Ж.Мөнхбат: МАН дэд сайдуудаас нэг ч төгрөг аваагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон тус намаас дэд сайдаар томилогдсон  дэд сайдууд мэдээлэл хийлээ.  МАН-ын  генсек Ж.Мөнхбат “Нийт 43 хүн дэд сайд болох хүсэлтээ ирүүлснээс орон нутгийн дөрвөн хүн нэрээ татсанаар 39 хүн өрсөлдсөн. Удирдах зөвлөлийн зүгээс  дэд сайдаар ажиллах хүнд 12 шалгуур тавьсан. Тухайлбал мэргэжлийн байх, хууль бус  зүйлд холбогдоогүй байх, салбартаа ажиллах чадвартай байх, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намаа сөрөг хүчин байхад намынхаа төлөө ажилласан  байдал зэргийг  харгалзсан. Нэг зарчим барьсан нь дэд сайдад өрсөлдсөн 39 хүнийг намын дарга уулзаад  дараа дараагийн албан тушаал руу саналаа оруулах боломжгүйг хэлсэн байгаа. Аж үйлдвэрийн яаманд 11 хүн, Хүнс хөдөө аж ахуйн яаманд 9 хүн  саналаа өгсөн. Тиймээс олон хүн  саналаа өгсөн дээрх хоёр яамдад гурав, бусад яаманд хоёр хүнийг Удирдах зөвлөлөөр орж өрсөлдүүлсэн.  Мөн Гадаад харилцаа, Эрүүл мэндийн дэд сайдаар эмэгтэйчүүд ажиллах болсон нь жендерийн хувьд зөв болсон” гэлээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэд сайдуудаас мөнгө авч томилсон гэх мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй учир МАН нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад хандахаа энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ үеэр МАН-ын генсек Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.  

- Хэдийгээр мөнгө аваагүй гэж мэдэгдэж байгаа ч намын зарим гишүүд мөнгөний хүмүүсээ томилсон гэдэг зүйл ярьж байна?

- Дэд сайдаар томилогдсон эдгээр хүмүүст мөнгө төлөөд байхаар хүн байхгүй. МАН  хэзээ ч төрийн, улстөрийн албан тушаалтнаа мөнгөөр үнэлж байгаагүй.  Энэ удаад  ч ийм зүйл явагдаагүй. Санал хураалтаар ялагдахад сэтгэл  гонсгор үлдэх зүйл байдаг. Бид шударга өрсөлдөх  зарчмыг  баримталсан. Удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Тэдний гурав нь гадаадад томилолттой байсан. Үлдсэн 18 гишүүн санал хураалтад оролцож шийдвэрээ гаргасан. Томилогдсон дэд сайдуудын хувьд бүгд энэ салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс.

-Мөнгөний сайдууд томилогдоогүй гээд хариулах амархан байх. Гэхдээ  намдаа 100-аас дээш төгрөгийн хандив өгсөн хүмүүс дэд сайдаар томилогдсон гэдэг мэдээллийг сэтгүүлчид гаргаагүй. Ер нь намдаа хандив өгөх асуудлыг дүрмээрээ зохицуулсан байдаг уу?

-Аливаа асуудал нээлттэй. Гэхдээ хуулиараа хандив өгөх асуудал нь тодорхой хязгаартай байдаг. Байгууллага 10 сая, хувь хүн сая байдаг санагдаж байна. Яг энэ дэд сайдуудын томилгоотой холбоотойгоор хандив авсан зүйл байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Улстөрийн намын тухай хуулинд татвар, хураамж хандивын талаар заасны дагуу л явж  байгаа.

-Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны тухайд?

-Төрийн нарийн бичгийн даргын томилгоог Төрийн албаны тухай хуулийн хүрээнд  явагдана. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн байна лээ. Тэгэхээр хоёр төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдох байх. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг өчигдөр томилсон байна лээ.

Хэвлэлийн хурлын дараа МАН-аас Засгийн газарт орж ажиллахаар болсон зарим  дэд  сайдын байр суурийг сонихсон юм. Энэхүү мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top