсэн талаар ярихад эрт байна.  АН, МАН-ын хооронд зөвшилцөж байгаа асуудал нь нам бүлгийн эрх ашгаас илүү улс орны эрх ашиг юм. Засгийн газарт орох эсэх талаар эцсийн шийдвэрийг манай намын бага хурлаас гаргана. Ажлын хэсэг бага хуралд тодорхой мэдээллийг өгөх үүрэгтэй.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top