Дэд сайд хэрэгтэй юу?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Шийдлийн Засгийн газрын дэд сайдууд энэ долоо хоногтоо багтан томилогдоно. Яаманд сайдаас гадна, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гээд олон албан тушаал бий. Зарим гишүүд дэд сайд ямар ч хэрэггүй, хэсэг бүлэг хүмүүст зориулан бий болгосон албан тушаал хэмээн үздэг. Дэд сайд гэх албан тушаалын талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.Зоригт: Ерөнхий сайд дэд сайдтай байх нь зүйтэй гэж үзсэн учраас дэмжсэн

- Би шинэ Засгийн газрыг "дан дээл"-тэй байгаасай, мэргэжлийн байгаасай гэж хүлээж байсан. Мэргэжлийн байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг өнөөдөр ярихад эрт байна. Нэр дэвшиж гарч ирсэн хүмүүсийг харахад мундаг зангаргатай хүмүүс байсан. М.Энхсайхан, Д.Дорлигжав, С.Чинзориг гэх мэт хүмүүс байгаа нь мэргэжлийн тал руугаа нэлээд анхаарсан байна гэж харж байна. Гэхдээ би энэ Засгийн газрын хамгийн том давуу тал нь УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчнүүд нэгдэж, нэг санаа зорилгын төлөө зогсож чадсан  гэж бодож байна. Энэ ч утгаараа би бүх нэр дэвшигчийг дэмжсэн. Энэ удаагийн Засгийн газрын гишүүн томилоход манай намд лав фракцуудын талаарх асуудал хөндөгдөөгүй. Ерөнхийдөө нээлттэй байсан. Асуудлуудыг шийдье гэж гарч ирсэн шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эхний жилдээ бүрэн дэмжих ёстой. Шийдлийн Засгийн газар гэдэг нь дангаараа шийдээд явдаг биш, УИХ-д богино хугацаанд шийдэх асуудлыг бэлдэж өгдөг Засгийн газар байх ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар цаанаа хэдхэн хүн шийдээд явчихдаг байсан бол энэ удаад хамтын шийдвэр гарах юм байна. УИХ-ын чуулганы хуралдаан олон удаа, олон цагаар хуралддаг болох юм байна гэж харж байгаа. Ерөнхий сайд нь дэд сайдтай байх нь зүйтэй гэж үзээд улс төрийнхөө намуудтай, зөвшилцөөд бүтэц оруулж ирсэн учраас түүнийг нь дэмжсэн.

Намайг бүлгийн дарга болоосой гэж манай намын цөөнгүй гишүүд хүсч байгаа юм билээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд намын бүлгүүд бүлэг шиг, Засгийн газар нь ч үндсэн утгаараа ажлаа хийх ёстой гэж би хамгийн хатуу шүүмжлэлийг өрнүүлдэг байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар байхад нэг хүний диктатур тогтсон байсан. Тэгж шүүмжилдэг байсныхаа дагуу ажлаа хий гэж хүсч байгаа байлгүй. Тэгэхдээ бүлгийн даргын асуудал яригдаж эхлээгүй байгаа.  

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Бүх нам хамтарч байгаа нөхцөлд дэд сайд хэрэгтэй албан тушаал

- Засгийн газар байгуулах гэж нэлээн ярьж, маргаж байж Засгийн газраа байгууллаа. Одоо нэгэнт байгуулчихсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг нь харах л үлдэж байна. Цаг хугацаа гэж айхтар шалгуур байна. Тиймээс одоохондоо үнэлэлт, дүгнэлт өгөөд ярихад эрт байна. Зөвшилцөх ажлын хэсэг дээр ярьсан хэд хэдэн асуудал бий. 2015 онд багтаагаад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна гэж тохирсон. Энэ хүрээнд засаг төр, эрх мэдлийн хувиарлалттай холбоотой асуудлуудаа яръя гэсэн тохиролцоо хийсэн. Дэд сайдуудын асуудлыг намын удирдах зөвлөл, бүлэг дээрээ сайн ярьсан. Миний захидалыг зориуд авч хэлэлцээд, гишүүд үгээ хэлж, ний нуугүй ярилцсан. Би ойлголцсон гэж бодож байгаа. МАН-д дэд сайдын долоон квот бий. Дэд сайд шаардлагагүй гэж ярьж л байсан. Гэхдээ бүх намууд хамтраад Засаг байгуулсан тохиолдолд дэд сайд хэрэгтэй. Нийт дүнгээрээ доошоогоо албан тушаал давхардаад байгаа асуудал их байна. Үүнийг сайн шүүрдэж, зардлаа багасгах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Манай нам гурван дэд сайдын суудал авсан

- 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Загсийн газарт манай эвсэл зургаан дэд сайд томилож ажилуулсан. Энэ засагт МАН орж байгаа учраас квот буурч бид гурван дэд сайд томилох болсон. Дэд сайдад салбараа мэддэг, ажлын туршилгатай хүмүүсийг нэр дэвшүүлж Засгийн газрын хуралдаанд оруулна. МҮАН-д нэг, МАХН хоёр дэд сайдыг томилох байх. Бид тодроо сайхан ярилцаад л шийдчихнэ. УИХ-д байгаа суудлын тоог харгалзан МАХН арай илүү квот өгч байгаа.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.123) 2014 оны 12 сарын 12

мөнгөний гарз,тэднээр яах юм.Зүгээр хэн нэгэндээ л бэлэглэх бэлэг шиг тийм ойлголтыг нийгэмд бий болгосон шүү дээ. Дэд дарга ,дэд сайд гэж дэмий орон тоог үгүй хийх цаг нь болжээ.хэрэв ингэж чадвал сайханбилэгийн хийсэн нэг том ажил болно доо

0  |  0
Top