Бэрхшээлийн цаана боломж байдгийг тэргэнцэртэй сайхан бүсгүйчүүд харуулж чадлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

… Сайн байцгаана уу? Эрхэмсэг ноёд хатагтай нараа... Энэ тэмцээн бусад арга хэмжээ тэмцээнүүдийн адил эхлээгүй юм. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн 14 үзэсгэлэнт бүсгүйн уяхан, гуалиг бүжгээр эхэллээ. Хэдий тэд тэргэнцэртэй гэх тодотголыг дагуулдаг ч тэнд цугларсан олны сэтгэлийг хөдөлгөж, нүдийг баясгах бүжгийг үзүүлж чадсан. Хоёр дахь  жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь хоёр хэсгээс бүрдэж байгаагаараа онцлог болж байгаа гэдгийг хөтлөгч Г.Ганхүү тэмцээний эхэнд хэлж байсан юм. “Бриллиант” эмэгтэйчүүдийн төв, “Бид чадна” ТББ зохион байгуулж, тэмцээнд оролцогч 14 бүсгүйн гоёмсог хувцсыг ИЗИС-ийн дэргэдэх Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд урлан бүтээжээ.

Цасан цагаан тайзан дээр өнгө өнгөөр гялалзах гэрлийн дор цагаан даашинзаар хосолсон 14 бүсгүйн бүжиг тэнд цугларсан олны сэтгэлийг сэргээж чадсан нь тэдний нижгэнэсэн алга ташилтаас мэдрэгдэж байлаа. Тэмцээний эхний хэсэг хувцас загварын шоу байсан бөгөөд оролцогчид өөрийн гоо үзэмжиндээ тохируулан өмссөн даашинз хийгээд үндэсний хувцасний үзүүлбэрийг үзүүлсэн юм. Бүгд л өөр өөрийн дотоод гоо үзэмжийг илэрхийлсэн үндэсний хувцас өмсөн, тайзан дээр түүнийгээ амилуулж, үзэгчдэд хүргэж байгаа нь гайхалтай харагдаж байлаа. Харин сайхан бүсгүй шалгаруулах хоёр дахь хэсэг эхлэхэд үзэсгэлэнт бүсгүйчүүд өдөр тутмын даашинзаар гоёсон байлаа. Энэ хэсэгт тэдний гол анхаарах зүйл нь өөрийгөө илэрхийлэх байсан тул багагүй хичээл зүтгэл гаргацгаасан. Тэр нь ч тэдний үйл хөдлөл, инээмсэглэлээс нь харагдаж байлаа. Улаанбаатар төдийгүй Завхан, Архангай гээд орон нутгаас ч мөн үзэсгэлэнт бүсгүйчүүд ирж оролцсон нь энэхүү тэмцээний цар хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харуулж байгаа болов уу.

Тэмцээний хамгийн сүүлчийн шалгаруулалт. Энэ бол асуулт хариултын тэмцээн. Шүүгч нарын зүгээс бэлдсэн асуултыг оролцогч бүсгүйчүүд сугалж хариулах ёстой билээ. Хоёр хөтлөгчийн зүгээс оролцогчдыг дөрөв дөрвөөрөө гарч  ирэн асуултаа сугалахыг санал болгосон. Түүний дагуу оролцогч бүсгүйчүүд дөрөв дөрвөөрөө ээлж дараалан гарч асуултандаа хариуллаа. Чиний хамгийн жаргалтай мөч хэзээ байсан вэ, хэнд хамгийн их баярлаж явдаг вэ, гудманд явж байхад тань руу харж байгаа хүмүүст юу гэж хэлмээр санагддаг вэ гэх мэтчилэн энгийн асуултуудыг шүүгч нар бэлдсэн байлаа. Харин энэ асуултын хариултанд бүсгүйчүүд үнэхээр гайхалтай хариулж байсан юм. Жишээ нь, Чиний хамгийн аз жаргалтай мөч хэзээ байсан бэ гэх асуултад эгэл жирийн бид аав ээжтэйгээ хамт байсан мөч, хүүхэд насанд тоглож өнгөрүүлсэн мөч гэх мэтчилэн энгийнээр хариулах байсан болов уу. Харин энэхүү асуултыг сугалсан бүсгүй “Миний хамгийн жаргалтай мөч бол хагалгаанд ороод гарч ирж алтан нарыг харах л байсан” хэмээн хариулсан нь тэнд цугларсан олны нулимсыг дуслуулж байсан юм. Мөн гудамжинд таарах хүмүүс тань руу янз бүрийн харцаар хардаг байх, тэдэнд хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ? Энэ асуултыг сугалсан бүсгүй “Тиймээ, гудамжинд тааралдсан хүмүүс зарим нь жигшсэн, зарим нь өрөвдсөн харцаар хардаг. Би тэдэн рүү хараад зүгээр л инээхийг хүсдэг” гэж хариулсан. Энэ мэтчилэн олон энгийн асуултын хариултад тэд гайхалтайгаар хариулж дуусахад шүүгч нарт хүндхэн даалгавар оногдсон нь энэ наадмын тэргүүн гоо бүсгүйг шалгаруулах байлаа. Шүүгчийн бүрэлдэхүүнд зохион байгуулж буй “Бриллиант” эмэгтэйчүүдийн төв, “Бид чадна” ТББ-аас төлөөлөлүүд байсны дээр МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал багтаж байсан юм. Наадам хэсэг завсарласны дараа шүүгч нар ялагчийг зарлах торгон мөч ирсэн юм. Бүгд л сэтгэл догдлон хүлээсэн мөч ирж анхааралтайгаар хөтлөгчийн яриаг чагнан сууна. Шүүгчийн төлөөлөл сэтгүүлч Г.Зогжаргалд ялагчийг зарлах эрхэм хүндтэй үүрэг ноогдсон юм. Тайзан дээр эгнэн гарч ирсэн сайхан бүсгүйчүүд ч үзэгчдийн адил догдолж байсан нь мэдээж. Ингээд удаан хүлээлгэсэн мөч ирж тэд ялагч болоод шагнал хүртсэн бүсгүйчүүдийг тодруулсан юм. Хамгийн эхэнд “Авьяаслаг сайхан бүсгүй” номинацид 05 хувийн дугаартай Ч.Тунгалагтуяа гэх бүсгүй шалгарсан бол хоёр дахь номинаци болох “Төгс инээмсэглэлтэй сайхан бүсгүй” номинацийн эзнээр 12 хувийн дугаартай оролцсон Б.Нарантунгалаг шалгарсан юм. Харин сүүлийн номинаци бол “Оюунлаг сайхан бүсгүй” номинаци байсан. Энэхүү номинацийн эзнээр 08 хувийн дугаартай Б.Батчимэг шалгарсан юм. Түүнд ИХИ-аас өөрийн дуртай мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан нь сэтгэлийн дэм, цаашид идэвхитэй амьдрах нэг шалтгаан нь болж өгсөн болов уу. Ингээд энэ үдшийн мөнгөн титмийн эзэн, мөн Итали улсад 18 хоног аялах эрхийн бичгийн эзнээр 06 хувийн дугаартай Цолмон тодорсон юм.

Ингээд шагнал хүртсэн бүсгүйчүүдийн сэтгэгдлийг хүргье.

Ч.Тунгалагтуяа: “Үнэхээр их баярлаж байна. Тэмцээнд бэлдэж байхдаа хамт байсан 13 бүсгүйгээ тулгарч байсан бэрхшээлийг яаж давж байсныг хараад үнэхээр их бахархаж байсан шүү гэж хэлмээр байна”.

Б.Нарантунгалаг: “Баярлалаа. Би энэ тэмцээнд шагнал горьдож ороогүй. Өөрийнхөө оролцоог бусдад харуулъя, хүргэе гэж бодож орсон. Иймээс энэхүү тэмцээнийг харсан, үзсэн хүн бүхэн гудамжаар яваа тэргэнцэртэй хүнийг өргөөд аваарай гэж хэлмээр байна”.

Б.Батчимэг: “Маш их баярлалаа. Эмэгтэй хүнийг чимдэг гол зүйл бол оюун ухаан, зүрх сэтгэл гэдэгт би итгэдэг. Би суралцах үнэхээр их дуртай. Намайг ийм сайхан эрхийн бичгээр шагнасанд баш их баярлаж байна. Охидуудаа оюун ухаантай, мэдлэгтэй, чадалтай байж хүчирхэг эмэгтэйчүүд болцгооё. Бид чадна”

Д.Цолмон: “Юуны өмнө энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн хамт оролцсон 13 бүсгүйдээ баярлалаа. Та нар бүгд үзэсгэлэнтэй, та нар бүгд гоо сайхан бүсгүйчүүд шүү. Миний энэ авсан шагнал ганцхан минийх биш, бид бүгдийн хүчин чармайлт байсан шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэндээ маш их баярлалаа”.

Тэмцээний үеэр “3 охин” хамтлаг, дуучин Т.Амина, “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга, “Voice” хамтлагийн дуучин С.Баттулга зэрэг дуучид ирж ая дуугаа өргөсний зэрэгцээ ИЗИС-ийн оюутан уран нугаралтийн үзүүлбэр үзүүлсэн тэмцээний чимэг болж байлаа.

Арга хэмжээ өндөрлөх үеэр бид тэмцээний шүүгч сэтгүүлч Г.Золжаргалтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

-Өнөөдрийн энэ арга хэмжээний талаарх таны сэтгэгдэлийг сонсмоор байна?

-Өмнө нь олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр эдгээр бэрхшээлтэй иргэд цуглараад, бэрхшээл зовлонгоо л ярьдаг байлаа. Миний мэдэхийн арваад жил тиймэрхүү байдалтай байдаг байсан. Харин сүүлийн хоёр жил энэ өдрийг хийж бүтээсэн амжилтаар нь хүмүүст баяр бахархал төрүүлсэн арга хэмжээнүүдийг зохиодог болсон байна. Энэ нь юм өөрчлөгдөж байна гэсэн үг л дээ. Өнөөдрийн энэ сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд 14 сайхан бүсгүй оролцож Цолмон гэдэг сайхан бүсгүй түрүүллээ.

-Шалгаруулалтыг хэрхэн шүүсэн бэ. Хүндрэл хэр гарч байв?

-Шалгаруулалтын тухайд мэдээж хэрэг хувцаслалт, асуултанд хариулж байгаа хариулт гэдэг зүйлсийг харсан. Түүн дээр нэмээд өөрийн ая маягийг хэрхэн үзүүлж байгааг бас харж шалгаруулсан байгаа. Манай бүсгүйчүүдийн хүмүүжил, ёс уламжлалаа дээдлэх мэдлэг чадвар, ухаалаг, сэргэлэн байдлаар асуултанд хариулж байсан нь бахархмаар санагдаж байсан.  Хүндрэлийн хувьд тийм их байгаагүй. Бүгд жигдхэн сайн байсан нь хүндрэл байсан болов уу. Гэхдээ яахав хэн нэгэн заавал түрүүлэх ёстой учраас бид ярилцаж байгаад ямар ч байсан тодрууллаа. Их сайхан тэмцээн болж өндрөллөө.

-Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан гол зорилго нь юу байв?

-Энд оролцоогүй ч тэргэнцэр дээр сууж байгаа зөндөө олон сайхан бүсгүйчүүд байгаа. Тэрийг бид мэднэ. Тэдэнд амьдралд гутралгүй, сэтгэлээр уналгүй тэмүүлж чадвал, бусдын адил ямар ч бэрхшээлгүйгээр бүтээж чаддаг юм байна гэдгийг харуулахыг зорилоо. Харуулж чадлаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа “Бриллиант” төв, ИЗИС, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоодод зөв, нүдээ олсон ажил хийж чадлаа гэдгийг хэлмээр байна. Мөн тэдэнд баярлалаа гэдгийг хэлэх зүйтэй болов уу. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэрхшээлийн цаана ямагт боломж байдгийг л ойлгоосой, тэмцээсэй гэдгийг хэлмээр байна.

Ийнхүү ялагч тодорсоноор энэ удаагийн тэмцээн өндөрлөсөн юм. Тэд нүдэндээ нулимстай ч нүүрэндээ инээд тодруулсаар тарж одсон. Тэдний чин хүсэл “бид бүгдийн л адил хүмүүс. Биднийг битгий “өөр” нүдээр хараач” гэсэн үгэнд багтаж байгаа нь тэмцээнд үг хэлсэн хүн бүрийн үгнээс мэдрэгдэж байсан юм.

Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pee(202.131.225.197) 2014 оны 12 сарын 15

ene mash zuv, burmaar tetgeheer urmaar tetge, ene ulsuud huneer uruvduuleh durgui, hiiye buteeye gej yavdag humuus baidag, ter setgeliin demjeed uguh heregtei, eruul hunees ch iluu hiiye buteeye gesen setgeltei zorigtoi baidag shuu manaikhan

0  |  0
Eej(113.88.38.239) 2014 оны 12 сарын 13

Saihan busguichuuddee uram zorng,itgel hairlasan saihan arga hemjee zohion baiguulsan,sanaachilsan humuust talarhay!Mongolchuud iim l baih yostoi.Sain uils delgereh boltugai.Saihan ohiddoo eruul enkhiig eruue! Goyo baina.Urmaar neg negnee demjitsgee-e! Ta nar chadlaa. Amjilt!

0  |  0
Zochin(182.160.3.120) 2014 оны 12 сарын 09

Mundag umaa. Bayar hurgie

0  |  0
Зоригоо(103.242.47.86) 2014 оны 12 сарын 09

Энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст баяралалаа. Оролцсон гоо бүсгүйчүүдээрээ бахархлаа. Энэ арга хэмжээний тухай сайхан, гэгээлэг мэдээлэл бэлдсэн сэтгүүлч Ж.ТЭРГЭЛ-дээ тун ч их баярлалаа. Ийм гэгээлэг юм уншихаар урам ороод, дотор сайхан болоод ирлээ.

0  |  0
shorootyn Zeveen(203.194.118.27) 2014 оны 12 сарын 08

Saikhan arga khemjee zokhion baiguulsan bna bayar hurgeje

0  |  0
n(112.72.13.113) 2014 оны 12 сарын 07

saixan hvvhnvvd bn

0  |  0
LIGHT(112.72.11.119) 2014 оны 12 сарын 07

бүгдэд нь амжилт, та нар чадна аа. би өөрийгөө та нартай харьцуулаад ичиж байна. та нар надад амьдралд тэмүүлэх, өөртөө итгэлтэй байх эрч хүч, эр зоригийг өглөө. маш их баярлалаа. над шиг олон олон хүнд эрч хүчийг хайрлаж чадсан гэдэгт итгэлтэй байна. энэ чинь л та нарыг чадаж байгааг харуулж байна. бүгдээрээ зорьсон зорилгоо биелүүлж аз жаргалтай амьдраарай. аз жаргалтай амьдарна гэдэг нь зөвхөн өөрөө сайхан амьдрахыг хэлдэггүй юм. харин бусдад ямагт өгч чаддаг, түгээж чаддаг тэр хүн аз жаргалтай байдаг билээ.

0  |  0
Зочин(203.194.116.10) 2014 оны 12 сарын 06

Та нар өөрсдөддөө тохиолдсон хүнд бэрхшээлийг туулж, сэтгэлийн асар их хаттай байж чадсан ухаалаг сайхан бүсгүйчүүд шүү. Та нараар бахархаж байна.

0  |  0
иргэн(202.21.106.167) 2014 оны 12 сарын 06

та нар чадсан шүү,мундаг зоригтой сэтгэлийн тэнхээтэй та бүгдэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

0  |  0
zochin (103.229.123.41) 2014 оны 12 сарын 04

huurhun huurhun ohiduud bna bugded ni amjilt husie

0  |  0
Zochin(182.160.34.77) 2014 оны 12 сарын 04

Saihan busgyuchuuddee bugded ni amjilt

0  |  0
Top