Дэлхийн хамгийн үнэтэй 20 гэрэл зураг

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Гэрэл зураг мянган үг орлодог хэмээх үг бий. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох гэрэл зургууд ямар агуулгатай байдаг вэ? Магадгүй дайн ба энх гэгчийг эндээс олж харах биз. Хамгийн үнэтэй 10 зургийн нийт үнэ 31.5 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар төгрөгт шилжүүлж үзвэл 59.2 тэрбумд дөхөх аж. Сониуч булан дэлхийн хамгийн үнэтэй 20 зургийн арвыг нь танилцуулж байна. Маргаашийн дугаарт үлдсэн шилдэг арвыг нь хүргэх болно.

20. Петр Ликийн “Нэг” хэмээх зураг. Нэрний тухайд олон янзын тайлбар хэлж болох ч анх хараад уран зураг уу гэж андуурмаар. Харагдах байдал нь үүнийг үнэтэй болгосон байж магадгүй. 2010 оны бүтээл. Үнэлгээ: 1 сая ам.доллар.

19. Андрес Гурскэйн “Кувэйтийн хөрөнгийн бирж-2” хэмээх зураг. 2008 оны бүтээл. Үнэлгээ: 1.014 сая ам.доллар.

18. Томас Штрутын “Ромын бунхан” хэмээх зураг. 1990 онд авч 1992 онд хэвлүүлж байж. Үнэлгээ: 1.049 сая ам.доллар.

17. Эдуард Уэстоны “Наутилүс” буюу далайн нялцгай биетний зураг. Хар, цагаан байгааг анзаарсан биз. Учир нь, үүнийг 1927 онд авч байжээ. Үнэлгээ: 1.105 сая ам.доллар.

16. Ричард Эвьдоны “Довима заануудтай хамт” хэмээх зураг. Гол дүрийн Довима гэх бүсгүй нь 1950-иад онд Америкт од болж байсан модел Дороти Виржиниа Маргарет Жуба хэмээх сайхан бүсгүй юм. 1955 оны бүтээл. Үнэлгээ: 1.151 сая ам.доллар.

15. Ричард Принсийн “Нэргүй Ковбой” хэмээх зураг. 1989 оны энэхүү өнгөт зургийн ачаар “Марлборо” хэмээх тамхи алдартай болсон гэдэг. Учир нь, уг тамхины хайрцаг анхандаа “нэргүй” ковбойн зургаар гангарч байж. Үнэлгээ: 1.248 сая ам.доллар.

14. Альфред Штиглицийн “Нүцгэн Жиоржиа ОКэйф” хэмээх зураг. Америкийн уран зураач, модернизмын нэртэй төлөөлөгч ОКэйф хожим гэрэл зурагчин Штиглицтэй гэрлэжээ. 1919 оны бүтээл. Үнэлгээ: 1.36 сая ам.доллар.

13. Альфред Штиглицийн “Жиоржиа ОКэйф-Хоёр гар” хэмээх зураг. Нэг талаас уран зураг, нөгөө талд нь гэрэл зураг. Хоёр эргээс нийлсэн сэтгэлгээний хязгааргүй байдал нь хамтын бүтээлийг нь үнэд хүргэснээс гарцаагүй биз. 1919 оны бүтээл. Үнэлгээ: 1.47 сая ам.доллар.

12. Эдуард Уэстоны “Нүцгэн” хэмээх зураг. Америкийн Чикагод төрсөн гэрэл зурагчин Калифорнид нүүж ирснээр амжилтад хүрчээ. Софт фокус буюу сүүмгэр тодролтой уран сайхны зургийн төрөлд нэрээ үлдээсэн хүн. 1925 оны бүтээл. Үнэлгээ: 1.6 сая ам.доллар.

11. Дмитрий Медведевийн “Тобольскийн хэрэм” хэмээх зураг. Сибирь дэх анхны хотуудын нэг Тобольскийн агаараас авсан зураг өчнөөн боловч ОХУ-ын Ерөнхийлөгч, өнөөгийн Ерөнхий сайд Д.Медведев авсан гэдгээрээ энэ бүтээл үнэд хүржээ. 2009 оны бүтээлийн үнэлгээ: 1.75 сая ам.доллар.

10. Гэрэл зурагчин нь тодорхойгүй “Билли хүү/Нью Мехико дахь Форт самнер” хэмээх зураг. 1880 оны үед авсан энэ гэрэл зургийн гол дүрийг яагаад ч юм Билли хүү гэж тодорхойлсон ч хэн авсан зураг вэ гэдгийг өнөөг хүртэл олоогүй. АНУ-ын Нью Мехико мужид тухайн үед Форт самнер хэмээх торгуулийн суман маягийн цэргийн бүрэлдэхүүн байрлаж байж. Уг армийг Америкийн уугуул иргэд апаче болон навачо угсаатнуудаас бүрдүүлсний нэг нь “Билли” бололтой. Үнэлгээ: 2.3 сая ам.доллар.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top