Таван тэрбумыг телевизүүдэд өгөх төслийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганаар Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Телевизүүдэд 5 тэрбумаар авлига өгч, агуулгад нь хяналт тавих гэж байна хэмээн шүүмжилсэн ч гишүүдийн 54,4 хувиар дэмжиж анхны хэлэлцүүлэг хийхээр боллоо. Уг төсөлд “Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг заасан юм. Үүнд улсын төсвөөс  таван тэрбум төгрөг шаардлагатай болно. Тиймээс зарим гишүүд энэ заалтыг эрс эсэргүүцэж байлаа. 

Ё.Отгонбаяр: Би АН-ынханд барууны үзэл зааж байгаадаа ичиж байна

- Би салбарын сайдаар ажиллаж байсны хувьд хуулийн зорилгыг дэмжих ёстой хүний нэг. Гэхдээ авч хэрэгжүүлж байгаа арга хэлбэр нь буруу байна. Уг нь АН-ыг  зах зээлийн эдийн засгийн эрхэмлэдэг нам гэж боддог. Гэтэл яахаараа хуулиараа хүчирхийлдэг байна. Монголын 50 суваг рекламуудаа хаагаад ирэхээр яаж санхүүжих болж байна?. 1990 онд хийсэн хэдэн монгол киногоо сар эргүүлээд дуусна. Холливуудын кино гаргах эрхийг “Юнивишн” худалдаад авчихсан. Энэ таван тэрбум төгрөг гэдэг мөнгөний тоонд биш, буруу зохицуулалт байна.

Энэ хууль гарвал Соёлын яам дээр 5 тэрбумаа хуваах гэж бөөн найр болно.  Танилтай хэд  нь хуваагаад аманд ч үгүй хамарт ч үгүй болно. Салбар нь өөрөө зохицуулалтаа гаргавал тэрийг нь төр дэмжье. Төрийн хүчээр бүх юмыг зохицуулах гээд дайраад, түрээд, хяргаад,  хэрчээд байх хэрэггүй. Би АН-ынханд барууны үзэл зааж байгаадаа ичиж байна. Үүнийг дагаад төрийн цензур орж, албан тушаалтнууд контентын агуулгад хяналт тавина. Ингээд хуучин социалист нийгэмдээ очно шүү.

А.Тлейхан: Төрийн мөнгөөр хүүхэлдэйн кино хийж яах юм?

- Телевизүүд өөр өөрсдийгөө авч явах хэрэгтэй. Төрөөс дэмжлэг авч  заавал хүүхэлдэйн кино хийх хэрэггүй. Амьдралд хэрэггүй хууль гаргаж яах юм? Харин төрөөс дэмжлэг үзүүлэхдээ өөр хэлбэрээр монгол бахархал, амьдрах ухааныг сургах чиглэлийн нэвтрүүлэг хэрэгтэй.

Д.Батцогт: 5 тэрбум төгрөгтэй холбож унагах гэж байгаа бол буруу

- Өнөөдөр нийгэмд гадны соёлын довтолгоо явж байна гэж их шүүмжилдэг. Орж ирсэн төсөлд алдаа байгаа. Гэхдээ Монголын телевизүүдийн төлөөлөлтэй уулзсан. УИХ энэ асуудлыг хэлэлцэх нь зөв, ярилцъя гэсэн. Энэ хуулийн төсөлд зөрчил байгаа бол засаад явъя. Энэ төслийг 5 тэрбум төгрөгтэй холбож унагах гэж байгаа бол буруу. Хэрэв дэмжээд өгвөл томоохон хэлэлцүүлэг хийж, чамбайхан хууль гаргая гэж бодож байна.

Р.Гончигдорж: Зорилго, зохицуулалт нь нийцэхгүй байна

- Хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ тавьж байгаа зорилго, хуульчилах гэж байгаа зохицуулалт хоёр нь нийцэж байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Үндэснийхээ бүтээгчдийг дэмжих гээд байгаа хандлага, эсвэл агуулгыг нь дэмжих гээд байгаа эсэх нь тодорхойгүй. Хэлд ороогүй хүүхэд бол гадны сувгийг үзнэ гээд тэмүүлээд байна. Тэр татагддаг зүйлээр нь дамжуулаад хүүхдэд соёл,  заншлыг сургах нь зөв.

Т.Гэрэл

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(202.21.124.132) 2014 оны 11 сарын 27

battsogt yaj ix xurald garlaa chi, icheech

0  |  0
kkkkk(203.91.116.74) 2014 оны 11 сарын 27

odoo 5 terbumiig hubaaj ideh geed ulairaad ehellee ene 76

0  |  0
Top