Ахлах ангийнханд үе тэнгийнхэн нь л тусалж чадна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Өсвөр үеийнхнийг бэлгийн боловсролтой болгох үйлсэд гар бие оролцож явлаа. Тэгэхэд би өөрөө өсвөр насных байсан юм.

Сэлэнгэ аймгийн төвд Улаан загалмайн хороо буюу салбар нь өдгөө хүртэл ажилладаг. Би тэнд 2006 онд сургагч багшаар элсэн орж байв. Миний хувьд хүмүүнлэгийн, тусламжийн байгууллага гэдгийг гадарлах тул хүнд тусалъя, ядаж анхны тусламж сурчихъя гэх бодол намайг хөтөлсөн билээ. Гэвч намайг сургалтад хамрагдмагц зорьсон санаснаасаа арай өөр зүйл хийх үүрэг хүлээж буйг ухаарав. Тэр бол өсвөр үеийнхэнд ХДХВ/ДОХ-ын талаар зөв мэдээлэл өгөх. Дархлал олдмолын хомсдол хийгээд хүний дархлал хомсдолын вирус гэгчийг ярихын тулд зайлшгүй бэлгийн боловсрол хөндөгдөнө. Яагаад гэвэл ДОХ-ын тохиолдлын талаас илүү нь хавьтлын үед халдсан байдаг. Нөгөөтэйгүүр, бэлгийн замын бусад халдварт өвчин туссан байгаа нь тэр хүний биед давхар эрсдэл дагуулдаг билээ. Нэгэнт бэлгийн амьдралын тухай ярихаас өөр гарцгүй тул ес, аравдугаар ангийн хэсэг хүүхэд бид эр, эм бэлэг эрхтэн хийгээд түүнтэй холбогдох зан үйлийг бүхэлд нь ойлгож мэддэг болов. Биднийг тэр үед сургагч багш хэмээн өргөмжилдөг байсан сан.

Сургагч багш нар зааж буй хичээлийнхээ талаарх бүх төрлийн асуултад хариу өгч чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж аливаа БЗХӨ-өөс сэргийлэх үйлсэд бодитоор хувь нэмрээ оруулна. Эс бөгөөс дуугүй байх хэрэгтэй. Бусдад буруу мэдээлэл, таамаглал хүргэж болохгүй. Нэгэн бодлын чухал хариуцлага юм.

Манай Улаан загалмай хорооны хувьд ахлах ангийн 10 орчим хүүхэд л сургагч багшаар тогтвортой ажилладаг, идэвхтэй байв. Бид сард юм уу хоёр долоо хоногтоо багт хуваагдан аймгийн төв Сүхбаатар сумын зургаан дунд сургуулиар хичээлээ заахаар явна. Мэдээж гол сэдэв ХДХВ/ДОХ боловч түүнтэй холбогдох өргөн хүрээний бэлгийн боловсролын мэдлэг, ойлголт, сургалтын материал тээж очдог. Очихоосоо өмнө сургуулийн нийгмийн ажилтанд найр тавин, зорилгоо танилцуулах бөгөөд тэр ажилтнууд ч дуртайяа хүлээн авч “Би энэ удаагийн сургалтад төчнөөн хүүхэд суулгаж чадна аа” хэмээн ам өгнө. Хэрэв тэд 20 хүүхэд суулгана гэсэн бол 15 нь ирсэн байх, 15 гэх юм бол 10 хүрэхгүй хүүхэд хичээлд суух нь бий. Мэдээж зарим тохиолдолд ирц давж, эрэгтэй голдуу найзууд хамтарч сургагч багш нарыг “унагах”, “улайлгах” зорилгоор сайн дураараа суудаг. Тэр болгонд бидний зорилго илүү өргөн хүрээ хамарч, амжилттай биелж байгаа тул сургагч багш баярлах нь тодорхой. Бидний хувьд хүүхдүүд битгий гараад явчихаасай л гэж бодохоос биш битгий үймүүлээд бай, гар гэхчлэн зандрахыг цээрлэнэ.

Энэ бүгдийн эцэст аймгийн төвийн бүх дунд сургуулийн тодорхой хэсэг нь дутуу хагас ч гэлээ ХДХВ/ДОХ яаж халддаг, бусад БЗХӨ-үүд ямар хөнөөлтэй хийгээд тэдгээрээс яаж урьдчилан сэргийлэх тухай мэдээд гардаг нь хичээлийн төгсгөлд явуулдаг асуулгаар нотлогддог байлаа. Миний хувьд сургагч багшаар ажиллаж, анхны тусламжийн тухай “А” ч үгүй оюутны ширээнд шилжсэн боловч үеийн олон хүүхдэд зөв мэдлэг, ойлголт, ядаж л бэлгэвч хэрэгтэй эд шүү гэдгийг ухааруулж чадсан гэж бодохоор баярладаг юм.

Олон улсад хүүхэд хүүхдэдээ багш нь хэмээх аргачлал олон янзын төсөл хөтөлбөрт хэрэгждэг байна. Ялангуяа гэр бүл, багш сурагч, мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр дэлгэрэнгүй авч хэлэлцээд байдаггүй тийм асуудлуудаар өсвөр үеийнхний өмнө тулгарсан бэрхшээлд үе тэнгийнхэн нь гарц, шийдэл хайж туслах нь үр дүнтэй. Тэр олон сэдвийн нэг нь яах аргагүй бэлгийн боловсрол юм.

Хүүхэд хүүхэддээ хичээл заах нь хэдийгээр сургагч багшаас зориг, ур чадвар, зарим тохиолдолд уран яриа, ухаан шаарддаг боловч баталгаатай үр дүнтэй гэдгийг хэлье. Үүнийг хэд хэдэн талаас нь авч үзэх боломжтой. Юун түрүүнд, сургуулиудад дутуу хагас ч атугай мэдлэгтэй болсон юм уу, төсөөлөл авсан хэдэн зуун хүүхэд үлдэж болох ч цэгцтэй, тодорхой, 100 хувь ойлгосон чанар үр дүн нь сургагч багш нар өөрсдөө. Тэд хэзээ ч тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, орлоо гэхэд бэлгэвчнээс татгалзахгүй. Эс бөгөөс эрсдэл нь юу байж болохыг мэддэг учраас тийм зүйл болохгүй юм. Цөөн  ч гэлээ баталгаатай үр дүн энэ. Дараагийн ээлжинд, үе тэнгийнхэн хоорондын зөрүү ялгаа бага учраас харилцан яриа илүү чөлөөтэй, үр өгөөжтэй болдог. Мэдээж модоор хийсэн эр бэлэг эрхтэнг хараад ичих зовох, биеэ барих хүүхэд олон таардаг боловч харьцангуй нээлттэй. Тодруулбал, биологийн багш нь хүүхдүүдэд зааж харуулах, аав юм уу ээж нь тэр талаар ярихад хүүхдэд ичмээр санагддаг нь нууц биш. Тэгвэл танихгүй, урьд нь таарч байгаагүй, үеийн хүүхэд түүнийг ярихад асуух, тодруулах, лавлах юм уу сонирхох зүйлээ ярих нь арай л дээр байдаг. Гурав дахь чухал зүйл бол санхүүгийн бололцоо. Эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнаар сурагчдад бэлгийн боловсрол олгох, зөв дадал хэвшил болон ойлголттой төлөвшүүлэхэд хамгийн их шаардлагатай зүйл бол цалин хөлс. Хөдөлмөрийн насны хүн хөдөлж, ажиллаж, хичээж л байгаа бол түүндээ цалин авах хуультай. Харин сайн дурынхан буюу сурагч, оюутан зэрэг сургагч багш нарт урамшууллын системээр харилцахад хялбар байдаг бөгөөд сургагч багш, сургалт зохион байгуулагч нэгжийн аль алинд нь хямд төсөр бөгөөд ашигтай. Эцэст нь, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцдаг нь өнөө цагт хэд билээ. Завгүй гэх нэг шалтгаан, завтай ч гэлээ сэтгэл зовох бас нэг шалтгаан, сэтгэл зовдоггүй юм гэхэд мэдэхгүйн мянган шалтгаан байдаг шүү дээ. Тэгвэл яаралтай тусламж, гарц, зөвлөмж эрсэн хүүхдүүдэд сургагч багш нар яваад очих боломжтой байдгаар зогсохгүй эрүүл мэндээ оройтоогүй дээр нь аврах боломж бүрдүүлж чаддаг. Сургагч багш нар ч нийгмийн идэвх, оролцоондоо өөртөө баярлаж явдаг биз.

Өсвөр үе. Бэлгийн бойжилтын насандаа хүрчихсэн, үерхэл шохоорхлын ид халуун гал дээр буцалж яваа, нэг нэгнээ зүүдэлж, мөрөөдөж, нууцаар ажиж, харц тулгарч, балмагдах хэрнээ баярладаг ийм л насандаа хүүхдүүд буруу алхчихаад байна. Энэ буруу алхам нь тэд юу руу, яагаад, яаж явж байгаагаа огт мэдэхгүйтэй холбоотой. Юу ч мэдэхгүй хүн зөв зүйтэйг олж чадахгүй учраас ихэнхдээ алдаан дээр бууна. Хичээлийн танхимаас хөндийрч хүний нийгэмд хөл тавьдагийн даваан дээр хүүхэд төрүүлж, хүмүүст хэлэхээс ичмээр өвчин тусч дотогшоо нурж яваа хэдэн охин Монголд бий вэ. Яг ингэж хэлэх зуур бидний өмнө хэн нэгэн хүүхэдтэй-хүүхэд үзэгдэх шиг болж байвал сэрэх цаг болсны дохио шүү.

Өсвөр үеийнхэн бэлгийн боловсролтой болж, зөв зүйтэй алхам сонгож сурахад юу хамгийн их ач холбогдолтой вэ гэвэл мэдлэг. Тэр мэдлэгийг олгох шалгарсан аргуудаас хамгийн өнөөгийн Монголд хамгийн хялбар нь сургагч багш нар бэлтгэх явдал мөнөөс мөн. Үүнийг Улаан загалмайн ДОХ-оос сэргийлэх сургагч багш байсны хувьд батлан хэлье.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top