Х.Ганцогт: Нүүрсний үнэ буурснаас төсвийн орлого ихээр тасалдсан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар 2014 оны төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор яамдуудын төсөв, зардлыг шийдэх шаардлагатай болсон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

- Төсвийн орлогын бүрдүүлэлт одоогийн байдлаар хэр байгаа вэ?

- Арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал нэг их наяд орчим төгрөг гарсан. Орлогын бүрдэлт тааруу байна. Арванхоёрдугаар сард 355 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн бидний тооцоо байгаа.

- Орлого бүрдүүлэлт тасарсан гэсэн. Юунаас үүдэлтэй вэ?

-Орлогын нэг их наядын бууралтыг авч үзвэл хамгийн том бууралт нь уул уурхайн салбарынх байгаа. Хэдийгээр экспорт өссөн дүнтэй харагдаж байгаа ч гол орлого болох нүүрсний экспортын салбар уналтад орсон. Үүнээс үүдээд 250 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарсан. Мөн 17.9 хувиар буурсан импортын бууралт ч нөлөөлсөн.    

- Нэг их наядын алдагдал хүлээсээс үүдээд дотооддоо бонд босгохоор яригдаж байна?

- Нэг их наядын орлогын зөрүүг бондоор нөхөх зорилго тавиагүй. Зайлшгүй гаргах шаардлагатай зардлуудаа нөхөхийнн тулд бонд гаргах хэрэгтэй болж байна. Он дуустал 300 орчим тэрбумын бонд гаргахаар яригдаж байгаа.    

- Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой 2014 оны төсвийн тодотгол хэлэлцлээ. Ямар өөрчлөлтүүд хийгдэв?

- 2014 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-д өргөн бариад өнөөдөр хэлэлцэж байна. Тодотгол хийх болсон үндсэн шалтгаан нь Засгийн газрын бүтцийг шинэчилж баталсантай холбоотой. Уг бүтцээр шинэ яамдууд бий болсон. Эдгээр яамдуудын цалин, зардлуудыг төсөвт тусгаж, хэвийн үйл ажиллагааг нь хангах шаардлагатай болсон юм.

- Шинэ Засгийн газар яамныхаа тоог нэмснээр зардлаа хэмнэх бус нэмж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Зардал хэр нэмэгдсэн бэ?

-2014 оны хувьд зардал өссөн, буурсан тухай яриа гарахгүй. Өмнөх бүтцээс орон тооны хувьд 110-аар буурч орж ирж байгаа. Тэр хэмжээгээр зардал буурсан.

Засгийн газар дээр 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Дорвитой, тодорхой хэмнэлт гаргаж, зардал танах тооцоо хийж байгаа. 2014 оны хувьд он дуусч байсан болохоор томоохон хэмнэлт хийгдээгүй байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариуцлаггүйн зуд(182.160.44.10) 2014 оны 12 сарын 12

баттөрийн л зураг байх шиг

0  |  0
Top