Ц.Даваасүрэн:Төрийн нарийн бичгийн суудлаа хувааж чадахгүй чуулган хойшлуулсан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

УИХ-ын чуулганаар өнөөдөр 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан хэдий ч, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Харин бие даагч гишүүд Загсийн газарт хамтарсан намууд төрийн нарийн бичгийн даргын судлаа булаацалдан маргалдаж, чуулганыг хойшлуулсан хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн С.Ганбаатар нараас тодрууллаа.

Чуулган ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Бидний авсан мэдээллээр намууд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад тохиролцож чадахгүй байгаа юм байна. Цаг үе эдний албан тушаалын хувиарлалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын нэгэн гэхэд ирэх оны ажил эхэлж байх ёстой. Ямар ч хугацаа байхгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд томоохон “булуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ. Эд яагаад ингэж бардам тоглоод байна вэ гэхээр сонгууль болоход манай гишүүд ирээд саналаа өгчихдөг юм гэж бардаж байна. Тиймээс намын гишүүд гэж байгаа нөхөд энэ бүхнийг ухаалаг харж, хандах ёстой. Намын гишүүдэд л итгэж орой дээр нь суусан хүмүүс ийм муухай үйлдэл хийж байна. Гол найдвар нь намын гишүүд байна.

-Дөрвөн нам эвсэл нэгдчихээр байнгын хороодын дарга нар ч бас солигдох уу? Та төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөх үү?

- Өгнө. Байнгын хорооны дарга нар жилийн хугацаатай томилогддог. Би өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлээр энэ албан тушаалд томилогдож байсан. Хугацаа нь дуусахаар өгнө.

С.Ганбаатар:Засгийн газар 326 тэрбумын үнэт цаас босгох гэж байна

-Төсвийн тодотголыг батлахгүй, чуулган хойшилсныг юу гэж бодож байна вэ?

-Өнөөдөр УИХ-аар 2014 төсвийг тодотгох ёстой байсан. Төсвийн орлого тасарсан. Гол шалтгаан нь уул уурхайгаасаа бид мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнийгээ тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих гэж ёстой. Энэ чухал асуудал дээр МАН, АН хоёр төрийн нарийн бичгийн даргын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж, хуралдааныг хаяж гарсан. Эдний сандал суудлыг хувиарлалтаас болж төрийн ажил гацаж байна. Эд ард түмний сайн сайхан амьдрал, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдсэнгүй. Зүгээр л дээрмийн бүлгүүд шиг мөнгө, сайдын суудал, төрийн нарийн, дэд сайдуудад хэрхэн хуваах вэ гэдэг дээр л нийлсэн хүмүүс байна. Тэгээд төрийн нарийн бичгийн суудал дээрээт охиролцож чадахгүй, арчаагаа алдаж байна. Үүнийг бие даагчидын зүгээс хатуу эсэргүүцнэ. Засгийн газарт хамтарсан намууд өрийн таазыг нэмэх гэж байна.

-2014 оны төсвийн тодотгол дээр УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн тодотгол дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг байж болшгүй зүйл. 3000 орчим леценз авсан уул уурхайн компаниуд Монгол Улсад яаж татвар төлөхгүй байх вэ гэдэг дээр мэргэшсэн. Тэдний төлөөллүүд нь парламентад сууж, төсөвт мөнгө өгөхгүй байх ажил хийж байгаа учраас төсөв тасарч байгаа. Ирэх жил дахиад ийм утгаггүй зүйл яриад суухгүйн тулд хуулиа чангатгах хэрэгтэй. Гадаадын, дэлхийн банкны лоббигоор орж ирсэн энэ хуулиуд бүгд үндэстэн дамнасан корпариацуудад Монголын төсөвт мөнгө өгөхгүй байхыг л зааж өгсөн. Мөн өрийн таазыг нэмэх гэж байгаа. 

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.141.21) 2014 оны 12 сарын 18

Shudraga chadaltai uls turch shuu. Amjiltbhusey

0  |  0
Top