Урлаг соёлын оны онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Манай сайт 2014 оны онцлох үйл явдлуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаад урлаг, соёлын ертөнцөд болсон олны анхаарал татсан, онцлох үйл явдлуудыг хүргэж байна.

1. Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014” тэмцээнд  Т.Батцэцэг эх орноо төлөөлөн оролцсон билээ. Өмнөх миссүүдээс царай зүс, нуруу туруу гээд юм юмаараа илүү гэж манайхан ч ам сайтай байсан. Тиймдээ ч “Дэлхийн мисс-2014” наадамд тэргүүн байр хүртэнэ гэж дор бүрнээ хүлээлттэй байсан. Тэмцээний явцад рейтингээрээ дээгүүрт жагсаж байсан ч хүсэн хүлээж байсан дэлхийн миссийн титмээ зүүгээгүй. Ямартаа ч эх орноо дэлхийд сурталчилаад ирсэн сайхан бүсгүй Т.Батцэцэг 131 орны гоо бүсгүйчүүдээс онцгой нь байж чадсан юм.

 2. Монгол улсын СТА Р.Анхням Хятадын “Гаадамба Мээрин” хэмээх түүхэн олон ангит уран сайхны кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Тэгвэл энэ удаад “China Film Group”-ийн бүтээл болох “Чонон сүлд” киноны гол дүрд тогложээ. Тус кинонд Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан байна. Уг киног олны таашаалд хүрээд байсан Хятадын зохиолч Зиан Руний “Чонон сүлд”-тэй ижил зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Авьяаслаг жүжигчин бүсгүй Р.Анхням дэлхийн урлагт Монголынхоо нэрийг дахин гаргах нь ээ.

3. Монголын рок попын ертөнцөд өвөрмөц, чадалтай хоолойгоороо өнгө нэмэн гарч ирсэн дуучин А.Хишигдалай  Тувад болсон Монгол туургатны “Мелодия Саянских гор” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Харин шүүгчээр МУГЖ Ж.Алтанцэцэг уригдан ажилласан. А.Хишигдалай "Universe Best Songs"  тэмцээний “Веst of the best” нэртэй, үе үеийн шилдэг оролцогчдын дунд зохион байгуулагдсан тэмцээнээс “Шилдгийн шилдэг”-ээр тодорч цомын эзэн болсон билээ. Дуучин А.Хишигдалай энэ онд амжилт бүтээлээр дүүрэн онцлох нэгэн байж чадсан юм.

4. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг “K-pop world festival” дэлхийн наадамд Монгол улсаа төлөөлж оролцсон Б.Очирбат 3 дугаар байр эзэлсэн. Тэрбээр Монголд болсон анхан шатны тэмцээнээс "Гран-при" шагнал авсан билээ. Уг бичлэгээ БНСУ-ын KBS телевизд илгээсэн бөгөөд 70 орчим улсын 140 хүний бичлэгээс шилдэг 15-д багтан Чангвон хотод уригдсан байна. Ийнхүү жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү тэмцээнээс Б.Очирбат Монгол улсаа төлөөлөн анх удаа “Best Performance” шагналын эзэн болсон билээ. К-поп дуучид гэхээр шингэн нарийхан хоолойтойгоор төсөөлөгддөг. Харин Б.Очирбатын бүдүүн баргил хоолой шүүгчдийг гайхшруулж байсан юм.

5. "Намайг Амараа" гэдэг гээд намын сурталчилгааны шүлгийг трэнд болтол уншиж байсан залуу жүжигчин СТА Б.Амарсайхан “Нетфликс” компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээлээ. Тус кино зохиолыг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн ажээ. Ямартаа ч Б.Амарсанаа Монгол жүжигчдээс анх удаагаа Холливудад мөрөө гаргаж, нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын багтай мөр зэрэгцэн ажилласан юм. Энэ бол Монголын кино урлагийн 90 гаруй жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм.

7. Ерөнхий сайд асан Сү. Батболдын хүү ч бас юугаараа дутахав гээд“Марко поло” кинонд дүрээ мөнхлөөд амжжээ. Үүнийгээ өөрийн цахим хуудаснаа “Хичнээн жижиг хэсэгт тоглосон ч гэлээ маш их туршлага болсон” хэмээн бичсэн байна. Түүний тоглосон хэсэг “Марко Поло” киноны наймдугаар анги дээр гардаг. Б.Баттүшиг нь Харвардын бизнесийн сургуульд мастерын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан ажээ.

6. МУСТА дуучин Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар” дуу энэ оны хоёрдугаар сараас цацагдаж эхэлсэн. Нийтэд танигдсан цагаасаа л олны хэл амны бай болж, их ч шүүмжлэл хүртсэн. Энэхүү дууны “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө” гэсэн мөрт л хэргийн гол эзэн. "Эротик дуучин, нийтийн дууг гутаалаа" гэх зэргээр түүнд тун чиг их санал, гомдол ирж нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болсон юм.

8. Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа. Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуурийн дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин дэлхийн нэрт дуучин Муслим Магомаемын нэрэмжит олон улсын дуурын дуучдын гуравдугаар уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болоод байна. МУГЖ Г.Ариунбаатар өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдаанд түрүүлж алдаршсан түүгээр Монгол түмэн бахархаж байгаа илэрхийлж талархлын үгсээ илгээжээ.

9. Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү Т.Энхтүвшин Монгол бахархлын өдрөөр Сингапурт болсон 36 орны мистерүүдээс шалгарч хоёрдугаар байрт орсон юм. Мөн “Asian best model”, “Best photogenic” модель гэх гурван шагнал давхар хүртжээ. Түүнчлэн Сингапурын дэлхийд долоон салбартай загварын агентлагт найман сар ажиллах гэрээ хийжээ. Манай гоо бүсгүйчүүд л гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож шагнал урамшуулал хүртэж байдаг бол мистерүүд маань ч дэлхийд өрсөлдхөөр чадвартай болсон байна.

10. ЮНЕСКО-д Дэлхийн соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөснийг бүртгэн авлаа. Битүү амьсгаагаар лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй юм байна. Түүнчлэн одоогоор Монголд битүү амьсгаагаар лимбэ тоглодог арав гаруй л хүн байдаг ажээ. Энэ хосгүй сайхан биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь оны онцлох үйл явдал боллоо.


Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top