2014 оны онцлох сайн мэдээнүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Муугаасаа илүү сайн нь олон гэдэг. Өнгөрч буй 2014 оны хамгийн гэгээлэг, сэтгэл сэргэмээр сайхан мэдээ юу байв?

Ажиа гэгээний хүүхдийн эмнэлэг шаваа тавилаа

АНУ-д амьдардаг Ажиа Ринбүүчигийн цуглуулсан хандиваар ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барихаар боллоо. Удаан яригдсан энэ ажил энэ онд шаваа тавьж гараагаа эхэллээ. Эмнэлэг 50 ортой байх бөгөөд зөвхөн цусны эмгэг болон хавдартай хүүхдэд бус, зүрхний эмгэгтэй болон төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нярай хүүхдэд тусламж үзүүлэх бололцоотой болох юм. Өнөөдрийн байлдаар  цусны эмгэгтэй хүүхдэд үзүүлэх тусламж нь улсын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д 23 ортой нэг тасаг байгаа бөгөөд жилд дунджаар 800 гаруй  өвчтөн хүлээж авч тусламж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

Орон сууцны үнэ тогтворжлоо

Залуу гэр бүлийн “толгойны өвчин” болсон байрны үнэ өмнөх жилүүдэд тогтмол өсч байлаа. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр бүр ч хаданд гарч орхилоо. Харин сүүлийн дөрвөн сард Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 4 сар дараалан буурлаа. Өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна.

Найман дүүгээ аварсан бяцхан “Эгэл баатар”

Галын аюулаас найман дүүгийнхаа амийг аварсан Н.Азжаргал охин энэ оны хамгийн баатарлаг үйлстэний нэг. Хүүхдүүд том хүн байхгүй хойгуур гал алдаж, улмаар унтраах гээд ундааны саванд байсан бензинийг дээрээс нь асгачихаж. Гал дүрэлзэж, байшин утаагаар дүүрэх үед Н.Азжаргал охин дүү нараа цонхоороо зөөж гарган амь насыг нь аварчээ. Охин өөрөө 40 гаруй хувийн түлэгдэлтэй болжээ. Түүнийг МЗХ-ноос “Эр зоригийн алдар” медалиар шагнасан юм.

Долларын тэрбумтан

Сингапурт төвтэй WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ дунд Монгол Улсын хоёр иргэн орсон ч хэн гэдгийг нь нэрлээгүй байна. Ямартаа ч манайд хөрөнгө нь тэрбум доллараар хэмжигдэх иргэн, баялаг бүтээгч байна гэдэг сайхан хэрэг.

Авлигын индекс буурсаар

2014 онд Монгол Улс хамгийн их авлигатай орны 80-д бичигдэж, амжилтаа ахиуллаа. Энэ жил Монгол улс 39 оноотойгоор 175 орноос 80 дугаар байранд жагсчээ. Манайхтай цуг Марокко, Эль Сальвадор улсууд 80 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Монгол улс 2012 онд 94 дүгээр байр, 2013 онд 83 дугаар байранд бичигдэж жил дараалан авлигын индекс сайжирсан үзүүлэлттэй гарсан байна.

Сайн үйлс АЖ Т.Хайдавт

Монголын урлагийн алтан үеийн төлөөлөл болдог АЖ Т.Хайдав байртай боллоо. Олон жил урлагт зүтгэсэн хэрнээ өөрийн гэсэн орон гэргүй байсан түүнд “Лапша” брэндийн хамт олон байр бэлэглэлээ. Харин шинэ оны босгон дээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү Т.Хайдав гуайд “Ланд-200” машин бэлэглэж сюрприз барилаа.

 

Г.Билгүүдэй хүүд хаягласан сайхан сэтгэл

Санамсаргүйгээр түлэгдсэн Г.Билгүүдэй хүүд туслахаар монголчууд нэгдэж чадлаа. Иргэд фэйсбүүк групп, ажлын хамт олноороо нэгдэн хандивын аян оролцсон юм. Түүний эмчилгээнд шаардлагатай 60 сая төгрөг олны хүчээр богино хугацаанд цугларч чадсан тул эмчилгээ хийлгэхээр болсон юм. Олны хүч оломгүй далай гэж энэ дээ. Түүнд 5000 гаруй монголчууд тусалсныг сонсоход сайхан байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top