З.Баянсэлэнгэ:Хэрвээ би тендерээс мөнгө завшсан бол шоронд ороход ч бэлэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

УИХ-ын З.Баянсэлэнгэ өөрийг нь есөн тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан гүтгэж, нэр төрд нь халдсан, хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил гаруй боллоо. Энэ хугацаанд нэг ч удаа хэвлэлийн бага хурал хийж байгаагүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хонгконг улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уулзалтад оролцоод ирсэн. Энэ хооронд намайг “Арз суварга” компанийн нэр дээр есөн тэрбумын тендер авсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Улс төрийн зорилготойгоор миний нэр хүндэд халдаж байгаад маш их харамсаж байна. Өмнө нь сайн муугаараа зөндөө л хэлүүлж явлаа. Гэхдээ энэ удаад арай дэндэж байна. Есөн тэрбумын асуудал гэдэг онц хүнд гэмт хэргийн шинжтэй мэдээлэл. Хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх нь улс төрчдийн мэдэлд байдаг. Би үүнийг урдчилсан зохион байгуулалттай, намайг байхгүй хооронд гаргалаа гэж харж байна. Улс орны эдийн засгийн хямралын хүнд үед МАХН, “Шударга ёс эвсэл” ард түмнээ энэ хүндрэл бэрхшээлээс хурдан гаргах юмсан, шинэ Засгийн газрыг МАНАН үүсгэхгүй байх тал дээр би өөрөө ажлын хэсэгт орж ажилласан. МАНАН үүсч болохгүй, хяналтгүй төр байх ёсгүй гэдэг дээр би эсрэг байр суурьтай байсан. Надтай холбоотой энэ гүтгэлгийг МАНАН-тай холбоотой олигархи бүлэглэлийн хийж байгаа үйлдэл гэж бодож байна. “Арз суварга” гээд байгаа тэр компани надтай ямар ч холбоогүй. Би тэр компанийг мэдэх ч үгүй. “Арз суварга” компани Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрийн нэр төрийг сэргээж тайлбар хийнэ гэж бодож байна. Энэ компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, яаж яваад есөн тэрбум төгрөгийг надтай холбогдуулчихдаг юм мэдэхгүй байна. Зарим сайтуудаас мэдээллийн эх сурвалжийг тодруулахад эх сурвалж байхгүй гээд нууцлаад байгаа. Намайг есөн тэрбумын тендер аваад Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байна билээ. Хамгийн сүүлд манайд TV5 телевизийн “Ажлын дараа” нэвтрүүлэг хийж манайд очсон. Би Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хорооны сурагчийн 777 тоотод одоо хүртэл амьдарч байна. Би сард татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээрээ 1318000 төгрөгийн цалин авдаг. Жирийн ардын хүүхэд УИХ-д орж болдог гэдэг жишээг би харуулсан. Энэ зам мөрийг балалчихгүй байх юмсан гэж хичээж ажиллаж байна. Бусдаас дор орохгүй юмсан гэж нууцлаж явсан мэдээллээ дэлгэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Би цалингийн зээлтэй, “Худалдаа хөгжлийн банк”-наас авсан. УИХ-ын гишүүд дотор над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх. Онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас би холбогдох хууль, хяналтын байгууллагад хандана. Би сайтыг, сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагад өгч мууг нь үзэх гэж байгаа юм биш шүү. Гэхдээ ийм явуургүй, хүний нэр төрд халдасан худлаа мэдээлэл гаргаж болохгүй. Ялангуяа МАХН МАНАН үүсэхэд эсрэг байр суурьтай байсан энэ хүмүүсийн нэр төрд халдаж, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн энэ үйлдлийн захиалгат эзнийг олохын тулд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд орж байна. Хэрвээ хууль хяналтын байгууллагаар шалгаад намайг их хэмжээний тендер авсан нь тогтоогдвол би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад, хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын 76 гишүүнээс ганцаархнаа би шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон. Хүн зодсон хэрэгт гүтгэгдэж найман сар шүүх, цагдаагаар явж байсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн яллагдагчийн ширээний ард суугаад үнэн зөвөө тогтоолгоод гарч ирж байсан. Түүн шигээ би яллагдагчийн ширээний ард сууна. Би УИХ-ын бүрэн эрхээрээ далимдуулж ялаас мултарч байгаагийн эсрэг байдаг. Надад авсан юм байгаа бол шоронд ороход ч бэлэн байна.

З.Баянсэлэнгэ гишүүн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-“Арз суварга” компанийг шалгуулж болдоггүй юм уу. Үнэхээр есөн тэрбум төгрөгийн тендерт оролцсон уу, үгүй юу гэдгийг нь шалгуулвал?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани тендерт оролцох эрхтэй. Хэн ч авч болно. Харин ямар учраас надтай холбогдсоныг би мэдэхгүй байна. Тиймээс тэр компанийн зүгээс мэдээлэл хийх байх. Ер нь УИХ-ын гишүүд тендерт холбогддог. МАН дангаараа, хамтарч засаг барьж байхдаа тендер авч л байсан. Гишүүдийнхээ бүрэн эрхтэй холбоотойгоор бүх асуудал нь зогсч байсан. Тэгэхээр энэ байдаг үзэгдэл. УИХ-ын гишүүдийн хэн хэн нь тендерт холбогддог вэ гэдгийг би нэр заагаад хэлж чадна. МАНАН-г хүсдэг, хамтарч татвар төлөгчдийн мөнгийг идэх сонирхолтой хүмүүс.

-Тендертэй холбоотой гишүүдээ нэрлэж болох уу?

-Шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж зогсож байсан. МАН-ын Ё.Отгонбаяр гишүүнээс эхлээд хүмүүс мэднэ шүү дээ. Гишүүнийхээ бүрэн эрхэнд халхавчлагдаад амь сугараад үлдэж байсан. Эхнэр нөхрүүд нь ч хүртэл холбогдож байсан.

-Таны гэр бүл, ах дүүсийн чинь нэр дээр компани байдаг уу. Та ер нь МАН-ын гишүүд энэ мэдээллийг гаргасан гэж хардаж байна гэж ойлгож болох уу?

-Манай нөхөр төрийн албан хаагч, ээж минь 70 гарсан хүн. Ямар ч компани байхгүй. Надад дүү байхгүй, нэг ах гадаадад, нэг нь монголд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Ер нь миний ах дүүст компанитай хүн нэг ч байхгүй. Жижиг бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бол байгаа. Хөрөнгө орлогын мэдлүүлэг дээрээ бүгдийг дурдсан. МАН-ыг хардаж байгаа нь зүйн хэрэг. МАН-ынхан өчигдөр УИХ-г боёктлож МАХН-д дэд сайд өгөхгүй гэсэн байна билээ. МАН, “Шударга ёс эвсэл” МАХН-ыг засагт оруулахгүй, биднийг суудлыг багасгах бодлого барьж байсан. Энэ мэдээлэл МАН-ын сайтууд дээр эхэлж гарсан. Тиймээс надад хардах үндэслэл байна. Гэхдээ би МАН гэж нэртэй нь холбож тайлбарламааргүй байна. Энд зөвхөн МАНАН үүсгэхийг хүсч байгаа бүлэглэл хамаатай. Тэгэхээр энэ бүлэглэлд МАН ч АН ч багтана.

-Г.Уянга гишүүн та хоёр ордын баруун хэсгийн машины зогсоолыг өмчиллөө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-УИХ-ын 2,3 эмэгтэй гишүүн УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Эдгээр гишүүд өөрсдөө машинаа барьдаг. Заримдаа хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг учраас гадаа машинд хүүхдээ үлдээдэг. Хуралтай үед машинаа холдуул гэж утасддаг. Бид өглөө яг найман цагт ирдэггүй. Хүүхдээ машин дотроо үлдээчихээд ажил руугаа орно. Гараад ирэхэд хүүхдийн давсаг чинэрчихсэн байдаг. Ордонд хүүхэд оруулдаггүй болохоор хүүхдээ шээлгэх газар байдаггүй. Тэр өдрийн хурлаа харж байгаад ирэхэд зогсоол байдаггүй. Хүн л юм хойно бидэнд ч гэсэн хүндрэлтэй асуудал байдаг. Түүнээс биш жолоочтой, өөрөө машинаа барьдаггүй гишүүдийн талаар яриагүй. 2,3-хан эмэгтэй гишүүддээ зогсоол шийдвэрлээд өгөөч гэсэн хүсэлт УИХ-ын даргад тавьсан. Машин явдаггүй өдөр туслахаараа авхуулаад зогсоол дээрээ машиныг нь тавьж байя гэсэн юм. Тэгэхэд үүнийг сенсаацилаж байдаг. Би үүнийг гадаадад явж байгаад мэдсэн. Эмэгтэй гишүүд маш их бухимдсан. Яагаад ингэж юм бүхнийг хараар будаж харуулаад байдаг юм бэ. Үүнийг ингэж улс төржүүлэх шаардлага байдаг ч юм уу. Бидэнд үнэхээр шаардлага байсан учраас л хүсэлт тавьсан. Гэхдээ 2,3-хан эмэгтэй гишүүддээ зогсоол гаргаад өгөөч л гэсэн.

Л.Од

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШҮҮМЖЛЭГЧ(202.72.245.123) 2014 оны 12 сарын 22

Энхбаярыг дагавал ямарч хүн улс төрд орж болдогыг Баянсэлэнгэ харууллаа . Эрх мэдэлтэй хүний хормойноос зүүгдвэл дорхноо дээшээ гарна

0  |  0
ah(122.201.21.85) 2014 оны 12 сарын 20

Denduu Balai Chavka uruvduud bhiima

0  |  0
Zochin(73.51.180.238) 2014 оны 12 сарын 20

Mundag emegtei .Tednii dotor ymar ch bsan nuuree ulailgahgui tsever yvj bgaa emegtei.Buu shantraarai.Amjilt huseye

0  |  0
Батаа(49.0.155.19) 2014 оны 12 сарын 19

Хөөрхийдөө муу бсэлэнгэ гэдэг маш өндөр боловсрлтой хэл яриа үг хэллэг нь цэгцэрчихсэн сайхан эмэгтэйг битгий гомдоогоод байгаарай.

0  |  0
эгэл(202.21.106.131) 2014 оны 12 сарын 19

Жинхэнэ амьдрал л байна шүү дээ.гэр хороололд амьдраад ажлаа хийгээд хүүхэд хөгшидөө асраад явж байгаа хнүн чинь мундаш гэхээс өөр юу гэхэв.тэр зогсоолынх нь асуудлыг шийдээд өгчихөөч,ганц Баянсэлэнгэ л байгаа байх даа,бусад нь дандаа баячууд жолооч нь машинаа аваад гарчихдаг биз .Мундагаа мундаг,борчууд ч гэсэн төрийн ордонд ажиллаад их том ололт шүү,буоган сүүлтэй байгаарай

0  |  0
Top