Дутуу төрсөн нярайн шинэ, үнэгүй эмчилгээг нэвтрүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

 ЭХЭМҮТ-д “Амьсгал хямралын хам шинжтэй нярайн сурфактант эмчилгээ” нэртэй сургалт  11, 12-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалтыг Монгол эмимпекс концерн, “Ghiesi”, ЭХЭМҮТ-тэй, хамтран зохион байгуулж буй бөгөөд хоёр дахь удаагийн томоохон хэмжээний сургалт юм. Сургалтанд ОХУ-ын Екатренбург хотын Бүсийн хүүхдийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Марк Пруктинг амьсгалын хам шинжтэй дутуу нярайд сурфактанд эмчилгээ хийх, түүний дараа гарах хүндрэлээс сэргийлэх, хянах зэрэг онол, практик хосолсон эмчилгээний талаарх туршлагыг хуваалцаж байгаа ажээ. Дээрх сургалт нь Мянганы хөгжлийн зорилтын хүрээн дэх нярайн эндэгдлийг бууруулах ажиллагааны нэг хэсэг юм байна.

Энэхүү сургалт, эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол эмимпекс концернийн Бизнес хөгжил, Маркетингийн газрын захирал Ч. Пүрэвхүүгээс тодрууллаа.

- Сургалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Нярайн амьсгал хямралын хам шинжийг анагаах сурфактант эмчилгээний талаарх сургалтыг анх 2012 онд Монгол эмимпекс концерн,  ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулсан билээ. Уг сурфактант эмчилгээний үр дүнд “Амьсгал хямралын хам шинжтэй 200 гаруй нярайг анагаасан. Энэ нь ЭХЭМҮТ-ийн өнгөрсөн жилийн эмчилгээний үр дүн юм. Гэхдээ нийслэл болон орон нутгийн бусад газар дээрх эмгэг илэрсэн тохиолдолд эмчилгээг хийх боломжгүй тул сургалтын хүрээгээ тэлсэн.

- Энэ удаагийн сургалтад нийт хэчнээн хүн хамрагдаж байна вэ?

- Уг хоёр өдрийн сургалтад Нийслэлийн 1, 2, 3, 4 амаржих болон Бүсийн оношлогооны төв, ЭХЭМҮТ-ийн 40 гаруй эмч хамрагдаж  байна.

- Амьсгал хямралын хам шинж болон сурфактант эмчилгээний тухай тайлбарлавал?

- Энэхүү амьсгал хямралын хам шинж нь дутуу төрсөн нярайн уушги тэлж агших үеийн цочмог эмгэг юм. Дутуу нярайн эрт үеийн хүндрэл бөгөөд төрсний дараа шууд илэрдэг. Үүнийг сурфактант эмчилгээ буюу нярайн уушгинд гуурс суулгаж тусгай эмийг цацсанаар уушгины хэвийн үйл ажиллагааг дэмждэг эмчилгээ юм.

- Эмчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, эм хангамж үнэ өртгийн хувьд ямар байдаг бол?

- Монгол эмимпекс концерн эмчилгээнд шаардлагатай эм тариа,  хэрэгслийг эмнэлэгт нийлүүлдэг. Эмчилгээ нь ЭМД-аас хөнгөлөлт эдэлж байгаа тул үйлчлүүлэгчээс ямар нэг төлбөр авахгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(119.40.102.12) 2014 оны 12 сарын 11

odoogiin niislelchvvdiin ene utaa muutaa ix xamardag biz iim ued iimerxui surgalt emchilgee xiij bgaan zow gej bodoj bn ,

0  |  0
Top