Ж.Эрдэнэбат: Өрийн таазыг хуульд заасан хэмжээд аваачихад 3-5 жил шаардлагатай

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

УИХ-ын чуулганы хуралдаанаас Засгийн газарт 326 тэрбумын үнэт цаас босгох зөвшөөрөл олгосон. МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрийн таазыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байсан хэдий ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч өрийн таазыг нэмэхгүй гэсэн байр сууринаасаа ухарлаа хэмээн үзэж байна. Ингээд өрийн тааз болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

- МАН өрийн таазыг нэмэхгүй гэдэг дээр АН-тай тохиролцож засагт хамтарсан. Гэтэл таны өчигдөр өрийн таазыг нэмэх нь зүйтэй гэж хэлсэн?

- Би өрийн таазыг нэмэгдүүлнэ гэж бус хуульд заасан хэмжээнээсээ хэтэрчихсэн байна гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар 49.9 хувьтай явж байна. Цаашдаа ханшнийн өөрчлөлт, хүүгийн зээлийн үйлчилгээний зардалууд нэмэгдэж оны эцэст 53 хувьд хүрэх магадлал байна. МАН-ын бүлэг өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ бид цаашдаа өрийн менежментээ яаж хийгээд ямар хөтөлбөр боловсруулж байж өрөө ДНБ-ний 40 хувьд аваачих вэ гэдэг дээр ажиллах ёстой. Өрийн тааз 50 гаруй хувьд хүрсэн ийм тохиолдолд хугацаа их шаардана. Магадгүй 2-5 жил шаардлагатай. Хэрвээ бид ирэх онд өрийн таазаа ДНБ-нийхээ 40 хувьд хүргэнэ гэвэл дахиад хоёр их наяд төгрөгийн зардал хасна. Энэ нь өөрөө арилжааны бонд, зээлүүдийг төлж байж аваачина. Гэхдээ өнөөдөр тийм болж бараг байхгүй. Бараг амьдралаа зогсоох шахуу хэмжээнд аваачиж байж өрийн таазаа ДНБ-ний 40 хувьд хүргэнэ. Ийм байдалд хүрэхгүйн тулд бид хөтөлбөр боловсруулах, менежментийг боловсронгуй болгож бүтцээ өөрчлөх хэрэгтэй. Өрийн бүтэц мсаш их өндөр өртөгтэй, арилжааны зээлүүдээр төсвийн алдагдлаа санхүүжүүлээд явчихсан. Мөн гадаадаас өндөр хүүтэй бонд босгочихсон байна. Ийм тохиолдолд өрийн хувьд үйлчилгээний зардлуулд нь өсдөг. Үүнийг урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр солих ямар боломж байна гэдгийг л бид дэмжиж байгаа.

- Эдийн засаг хүндэрчихсэн байхад эдийн засгаас мөнгө татаж царцаана гэдэг амиа хорлож байна гэсэн үг гэж зарим гишүүд хэлж байна. МАН, АН хамтарч Засгийн газар бүрдүүлж байгаа энэ цаг үед Засгийн газрын түвшинд ямар тохиролцоонд хүрч байна вэ?

- Янз бүрийн байр суурьтай хүмүүс байгаа. Гэхдээ бид бүх боломжийг хайх ёстой. Жишээлбэл, бид зээлийн батлан даалтын сангийнхаа эх үүсвэрийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд үүнээсээ зөвхөн дотоодын үйлдвэрлэгчидэд олгодог байсан бол гадаадын хөрөнгө оруулагчидад олгодог нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сан байгуулах ёстой. Энэ нь өр төлбөр үүсгэхгүйгээр тодорхой хэмжээнд эх үүсвэр бүрдүүлээд хөрөнгө оруулалтын санг ч гаднаас хөрөнгө татаж босгох хэлбэрээр хийж болно. Хөрөнгө оруулалтын санг гаднаас ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадвал менежментээ тэр хүмүүс нь өөрсдөө хариуцаад явдаг. Үүнийг хувийн хэвшил, бизнессийн байгууллагууд тулгуурлсан хэлбэрээр шийдэх нэг бололцоо байна. Мөн өрийн зээлийн үйлчилгээний зардалыг бууруулахын тулд төсөл хөтөлбөрийг урт хугацааны бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх боломж бий. Ингэхийн тулд санхүүжүүлэгч олон улсын байгууллага, гадны зээлийг, тухайлбал Хятадын нэг сая тэрбум долларын зээл байж байна. Үүнийг хэрэгжүүлэх төслүүдийн нөхцөлийг өөрчлөх. Ийм байдлаар шийдэхэд болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

- Бондын хүүгээр хэрэгжүүлсэн төслүүдээ хувийн хэвшилд өгч, бондыхоо санхүүг суллаж авч болно гэж зарим хүмүүс үзэж байна. Сангийн сайдын хувьд ийм боломж байгаа гэж харж байна уу?

- Нэгэнтээ авчихсан байгаа зээлийг хувийн хэвшилд шилжүүлэх боломж байхгүй. Хувийн хэвшилд шийлжүүлэх асуудал нь эргээд найдвартай байхыг шаардана. Энэ нь Засгийн газрын баталгаа шүү дээ. Засгийн газрын баталгаа гаргахгүйгээр шийдэж болох зүйлүүд байна. Монголдоо мөнгө оруулъя. Үүний тулд санхүүгийн байгууллагууд Монголд мөнгө оруулж ирээд, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих гэж байгаа бол менежментээ өөрсдөө хийгээд яваг. Тэр эрх зүйн орчныг бид бүрдүүлээд өгье гэх мэт олон гарц байна Тэр болгоныг бид судалж үзэж байна. Тэгэж байгаад эцсийн шийдвэрийг гаргана. Ямар ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн босго болон төсвийн алдагдалтай холбоотойгоор хуулийн өөрчлөлтийг оруулахгүй. Гэхдээ нэгэнтээ хууль зөрччихсөн байгаа энэ үйлдлийг хэдий хугацаанд засч залруулах вэ гэдэг дээр бид төлөвлөгөө боловсруулах ётсой.

- Яг хэдий хугацаанд бид энэ асуудлаа шийдэж чадах бол?

- Өрийн хувьд бид менежмент боловсруулж байна. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сэргээд, төсвийнхөө төлөвлөлтийг бодит нөхцөл байдалд аваачиж чадсан тохиолдолд аралжааны зээлүүдийг хугацаанд нь төлөөд явах бололцоо бий. Энэ бололцоогоо ашиглаж чадвал арилжааны зээлүүдийн хувь хэмжээ буурна. Ямар ч байсан 3-4 жилийн дараа өрийн таазаа ДНБ-нийхээ 40 хувьд хүргэх боломж харагдаж байна. Гэхдээ өнөөдөр манай эдийн засаг долоо орчим хувийн өсөлттэй явж байна гэж ярьж байна. Энэ өсөлтийн төсөвт нөлөөлж байгаа нөлөөлөл хэр байна вэ гэдэг нь чухал. Төсвийн орлого гэдэг нь аж ахуйн нэгж, бизнесын байгууллагуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэгэхээр энэ нь төсөвт бодитоор нөлөөлж байна уу, үгүй юу гэдгийг харахад тодорхой болно. Эдийн засгийн өсөлт ДНБ, төсөвт үзүүлж байгаа нөлөөллөө нэмэгдүүлсэн байх хэрэгтэй. Тиймээс бид эхний ээлжинд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх ёстой гэдэг зарчмыг барьж байна. Ингэснээр ДНБ-ний хэмжээ өсөхөөр хувь хэмжээг бууруулах бололцоо байна. Мөн төсөвт нөлөөлсөн нөлөөллөөр нь арилжааны зээлүүдээ төлөх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top