Төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлэгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Энэ оны төсөв нэг их наяд 19 тэрбумаар тасарсан байгаа бөгөөд энэ мөнгийг үлдсэн 18 хоногийн тодор бүрдүүлж чадахгүй учраас ирэх оны төсөв рүү шилжүүлнэ. Ингэхээр ирэх жилийн төсөвт дарамт болж, эдийн засаг бүр илүү хүндэрнэ гэж зарим гишүүд үзэж байна. 2014 оны төсвийн тодотголын талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрын бодлогын анхны бичиг баримт шал худлаа байна

- 2014 оны төсвийн тодотгол хэлэлцэгдэж эхэлж байна. Өчигдөр УИХ-ын гишүүдэд тараасан. Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил дарааллан худлаа төсөв оруулж ирсэн. Худлаа төсөв УИХ-аар батлагдаж, Монгол Улсын бодлого буруу явсны үр дүнд эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал доройтсон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн анхных нь бодлогын бичиг баримт нь худлаа орж ирж байна. Төсвийн орлого арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр нэг их наяд 19 тэрбумаар тасарсан байгаа. Жил 365 хоногийн 346 хоногт нь төсвийн орлогоо нэг их наяд төгрөгөөр тасалчихаад одоо үлдэж байгаа 18 хоногт тасарсан мөнгийг цуглуулна гэж оруулж ирж байна. Тэгэхээр одоо батлах гэж байгаа төсвийн тодотголын орлого нь худлаа болно. Төсвийн тухай хуулиар, алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү байх ёстой. Тэгэхээр зардлаа бас нэг их наядаар хасч явах ёстой байсан ч хэвээр нь оруулж ирсэн. Мөнгө байхгүй учраас тасарсан нэг их наят төгрөгөө дотоодын зах зээлээс зээлээр босгоно, эсвэл энэ зардлаа санхүүжүүлэхгүй гэсэн үг. Энэ нь эргээд ирэх оны төсөв рүү шилжинэ. Ингэхээр хямраад байгаа эдийн засаг улам цаашаа гүнзгийрнэ. Шинэ Засгийн газар хамгийн анхныхаа бодлогын баримт бичгийг худлаа оруулж ирж болохгүй гэж бодож байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар улсын төсөвт тусгагдаж байгаа тоо болгон үнэн, бодит байх ёстой. Гэтэл хоёр жил худлаа батлаад явж байсан. Шинэ Загсийн газар энэ гауудлыыг засах ёстой байтал яг хуучнаар нь оруулаад ирлээ. Ямар ч бодлогын арга хэмжээ байхгүй, аргацаасан, гөлгөр төсвийн тодотгол орж ирж байна. Тэгэхээр одоо УИХ энэ буруу тоог засах ёстой. Засгийн газрын бүтцээс зардал хэмнэгдээгүй. Учир нь Н.Алтанхуягийн хассан яамдын тоог буцаагаад нэмчихсэн. Тиймээс төсвийн данхагар бүтцийг бууруулна гэдэгт итгэхгүй байна.

Ц.Даваасүрэн:2014 оны төсвийн тодотголыг хэлэлцээс өөр арга байхгүй

- 2014 оны төсвийн тодотголыг оруулж ирэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл яамдуудын нэр өөрчлөгдсөн. Улсын төсөвт Эрүүл мэнд, спортын яам гэдэг ангилал байхгүй. Тэгэхээр нэрэнд өөрчлөлт орж байгаа учраас заавал 2014 оны төсөвт өөрчлөлт хийх ёстой. Тэгж байж тэр яам төсөвтэй болно. Жишээ нь, хуучин байсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд байсан төсөвийг одоогийн Эрүүл мэнд, спортын яам руу өгөх ёстой. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэж байгаа. Ингэхдээ орлого, зарлага гэхчлэн гүнзгийрэхгүй. Яамдуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд хувиарлалт, шилжүүлэлт хийх хэмжээд тодотгоно.

Д. Батцогт:2014 оны төсвийн тодотголоо засч оруулж ирэх хэрэгтэй

- 2014 оны төсвийн тодотгол маш буруу, түүхий орж ирж байна. Би бодохдоо Сангийн сайдыг энэ тодотголыг буцааж татаад зэргэцүүлэлтүүдээ хийгээд, дүгнээд, хаана ямар хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, үлдэгдэл санхүүжилт хэдэн хувьтай байгааг бүгдийг тодорхой болгоод оруулж ирэх ёстой гэж бодож байна. Тасарсан нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоох юм уу, дараа жил рүү шилжүүлэх үү гэдэг дээр тодорхой саналтай орж ирэх нь зүйтэй. Сангийн сайд ажилдаа ороод хоёр хонож байгаа учраас буруутгахгүй байна. Гэхдээ түүхий, буруу оруулж ирж байгаа 2014 оны төсвийн тодотголоо засч 2015 оны төсөвтэй зэрэгцүүлж хэлэлцэх нь зүйтэй. Одоо яараад баталчихдаг. Гэтэл 2015 оны төсөвтэйгээ ямар ч авацалдаагүй болно.

М.Зоригт:2014 оны төсөв буруу байгаа ч татаж авах хугацаа байхгүй

- Сангийн сайд Ж.Эрдэнэбат хугацаа бага байсан учраас түргэн түүхий төсвийн тодотгол оруулж ирлээ гэж хэлж байна. Гэхдээ нэгэнт л тэр албан тушаалд очиж, ажлыг нь хийхээр очсон хүмүүс ямар ч хугацаанд ажлаа амжуулах ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөв буруу батлагдаж ирсэн гэж ярьж байна. Тэр тусмаа шинэ ажил авч байгаа хүмүүс бодит байдлыг үнэн зөвөөр нь гаргаж бидэнд, ард түмэнд танилцуулах ёстой. МАН Сангийн сайдыг авахад байдал улс орны эдийн засаг ийм байна шүү гэж харуулах хэрэгтэй шүү дээ. Нэгэнт өргөн барьсан төсвийг буцааж авах хугацаа байхгүй. Төсвийн байнгын хорооны дэргэд жил бүрийн төсөв дээр ажилладаг ажлын хэсэг бий. Тэрэнд Сангийн сайд өөрөө байгаа. УИХ дээр тэр ажлын хэсгээр дамжуулан ойлголт өгөх хэрэгтэй. Ядаж бид бодит байдлаа ойлгож, санаа бодлоо тусгана.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top