Дахин өнгөт арьст хүүг буудсанаар Миссурид байдал хурцдав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

АНУ-ын Миссури мужид дахин эмх замбараагүй байдал үүслээ. Бас нэгэн цагаан арьст цагдаа 18 настай Антонио Мартин гэх өнгөт арьст хүүг буудан хөнөөсөн нь олон зуун иргэн жагсахад хүрсэн байна. 300 гаруй иргэн Бэрклэй хотын шатахуун түгээх станцын ойролцоо цуглаж, ихээр бухимдсан байсан тул цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчид 50 гаруй цагдаа руу тоосго, галтай шил шидэж эхэлсэн аж.  

Антонио Мартин хүүг цагдаа руу буу шагайх үед нь буудсан хэмээн хэвлэлүүд бичиж байгаа ч нарийн тодорхой мэдээлэл гараагүй байна. Харин цагдаагийн газраас албан хаагч өөрийг нь хөнөөх гэж байна хэмээн бодсон учраас түүн рүү гурав буудсаны нэг нь онож газар дээрээ амиа алдсан гэжээ.

Өнгөрсөн сард тус мужийн Фергюсон хотод Майкл Браун гэх өнгөт арьст хүүг цагаан арьст цагдаа буудан хөнөөсөн бөгөөд албан хаагчийг гэм буруугүй хэмээн шүүсэн нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч жагсахад хүрсэн юм. Бэрклэй хот нь Фергюсоноос хэдхэн км-ийн зайтай оршидог байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top