Салбарын шилдгүүдийг одон, медалиар шагналаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн  асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар 63, Шударга журам медалиар 2, Алтангадас одонгоор 147, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэн энгэрээ мялаалгалаа. Тухайлбал, Шударга журам медалиар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтан, хүндэт донор Д.Бүдханд, Нийслэлийн 1 дүгээр төрөх газрын архивч, хүндэт донор Б.Доржпалам нарыг шагнасан бол Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахмад ажилтан, Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч, Нарантуул Олон улсын худалдааны төвийн борлуулагч, Клиникийн нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн сувилагч, хүндэт донор гээд олон салбарын манлайлагч нар төрийн шагнал хүртлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top