ТОС хөтөлбөр: Байгаль, нийгэмд сөрөг төслүүдийг банкууд санхүүжүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Монгол Улсын тогтвортой санхүүжилт “Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” нэрийн дор ТОС хөтөлбөрийн талаар танилцууллаа. Монгол улсын Тогтвортой санхүүжилт \ТОС\-ын найман зарчимыг уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүд мөрдөн ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  банкууд санхүүжүүлэх төслийнхөө эдийн засгийн үр өгөөж, эрсдлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин нийгэмд ээлгүй, сөрөг нөлөө бүхий төслүүдийг санхүүжүүлэхээс эрс татгалзаж, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачилгыг дэмжин ажиллах юм байна. Ингэснээр төслийг санхүүжүүлэхдээ байгаль орчин нийгмийн хариуцлагын асуудлуудыг харгалзан үздэг болох юм байна.

Тодруулбал, банкууд хууль бус мөрийтэй тоглоом казиногийн бизнес, садар самуун явдлыг сурталчилах, дэмжих, зохион байгуулах, хууль бус олон шатлалтай маркетинг, пирамидийн сүлжээгээр ашиг олох гэх зэрэг 20 төрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон заалт оржээ. Энэ жагсаалтад орсон үйл ажиллагаа явуулах хувь хүн, байгууллага, нэгжид зээл олгохгүй юм. Энэ хөтөлбөр зөвхөн нэг жилийн хугацаатай бус цаашид удаан үргэлжлэх аж. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын талаар хуралд оролцогчдоос тодруулга авлаа.

Банкуудын санхүүжилтээр гэр хорооллыг ногоон байгууламжтай болгоно

Монголын Байгаль Орчныг Хамгаалах холбооны ерөнхийлөгч Н.Бадамханд:

-ТОС хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 30 орчим газрыг  ногоожуулна гэж байсан, энэ талаар таницуулахгүй юу?

- Энэ бол урьдчилсан тоо. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд оны эхэнд нийслэлийн сайтад нэрс нь гараад ирнэ. Яг одоогийн энэ тоо бол дүүргүүддээ хуваан багцалсан тоо юм.

- Ямар газруудыг хамруулж байна вэ? Нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол орж байгаа юу?

- Нийслэлийн захын гэр хороолол болон сургууль, цэцэрлэг бүхий тоосжилт ихтэй газруудыг ногоон байгууламжтай болгоход чиглэгдэнэ.

-Хөрс болон агаарын бохирдлыг бууруулахад иргэдийг орон сууцжуулах болон гэр хорооллыг дулаан болон халуун хүйтэн усаар хангана гэж дурдаж байсан?

- Тулгамдаад байгаа чухал асуудлын нэг. Нэг хашаанд гурван дөрвөн айл, хоёр зориулалтын бус ариун цэврийн өрөө ашиглах жишээтэй. Энэ нь байгаль орчинд нэн хор уршиг учруулдаг. Дээрх хөтөлбөрт тусгагдсанаар иргэдийг дэмжсэн зээл, нөхцөл боломжоор хангаж орон сууцжуулах, мөн гэр хорооллыг нийтийн шугам сүлжээнд хамруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Нийгмийн амьдрал, байгаль орчны төлөв байдалд эерэг өөрчлөлт өгөх онцлогтой.

Орон сууцны 30 хувийн урьдчилгааг багасгах асуудлыг судалж байна

Монгол банкны холбооны ерөнхийлөгч М.Болд

- Энэ хөтөлбөрийн үр дүн нь юу вэ?

-  Ганц жилийг хамрах бус цаашлаад ирээдүйн 20, 30 жилийн турш хийгдэх боломжтой. Төрийн болон хувийн албан байгууллага, иргэд хамтарснаар байгаль орчин болон нийгмийн хариуцлагыг олон нийтэд ойлгуулна. Жишээ нь жолооч нар цонхоороо хог хаяхгүй байх гээд харилцан нэг нэгнээ дэмжих явдал юм.

- Орон сууцны зээлд хамрагдаж байгаа иргэд урьдчилгаа 30 хувийн төлбөр дээрээ гацаж байна гэсэн. Үүнийг хэлэлцэн иргэдэд нааштай болгох ажил хийгдэнэ гэж хурлын үеэр хэлж байсан. Энэ тухай?

- Уг асуудлаар шийдэл гараагүй. Судалгаа хийж байгаа. Эх үүсвэрийг нь яаж гаргах, эрсдэл, түүний дараа үүсэх асуудал зэргийг тооцоолон үзэж байгаад ирэх оноос тоймтой шийдвэрээ мэдэгдэнэ.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top