Түр хамгаалах байраар 264 иргэн үйлчлүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Нийслэлийн цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс сэргийлэх шинэ хэлтэстэй болсон билээ.

Хохирогчийг хамгаалах, хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй тус хэлтэс дэргэдээ хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах “Түр хамгаалах байр”-ыг  ажиллуулж эхэлсэн.

Энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн өртсөн 153 гэр бүлийн 264 иргэнийг 1-33 хоногийн хугацаанд хамгаалалтад авчээ. Тэдэнд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоодог аж. Түвшингээс хамааран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг үргэлжлүүлэн удаан хугацааны хамгаалалтад авах, хорооны хамтарсан багт хүлээлгэн өгөх эсэхийг шийдвэрлэн дараагийн шатны байгууллагад холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байна.

Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх, хүүхэд байрлаж байгаа юм. Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойд аав ээждээ зодуулж байнгын дарамтаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөнөөс ирж байрладаг аж.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид тусалж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top