Урмын шинэ жил

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 20

Хотын төвийн өндөр барилгын дундаас шовх гурвалжин дээврүүд торойн үзэгдэнэ. Мэдэхгүй хүн холоос хараад  жижиг хэмжээний дуган хийд хэмээн андуурхаар оньсон тоглоомын нэг хэсэг шиг өвөрмөц хийц бүхий байгууламж. Энэ бол “Хүүхдийн төв сувилал”. 1967 онд “Гурван ихрийн сувилал” нэртэйгээр багуулагдаж байсан энэ сувиллыг хүмүүс энэ нэрээр нь  сайн мэднэ. Гэхдээ тус сувилал 1991 оноос өнгөрсөн жил хүртэл “Нялхсын клиник сувилал” гэсэн тодотголтой үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Энгийн өдрүүдэд хашаанд нь түргэний тэрэг, ажилчдын хэдэн суудлын машин л харагдах энэ газар өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гацуур мод, өнгийн саагаар чимэглэсэн танхимд Сантагийн улаан хослолоос авахуулаад цагаан даашинз, хар хүрмээр гангарсан 0-5 хүртлэх насны хүүхдүүд, сувиллын ажилчид, хүүхдүүдээ даган ирсэн эцэг эхчүүд, баяр дээр баяр нэмэхээр ирсэн урлагийнхан гээд бөөн хөл хөөр болсон хүмүүс дүүрэн. Эдгээр баяр хөөрөн дүүрэн хүмүүсийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч цөөнгүй харагдана.

Энэ тухай тус эмнэлгийн сувилагч Т.Наранзул  “Манайд хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүүхэд байдаг. Бүгд олдмол эцэг эхгүй. Уг нь олдмол, хаягдсан хүүхдүүд манайд гурван нас хүртлээ сувилуулан, хүмүүжээд асрамжийн газар руу шилждэг. Харин эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авах газар байдаггүй. Олдож ирснээсээ хойш л энд амьдарч байгаа. Хамгийн ахмад нь 15 настай хүүхэд бий” гэж ярьсан юм. Тиймдээ ч бусад хүүхдүүдээс ахимаг харагдаж байв.  Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг тусгай сургууль, цэцэрлэгүүд байдгаас биш асрамжийн газар байдаггүй юм байна.

Танхимд дуу шуу болсоор өвлийн өвгөн цасан охидоо дагуулан орж ирэв. Цасан охид “Хүүхдийн төв сувилал”-ын багачуудад зориулан бүжнэ. Ингээд хүүхдүүдийн хүсэн хүлээсэн мөч ирж Өвлийн өвгөн аав оны шилдэг хүүхдүүдийг онцгойлон нэрлэж, бэлгээ тараалаа. Хамгийн царайлаг миссээс хамгийн сэргэлэн хүүхэд гээд бүхий л хүүхдүүд уут дүүрэн бэлэгтэй буцлаа. Хамгийн өхөөрдөм нь “хайр гээд үзүүлээрэй” гэхэд жижигхэн гараараа зүрхэн хэлбэр үүсгэн инээмсэглэн зогсох бяцхан хүү байв. Үнэндээ энэ өдөр тус сувиллын хүүхдүүдийн хувьд хайр бялхсан, хөөр баяр дүүрэн өдөр болж өнгөрлөө. Гэхдээ энд дандаа орхигдож, гээгдсэн хүүхдүүд байгаагүй. Эцэг эх, эмээ нартайгаа ирсэн хүүхдүүд ч байсан юм. Эдгээр хүүхдүүд бол “Хүүхдийн төв сувилал”-ын өдрийн ангийн багачууд.

Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах ярихдаа “Одоогоор 89 хүүхэд манай сувилалд хамрагдаж байна. Дутуу нярай, тураалтай, суурь өвчтэй хүүхдүүд түлхүү эмчлүүлдэг. Урьд жилүүдэд  ихэвчлэн олдмол, хаягдсан хүүхдүүдийг аван асрамжийн чиглэлийн үйл ажиллагааг илүүтэйгээр явуулдаг байсан бол 2014 оноос сувиллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бас өдрийн анги нээсэн” хэмээлээ.  Мөн “Жил бүрийн арванхоёрдугаар сарын нэг өдрийг сонгон сувилалд хамрагдаж буй бяцхан хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярыг тэмдэглэдэг. Энэ жил UBS телевиз болон бусад сайн үйлсийн аян явуулдаг байгууллага, хүмүүсийн дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрөөж байгаа нь энэ. Энэ нь хаягдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам хайрлан, баярлуулж буй хэрэг” хэмээн тодотгов.

Тус сувиллын хүүхдүүдэд “Чикаго дахь монголчууд” болон бусад сайн үйлсийг дэмжигч байгууллага, хувь хүмүүс бэлгээ бэлдэн ирсэн байлаа. Ингээд Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяагийн найруулсан  “Долоон ишиг ба чоно” хүүхэлдэйн жүжгийг тус театрынхан багачуудад толилуулснаар өнгө өнгийн бэлэгтэй, өвлийн өвгөн, цасан охинтой өхөөрдөм үрсийн баяр бялхсан шинэ жил өндөрлөлөө. Хүүхэд бүрт баяр бэлэглэсэн хөгжөөнтэй өдрүүд үргэлж мөнх байг.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top