Дэд сайдын суудал горилогсдын хэн нь хэн бэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч байсан танхимаа бүрдүүлээд авлаа. Гэхдээ томилгоо үүгээр дуусаагүй. Засгийн газрын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал яригдаж эхлэх учиртай. Дэд сайдуудын хувьд сөөлжүүлсэн байдлаар томилох саналыг эрх баригчид гаргасан боловч МАН-ынхан хариуцсан яам тус бүртээ өөрийн хүнээ томилох нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Тэгвэл хэвлэлээр Ардчилсан намаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нарыг дэд сайдад яригдаж байгаа гэж мэдээллээд хэд хонож байна. Мөн хамгийн сүүлийн мэдээгээр дээрх эрхмүүд дээр нэмэгдэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, “Глобаль удирдагч” сангийн тэргүүн Б.Отгонбат, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Даваацэрэн нарын нэр сонсогдож байна. Түүнчлэн Уул уурхайн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид томилогдсон учир дэд сайд О.Эрдэнэбулган хуучин албандаа үлдэх бол С.Эрдэнэ сайдын яамны дэд сайд Э.Тамир ч мөн үлдэнэ гэсэн яриа гарч байна.

Харин МАХН энэ удаад өмнөх Засгийн газрын үед байсан дэд сайдуудаа хэвээр үлдээвэл нэмэлтээр Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн дэд сайдаар оруулж ирэх аж. Хэрэв өмнөх Засгийн газарт байсан сайдуудаа өөрчлөхөөр бол тус намын Нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Дугаржав нар дэд сайдаар томилогдож магадгүй гэнэ.  

Тиймээс бид энэ удаа АН-аас дэд сайдад нэр нь яригдаж байгаа эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг онцоллоо.

 ШӨХТГ-ын дарга О.Магнайд найз Ж.Батзандан нь найр тавьж байгаа юу

-“Гудамжны жагсагч” гэсэн тодотголтой байсан энэ залуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг тэргүүлэх болсноор Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрын хамгийн сайн ажилласан хүнээр нэрлэгдэх болсон. Цагаан хоолой барьсан залуу агентлагийн дарга болох хэмжээнд хүртлээ дардан замыг туулаагүй. Баригдаж, хоригдож, өлсгөлөн зарлаж тэмцэж явсаар энэ суудалд хүрсэн гэж болно. Харин одоо дэд сайдад нэр дэвшихээр болж байх шиг. ШӨХТГ-ыг толгойлж байхдаа чамгүй сайн ажиллаж иргэдээс өндөр үнэлгээ авсан түүнийг дэд сайд болох чадалтай гэж дүгнэх нэг хэсэг байхад одоогийн энэ ажлаа л сайн хийгээд явж байх хэрэгтэй байна гэх хэсэг ч байна.

Тэрээр 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 онд Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний зохицуулагч, 2007 оноос ИЗНН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. 2008 оноос Иргэний хөдөлгөөний намын дэд даргын албыг хашсан. Мөн ондоо УИХ-д нэр дэвшиж, сонгуулийн дараагаар олон нийтийг жагсаалд уриалан дуудсан хэргээр “хэцүү нэрт”-д морилсон түүхтэй. Дараа нь Ардчилсан намд элсэж, тус намын ҮЗХ-ны гишүүн болсон. Улмаар 2012 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Харин одоо түүнийг дэд сайдад нэр дэвшиж байгааг УИХ-ын гишүүн Батзандан найз нь түүнд найр тавьж байна гэх хардлага ч дагаж байгаа юм.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинд туршлага бий

Түүний хувьд салбартаа газрын даргын алба хашиж байсан учир туршлага дутна гэж үгүй. Нөгөө талаар Б.Баттүвшин нь УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү учраас аавын нөлөөлөл ч энэ томилгоонд байж таарна гэх хардлага явж байна. Тэрээр бас аавынхаа чихийг чамгүй халууцуулж явсан удаатай. Өнгөрсөн онд “Пийсбридж” зочид буудалд хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосон 10 хүнийг баривчлахад нэг нь түүнийг байсан гэдэг. Гэвч тэрээр ямар нэгэн ял шийтгэл амсаагүй. Түүний хувьд 2001-2003 онд Голомт банкинд мэргэжилтэн, газрын дарга, 2003-2005 онд “Эрдэнэт булган” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Алтай голд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2009 оноос “Хөх тэнгэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, энэ оноос Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байгаа юм.

 Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Уул уурхайн дэд сайд болохыг үгүйсгэх аргагүй

Түүнийг Монгол Улсад цөмийн гэх ойлголтыг бий болгож энэ чиглэлд дотоод гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Нөгөө талаар Н.Тэгшбаярын удирдаж байгаа Цөмийн энергийн газрыг татан буулгахаар болж буй учир ураны асуудал Уул уурхайн яаманд харьяалагдах байх. Тиймээс энэ чиглэлд туршлага сууж ажилласан Н.Тэгшбаярыг энэ яамны дэд сайдад дэвшүүлэхэд болохгүй зүйлгүй. Учир нь хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг түүнтэй дүйх албан тушаалыг санал болгодог учраас түүнд Уул уурхайн дэд сайд болох магадлал өндөр байгаа юм.

Тэрээр 2010 оноос “Мон-Атом” төрийн өмчит компанийн дэд захирлаар ажиллаж байгаад Цөмийн энергийн газрын даргаар томилогдсон юм. Харин “Босоо загал” компанийг байгуулж, удирдаж явсан түүнийг бизнест ханилгаа муутай гэдэг юм билээ. Тэрээр одоо Цөмийн энергийн газрыг татан буулгаж байгааг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “намайг явуулахын тулд бүхэл бүтэн газрыг үгүй хийж болохгүй” гэж мэдэгдээд авсан билээ.

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарт төрийн ажлын туршлага үгүй

-Түүний хувьд өнгөрөгч 2012 оны сонгуульд Хэнтий аймагт зодоглоод өвдөг шороодсон. Н.Алтанхуягийн албан бус зөвлөхөөр ажиллаж байсан бизнесмэн нөхөр. Намдаа боломжийн хандив өргөсөн энэ залууд төрийн ажлын дадлага туршлага тааруухан. Түүний намтар түүхэнд ч тодорхойгүй зүйл олон. Хар ажил хийж яваад Япон улсыг зорьсон гэдэг. Тэнд метроны буудал дээр морин хуур тоглож, дуулан мөнгө олдог байсан тухай хэвлэлүүдээр бичсэн байдаг. Японд сургууль төгссөн гэх нь бий. Тэрээр өөрийгөө Хэнтий аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийг төгссөн гэдэг ч төгссөнийг нь батлах зүйл сонгуулийн үеэр л лав олдоогүй. Харин түүнийг “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван улстөрд хөтөлж оруулж ирсэн гэдэг юм билээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь сайдын суудалд суух эрхтэй

-Түүнийг намынхан нь ямар ч байсан сайдын суудалд суух эрхтэй хүн гэж үзэж байгаа бололтой. “Шийдлийн” гэх тодотгол зүүгээд байгаа шинэ Засгийн газрын танхимын гишүүдийн нэрс яригдаж эхлэхэд түүний нэр тэр дунд байлаа. Одоо дэд сайдад яригдаж байна. Тэрээр уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Дуулиант “Зууны луйвар” нэвтрүүлэг, “Хэцүү анги”, “Тусгай салаа”, олон ангит кино, “ХХ зуун-100 жил” ТВ төсөл, “Энэ өдөр Монголын түүхнээ” нэвтрүүлгийн эх баригч. Улмаар Америкт боловсрол дээшлүүлж ирсэн тэрээр Намын нарийн бичгийн даргын суудалд суусан анхны эмэгтэй болсон түүхтэй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gai(183.81.169.22) 2014 оны 12 сарын 11

Tegshbayar gdg nuhur boliyo. Bolovson huchin muutai ni ingeel medegdeed bgan. Businesst hanilgaagui ni yag unen. Viz l gargadag huuli bus yum hiudeg bsan nuhur shde. Odo l darga marga ch geh shig icheesei

0  |  0
Ард(103.229.121.47) 2014 оны 12 сарын 11

Оюундариас бусад нь дэд сайд болох гавъяагуй битгий мороодож тэнэгтээ

0  |  0
иргэн(202.21.106.123) 2014 оны 12 сарын 11

Албан тушаалд горилогсод биш горьдогчид гэмээр юмдаа

0  |  0
ммм(182.160.39.249) 2014 оны 12 сарын 11

Цөмийн энергийн газар одоохондоо Монголд хэрэггүй. Буулгах нь зөв шүү :-bd

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.101) 2014 оны 12 сарын 11

Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

0  |  0
Top