Зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

ыНийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны  тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа. Тус зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохио суурилуулсан байна.

 Мөн нийслэлийн  иргэдээс  Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэн тул Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах санал орууллаа.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15, зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ний өдөр хүртэл хоёр янз байхаар төлөвлөсөн байна. Саналд дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны улиралд замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.

бНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналыг хэлэлцээд автозамын нэвтрүүлэх чадвар харьцангуй сайжирч байгаа тул иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэл болгон өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top