Гайтийн ерөнхий сайд эсрэгүүцлийн улмаас огцорлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Гайтийн ерөнхий сайд Лаурент Ламоте олон яамдын сайдуудынхаа хамт огцорсноо зарлалаа. Тэрээр засгийн газрыг эсэргүүцэгчид хурц жагсаал хийж, комисс байгуулан түүнийг суудлаасаа огцрохыг шаардсаны дараа ийм шийдвэр гаргажээ.

Тэрээр ням гарагт шийдвэрээ зарлахдаа “Энэ улс гүн гүнзгий, динамик өөрчлөлт дор явж байна. Жинхэнэ өөрчлөлтийн ашиг тус нь хүмүүстээ хүрэг” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Мишель Мартелли өмнө нь огцруулах комиссын үндэслэлийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн юм. Жагсагчид Ламотег огцруулахыг шаардсан ч тэдний зарим нь Мартеллиг мөн буулгахыг шаардаж байгаа аж. Ерөнхийлөгч Мишель Мартеллиг сөрөг хүчнийхэн 2011 онд болох ёстой сонгуулийг удаа дараалан хойшлуулсан нь Гайтиг дахин дарангуйллын системд аваачих гэсэн хэрэг хэмээн буруутгасан байна.

Мартелли 2012 онд Ламотег ерөнхий сайдаар томилсон бөгөөд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Лаурент Ламоте өрсөлдөнө гэсэн таамаг байна.

Гайтийн нийслэл Порт-ау-Принс хотод олон мянган жагсагчид сонгуулийг хойшлуулж буй ерөнхийлөгч, ерөнхий сайдыг огцрохыг шаардан олон долоо хоногийн турш жагссан юм. Бямба гарагт жагсаал хурцдаж, тэмцэгчид цагдаа нартай мөргөлдсөнөөр нэг хүн амиа алджээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top