Найруулагч Б.Анар: ”Icetop” хамтлагийн дуучин талийгаач Хаагий, кинонд маань тоглох гэж байсан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

“Скин” энтертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийж байна.  Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид тус бүтээлд дүр бүтээж байгаа гэдгээрээ онцлог болсон тус киноны найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч Б.Анар ажиллажээ. Ингээд түүнтэй шинэхэн уран бүтээлийнх нь тухай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

 Кино тань нээлтээ хийх гэж байна. Та хэр сэтгэл хангалуун байна?

Мэдээж маш их догдолж байна. Сэтгэл өндөр байна. Удаан бодож төлөвлөж, хийсэн бүтээл маань үзэгчдэд хүрч байна.

 Кино урлагт хичнээн жил ажиллаж байна. Өмнө нь ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байв?

Бүрэн хэмжээний УСК гэвэл “7-р сарын 1” гэж киног найруулж байсан. Кино урлагт бол 12 дахь жилдээ ажиллаж байна. Баримтат кино, реклам, клип гээд төрөл бүрт хүч сорьсон. “Зүрх зогсохгүй” кино маань УСК-ы хувьд хоёр дахь уран бүтээл минь.

“Зүрх зогсохгүй” киноныхоо нэрний тухай. Яагаад ийм нэр өгөх болов?

Хүн төрөлхтний, тэр тусмаа Монгол хүний зүрх зогсвол улс орон нь үгүй болно. Тэгэхээр эх орон, хайр дурлал, нөхөрлөлийн төлөө “зүрх зогсохгүй” гэдэг утгаар энэ нэрийг өгсөн.

Зохиолын санаа анх яаж төрөв. Төрөл жанрын хувьд?

Их сонин тохиолдол л доо. Манай киноны үйл ажиллагаа эхлээд 9 сар болж байна. Анх 3-р сарын 22-нд байхаа. Бидэнд өөр киноны санаа байсан л даа. Тэгээд одоо манай кинонд тоглож байгаа жүжигчин Б.Батцэрэнд кинонд тоглох санал тавьсан. Харин Б.Батцэрэн маань зөрүүлээд бидэнд өөр киноны санал тавьснаар анх киноныхоо зохиолын эх хувийг гаргасан. Залуусаа уриалсан, чин сэтгэлийг илэрхийлсэн кино хийх нь бидний гол зорилго байсан. Ингэж л бид ярилцаж киноныхоо санааг баяжуулсан. Зохиолчоор нь Пүрэвмаа маань ажилласан. Төрөл жанрын хувьд адал явдал, action кино байгаа.

Дүрийн сонголтоо хэрхэн хийв. Хип хоп хамтлагийн уран бүтээлчид дүр бүтээсэн байсан?

Зөвхөн дүр сонголт гэлтгүй, зураг авалтын багийг ч мөн адил бид нарийн сонгож авсан. Цэрэгжилтийн хэсэг нийлээдгүй бий. Тиймээс хувь хүний зан харектерийг, цэрэгт алба хааж байсан зэргийг харгалзаж үзсэн. Зураглаач маань бас цэргийн алба хаасан учраас ажиллахад дөхөм байсан. Бид “7 сарын 1” кинонд бас хамтарч ажилласан. Хип хопчидын хувьд тэдний зан араншинг аль хэсэгт яаж шигтгэх боломж байна гэдэг талаас нь харж байгаа. Icetop хамтлагаас С.Чулуунбаяр, Outlаw хамтлагаас Ариукаг гол дүрд сонгон хамтарч ажилласан. Энд дурьдаж хэлэхэд Icetop хамтлагийн дуучин талийгаач Хаагий маань тоглох гэж байсан. Ахмадын дүрд тоглохоор төлөвлөгдсөн байсан боловч харамсалтай юм болсон.

Зураг авалт хаана хийгдсэн бэ?

Сэлэнгэ аймгийн 0243-р ангид зураг авалт хийгдсэн. Мөн тэрнээс цаашаа 1-р застав гээд Орос Монголын хилийн зааг дээр зураг авалтууд явагдсан. Нийслэлээс ойролцоогоор 800 км зайтай байсан.

Танай киноны онцлог?

Манай кино ахуй талдаа л даа. Их ч орсон байгаа. Хүмүүсийн яриа, зан араншин гээд л хиймэл, бодит бус зүйл байхгүй. Аль болох бодит байлгахыг хичээсэн. Нэг утгаараа алдаж оносон хүн бүрийг хорих биш, цэргийн албаар хүмүүжүүлэх өөр нэг арга байна гэсэн санааг гаргахыг хичээсэн.

Сүүлийн үед залуучууд цэргийн алба хаах нь ховордсон. Тэгвэл танай киног үзсэнээр цэргийн албын сайныг залуучуудад түгээж, цэрэгт татагдах санаа сэдлийг төрүүлнэ гэж ойлгож болох уу?

Чиний хэлдэг зөв л дөө. Киног бол зүгээр л хотод, өглөө гараад орой ирээд л хийчихгүй. Эхлээд бид цэргийн анги дээр судалгааны багаа ажиллуулсан. Судалгааны багт найруулагч, зохиолын санаачлагч, зураглаачид багтсан байгаа. Тэд цэргийн ангид байрлаж, тэдний хийж байгаа үйл явдлыг хамтарч хйиж, цэргүүдтэй ярилцаж, тэднийг судалж, хамтарч байж, дараа нь киногоо яаж хийх вэ? ямар кино хийх вэ? гэж ухаж ойлгосон байгаа. Тиймээс бид бүх зүйлээ бодит байлгахыг зорьсон.

Киноны нээлт яагаад хойшлогдов. 11-р сарын 25-нд нээлтээ хийнэ гэж байсан?

Бид киноныхоо хөгжмийн зохиол дээр нилээд анхаарал тавьсан. Тэгээд кино маань өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Өргөө, Тэнгис, Соёмбо дээр кино маань өнөөдрөөс эхлэн гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top