“Шинэчлэл”-ээс “Шийдэл”-ийн Засгийн газарт

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Монгол Улсын Засгийн газар гэсэн нэг л институци энэ удаад их олон тодотгол чимэг зүүх янзтай.  Н.Алтанхуяг өөрийн тэргүүлсэн танхимдаа  “Шинэчлэл”-ийн Засгийн газар гэсэн тодотгол зүүсэн.  Одоо шинээр байгуулагдах Засгийн газар  бүр ч олон чимэгтэйгээр яригдаж байна.  Мэргэжлийн л гэнэ, менежменттэй ч гэх шиг.  Эрх баригчдын зарим нэг нь  “Аврал”-ын  гэсэн нэр хайрлаад байгаа бол  “Эвлэрэл”-ийн гэж нэрлэх хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй байна.  Харин хамгийн сүүлд яригдаж байгаа хувилбараар бол “Шийдэл”-ийн гээд нэрлэчихсэн байна билээ.  Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар маань “Шийдэл”-ийн болж өнгө хувирах бололтой.  

Ч.Сайханбилэг  танхимаа УИХ-д суудалтай бусад намуудтай хамтран байгуулах  хүсэлтээ илэрхийлж санал хүргүүлээд байгаа. Засагт  хамтрах нь хуримтлагдсан олон асуудлыг  шийдвэрлэх,  танхимаа тараачихалгүй дараагийн сонгуультай золгох боломж  гэж тооцож байгаа юм. “Шийдэл”-ийн гэж тодотгох шалтгаан  энэ болсон байх.

Өнөөдөр МАН-ынхан бага хурлаа хийж хамтрах эсэхээ ярилцана. Тэндээс гарах шийдвэр Засгийн газрын цол чимэгт  нөлөөлж таарах байх. Бас давхар, дан дээлийн асуудал  дагалдаж  байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нар 2016 оны сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлах ёстой” гэсэн санаа хэлсэн. Энэ ч бас эдүгээгийн Засгийн газрын гишүүдийн нэг шалгуур эсвэл тээг болж мэднэ. 

Ийн хүмүүсийн ярьдагаар айлын ганц тором  гэдэг шиг одоогоор тоочиход төвөгшөөмөөр олон хаяг шошго  зүүчихээд байгаа Засгийн газар маань өнөө хэр төвхнөж амжаагүй байна.  Үнэхээр хэрхэн яаж нэрлэснээр ажил хэрэг урагшилдаг бол ч сайхан л байна.  Өмнөх Засгийн газарт “Шинэчлэл”-ийн гэсэн малгай нь томдсон уу яасан, улаан нүүрээрээ тулчихаад байгаа эдийн засгийн хямралыг  харж чадаагүйгээс  огцорсон. 

Гүйцэтгэх засаглалын энэ институци гол нь нэрэндээ бус  Монгол орны хөгжлийн ямар гарц олж, зорилгодоо хэрхэн хүрэв гэдэгт л мөн чанар нь орших  учиртай. Энэ шалгуурт хамгийн дөхөж очих нэршил нь менежментийн эсвэл  мэргэжлийн  Засгийн газар байж болмоор.  Засгийн газар нь гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд  санаагаар болдогсон бол маш сайн менежер баймаар байгаа юм.  Монголд ямар эдийн засгийн бэлээхэн бааз суурь байхгүй гэх биш. Байгалийн асар их баялаг, 50  сая шахам мал, газар тариалангийн  өргөн уудам бүс нутаг, хаяа нийлсэн хоёр том зах зээл, Ази Европыг  холбосон газар зүйн таатай байршил, хүн амын жигд  боловсрол гээд  чамлахаас чанга атгах дүүрэн боломж байна. 

 

Байгалийн асар их баялаг, 50  сая шахам мал, тариалангийн  өргөн уудам бүс нутаг, хаяа нийлсэн хоёр том зах зээл, Ази Европыг  холбосон газар зүйн таатай байршил, хүн амын жигд  боловсрол гээд  чамлахаас чанга атгах дүүрэн боломж байна.

 

Мэргэжлийн  Засгийн газар гэсэн хэллэг шинээр дуулдах болсон.  Бидэнд шинэ боловч Финлянд, Израил  зэрэг улс мэргэжлийн Засгийн газар байгуулж улс төр, эдийн засгийн хямралаасаа богино хугацаанд гарч байсан урьдын туршлага байгаа гэсэн.  Ерөнхийдөө бол улс төрөөс ангид мэргэжлийнхнээс бүрдсэн дундын Засгийн  газар байгуулахыг ийн нэрлэдэг бололтой юм. Мэргэжлийн Засгийн газар гэх үг хэллэгийг анхлан дуулгасан нийтлэлч Баабар энэ тухай “Хямралаас гарах үндэсний эвлэрэл зөвшлийг буй болгоод Засгийн газрыг хөндлөнгийн мэргэжлийнхний гарт түр хүлээлгэн өгөх энэ арга л өнөөгийн манай нийгэм улс төр эдийн засгийн хямралтай үед хамгийн сайн эм болох болов уу гэж санагдана” хэмээн онцолсон байсан.  Эндээс анзаарвал хямралаас гарах эхний алхам нь эеэ хичээж, эвээ нэгтгэх явдал аж.

Тэгэхээр Ч.Сайханбилэгийн намууддаа хадаг барьж танхимдаа уриад байгаагийн учир жанцан энэ эвлэрэлийг  эхний ээлжинд улс төрд авчрах гэсэн санаа сэдэл биз. Харин тэр улс төрөөс ангид хөндлөнгийн мэргэжлийнхний гарт Засгийн газрыг хүлээлгэн өгөх тухайд бол бодолтгүй биз ээ. Учир нь сайдын суудал авахгүйгээр, албан тушаалын угжнаас хөхөхгүйгээр манай нам бүлгийнхэн эвсэнэ, эвлэлдэнэ гэдэг мянгуужин биз ээ. Намууд хамтрах гол шалгуур нь албан тушаал бөгөөд тэгж сайдын суудлаа сайн дураар мэргэжлийнхэнд түр ч болов өгөх эр зоригтон манай улс төрчдөөс гарахгүй л болов уу. 

Санаагаар болдогсон бол мэргэжлийн Засгийн газар байгуулаад үзэхэд юуны буруу гэж. Улс төржөөд байхгүй, нам бүлгээ гэхгүй зөвхөн эдийн засгаа л “нухна”.  

Шинэчлэл, Шийдэл  хоёр маань яваандаа  еэвэнгийн хоёр тал битгий болчихоосой доо.  

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top