З.Энхболд: Би энэ үгийг М.Наранбаатар болон түүний тойрон хүрээлэгчдэд хэлсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгосон билээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд тус телевизийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь уран бүтээлчдийн бухимдлыг ихээхэн хүргээд байсан. МҮОНРТ уран бүтээлч энэ асуудлаас үүдэн УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн байна. Тэд үзэхдээ УИХ-ын дарга өөрсдийг нь гутаан доромжилсон хэмээн өөрийн биеэр ирж уучлалт гуйхыг шаардсан байна. Тэгвэл УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы эхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Миний хэлсэн үг зарим хүнд буруу ойлгогдсон байна. Минийн үгийг сайн харах юм бол 100 хүнтай телевизийн ажлыг 700 хүнтэй телевиз хийдэг гэж харьцуулсан.700 хүнийг архи уудаг гэж яриагүй. Би энэ үгийг Наранбаатар боллон түүний тойрон хүрээлэгчдэд хандан хэлсэн. Олон жилийн түүхтэй энэ телевизэд ахиц гарах нь битгий хэл уруудсан. Миний үг Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн дарга нарт хамаатай учраас тэднээс уучлалт гуйхгүй. Харийн уран бүтээлчдэд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт гуйж байна. Удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг хэлье” хэмээн мэдэгдлээ.

 

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

Шаардлага хүргүүлэх нь: 
    МҮОНРТ нь үндэсний хэмжээнд, хүн амын олонхид зориулсан нийгмийн бүх зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх нийтлэл нэвтрүүлгийг тасралтгүй түгээдэг үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгсэл билээ. Монгол Улсад радио долгион түгж эхэлсэн 1934 оноос хойш 80 жилийн туршид, Монгол телевиз анхны нэвтрүүлгээ дамжуулж эхэлсэн 1967 оноос хойших 47 жилийн түүхэндээ ард олныг мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хөгжөөн цэнгээх, бүтээн байгуулалт, их хөдөлмөрийн талбарт уриалан дуудах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болж “сонсох чих, харах нүд” байсаар ирсэн юм. Ард түмний итгэл үнэмшлийг хүлээсэн энэ байгууллагад үе үеийн сэхээтнүүд, мэргэжлийн сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчид, цаг уурч, хуульч, эдийн засагч, эмч, багш зэрэг маш олон салбарын хүмүүс ажиллаж, бүтээж, туурвиж өдгөө хүрсэн билээ. Ахмад, дунд, шинэ үеийн энэ олон зуун хүний авьяас билэг, хүч хөдөлмөрийн үр шимээр бий болсон ард олны итгэл үнэмшил нь МҮОНРТ-ийн бий болгосон өв, дэг сургууль, нэр төр юм. 2005 онд ОНРТ-ийн тухай Монгол Улсын хууль батлагдаж бие даасан хараат бус радио, телевизийг бий болгосон юм.

    Харамсалтай нь ард түмэнд буюу Олон Нийтэд үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалж, төр түмэн хоёрыг холбох гүүр болох учиртай МҮОНРТ-ийг хяхан хавчиж, эрх мэдэлдээ авахаар санаархаж, энэ санаархлаа хуулиар дамжуулан хийсээр ирлээ. Үүний тод илрэл гэвэл МҮОНРТ-ийн 2015 оны төсвийн дэмжлэгийг 50 хувь танаж, эдийн засаг, санхүүгийн чадавхийг доройтуулах алхам хийснээр санаа амарсангүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилохдоо гишүүдэд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг  700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан.

Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” гэж УИХ-ын чуулганы хуралдааны танхимын өндөр индэр дээрээс мэдэгдлээ. Эрхэм УИХ-ын дарга МҮОНРТ гэдэг энэ байгууллагад 80 жилийн түүхтэй, дөрвөн сувгаар өдөрт 53 цагийн хөтөлбөр явуулдаг МҮОН Радио, түүн дотроо англи, орос, хятад, япон, монгол таван хэлээр дэлхийн 40 гаруй оронд монгол төрийн гадаад бодлогыг сурталчлан таниулдаг 50 жилийн түүхтэй Монголын дуу хоолой радио, MNB.mn вэб сайт, мэдээллийн ММ агентлаг, үндэсний цөөнхөд зориулсан телевизийн хоёрдугаар суваг, санхүү, стратегийн газар, орлого бүрдүүлэлтийн хэлтэс гэсэн олон салбар нэгж байдгийг мэддэг болов уу. (Эсвэл МҮОНРТ-ийг зөвхөн 700 хүнтэй ганц телевиз гэж ойлгодог уу)

    Энд ажиллаж, амьдарч, өрх гэрээ авч яваа, үр хүүхдээ тэжээж байгаа эгэл жирийн үйлчлэгч, сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч, инженер, техникч бид бүгд таны хэлсэн аймшгийн газар ажиллаж байгаа архичид, хулгайчид уу.

    Та төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын хүндэт индэр дээрээс МҮОНРТ-д ханддаг өөрийн үзэл бодлоо илэрхийлж, мэргэжлийн уран бүтээлчид бидний ажил бүтээлийг эрс үгүйсгэн, гутаан доромжилж, үе үеийн уран бүтээлчдийн бий болгосон бүхнийг хараар будаж, харлуулж төрийн өндөр дээд албан тушаалтны байтугай эгэл жирийн үзэгчийн амнаас гарамгүй үгээр буллаа. 

    Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ үг, үйлдлийнхээ төлөө та МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд биднээс өөрийн биеэр ирж уучлал гуйх төдийгүй, ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна.

МҮОНРТ-ийн нийт хамт олон
2014.12.25

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наранбаатар (202.179.11.202) 2014 оны 12 сарын 26

Наранбаатар ийм уг сонсдог цаг нь болсон. Энхболд зов хэлжээ

0  |  0
sss(202.70.46.201) 2014 оны 12 сарын 26

Ter chigere l arxichid .uursduusuu ichij gene

0  |  0
Top