”Л.Гантөмөр сайд Богдын музейн үзмэртэй танилцаагүй”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт БСШУ-ны сайд Л.Гантөмөр Богдын музейгээр зочилсон тухай манай сайт мэдээлж байсан. Энэ талаар тус музейн захирал О.Мэндсайханаас тодрууллаа.

Саяхан СШУ-ны сайд Л.Гантөмөр танай музейгээр ирсэн. Ямар ажлаар ирсэн бэ. Музейн бодит байдалтай танилцав уу?

- Тийм ээ. Гантөмөр сайд манай музейгээр ирээд явсан. Гэхдээ тэр өдөр нь манай музей амардаг өдөр байж таарсан учраас музейн үзмэрүүдтэй танилцаж амжаагүй. Ямар ч байсан сайд томилогдоод удаагүй байхдаа, хурдан түргэн хугацаандаа хүрч ирээд, байр байдлыг эхний ээлжинд анхны байдлаар төсөөлөл авъя гэж ирсэн болов уу гэж бид бодож байгаа. Харин Л.Гантөмөр сайд “Танай газрын асуудал янз бүрээр сонсогдоод байгаа. Тийм учраас газрынхаа талаар товчхон ойлголт өгөөч” гэсний дагуу мэдээлэл өгсөн.

Амралтын өдөр таарсан учраас үзмэр үзүүлээгүй гэсэн. Сайд урьдчилж ирнэ гэдгээ мэдээллээгүй байсан гэж ойлгож болох уу?

- Манайх олон нийтэд үйлчлэх зорилгоор хагас, бүтэн сайнд ажиллаад, ажлын өдрүүдийн хоёр өдөр нь амардаг. Хуваарийн дагуу бол мягмар, лхагва гаригт амрах ёстой байдаг юм. Харин сайд пүрэв гаригт ирсэн. Яг энэ өдөр нь манайх дотоод зохион байгуулалт хийгээд лхагва гаригт нь ажиллаад пүрэв гаригт амарч таарсан юм. Тэгэхээр музей гэдэг бол маш их нууцлал, хамгаалалттай байдаг учираас нэг хоёр хүн биш хариуцсан хамгаалалтын баг, бүрэлдэхүүн ирж байж онгойлгодог учраас хурдан хугацаанд онгойлгох боломжгүй байдаг. Тиймээс үзмэрүүдийг үзүүлэх боломж байсангүй. Гэхдээ ойрын хугацаанд эргэж ирж үзмэрүүдтэй танилцъя, асуудлыг анхааралдаа авъя, шийдвэрлэе гэсэн хариу хэлсэн. 

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top