Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших нь зөв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг дөнгөж сая УИХ-ын чуулганаар гаргалаа. Ингэснээр Гацууртын орд урт нэртэй хуульд хамрагдах боломжгүй болж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй төр Гацууртын ордны 20 хувийг худалдаж авах шийдвэр гаргасан байна. Гацууртын ордны тусгай зөвшөөрлийн лицензийг “Сентерра гоулд монголиа” ХХК эзэмшидэг аж. 10 жилийн хугацаатай гэрээ хийж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж, 660 тэрбум төгрөгийн татвар улсад төлнө гэсэн тооцоог гаргажээ. Энэ талаар зарим гишүүдийн байр суурийг сонирхолоо.

Х.Болорчулуун: Өөрсдөө баялагаа худалдаж авдаг ёс хаана ч байгүй

- Гацууртын ордны 20 хувийг төр эзэмших шийдвэр гаргалаа. Оюутолгойн 34 хувь гэдэгтэй ижил. Гэхдээ эцсийн дүнд төр эзэмшинэ гэдэг. Гэтэл нөгөө хөрөнгө оруулагч компаниуд зардлаа өсгөөд төрд оногдох хувь нь бага болчихоод байгаа юм.  Тэгэхээр энэ том стратегийн ордуудын татварыг бид маш сайн авах ёстой. Эзэмших нэрийн дор байгалийнхаа баялагийн багахан хувийг хүртээд байвал бид ядуурлаас гарч чадахгүй. Гадны улс орнуудаас зээл бонд гуйгаад л явна. Гацууртын орд бол 50-75 тонн алтны нөөцтэй стратегийн үндсэн орд. Үүнийг сайндаа стратегийн ордод оруулж байгаа юм биш. Энэ газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын урдхан байдаг Ноён уулын бэлд байдаг.  Хүннүгийн үеийн соёлын их өвтэй газар. Мөн тэнд Балж, Будангийн голууд байдаг. Өөрөө урт нэртэй хуульд хамрагдсан орд. Гэтэл урт нэртэй хуулиас гаргахын тулд стратегийн ордод оруулж байна. Өөрөөр хэлбэл, алтыг нь авч, зарахын тулд шүү дээ. Стратегийн ордыг урт нэртэй хуульд оруулахгүй гээд заачихсан юм. Өнөөдөр дэмжигдлээ.

Гэхдээ Монголын төр нэг зарчимтай байх ёстой. Хэдхэн сарын өмнө зарим нэг ордыг мөнгө байхгүй, авахгүй гээд стратегийн ордноос гаргасан. Монголын төрд байгаа эрх мэдэлтэй хүмүүс тохиролцооны дэлгүүрийн эзэн мэт ажиллаж байна. Монголын баялагийг ингэж худалдаж болохгүй. Төрийн бодлого цэгцтэй шулуун, аль ч компанид адилхан үйлчлэх  ёстой. Ер нь бид өөрөө өөрийнхөө баялагийг худалдаж авна гэж байж болохгүй. Хавар Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын чуулганд оруулж ирсэн. Тэр хуулийн 5.3, 5.5-д Монгол Улс өөрийнхөө баялагийг худалдаж авдаг заалтыг байхгүй болгоно гэж оруулж ирсэн юм. Гэтэл үүнийг намар болгоё, хайгуулыг нь эхлээд нээчихье гээд хойшлуулсан. Нэг ёсондоо тухай үеийн Засгийн газар залидаад намар болгосон. Гэтэл одоо болтол хэлэлцээгүй байна. Энэ заалтыг байхгүй болгох ёстой. Ер нь Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол бид том стратегийн ордууд дээрээ цэгцтэй бодлого явуулж чадахгүй.

Алтны татвар хуучин тав, өсөн нэмэгдэх алтных 10 хувь байсан.  Гэтэл үүнийг 2.5 болгочихсон. Энэ бол татвар биш. Бид гадаадад явж байгаад гүйлгээ хийхэд 3%-ийн шимтгэл төлдөг шүү дээ. Ийм болгоход гадны том орд эзэмшигчдийн нөлөө энэ УИХ-д маш их байсан. Тэгээд одоо 20 хувь гэж яригдаж байна. Үүнийг Оюутолгой шиг өсөн нэмэгдэх зардыг нь нэмээд л Монгол Улсын ашгийг байхгүй болгоно. Эд 10 жилийн хугацаанд ашиглана гэж орж ирж байна. Гэхдээ энэ худлаа. Энэ компани таван жилийн дотор л ашиглаж дуусна. Маш их туршилагатай компани. Өмнө нь Брогоулдыг 10 жилийн гэрээ хийчихээд таван жилийн дотор ашиглаж дууссан. Өөрөөр хэлбэл татваргүй таван жилд нь ашиглж дуусаад яваад өгсөн. Энэ аргаараар л ажиллах нь мэдээж.

Л.Цог:Баяр далимдуулаад чухал асуудлуудыг оруулж ирж байна

- Гацууртын орд уг нь стратегийн орд байгаа юм. Гэтэл ороогүй байсан юм байна. Бороогоулдыг эзэмшиж ашигласан компани тэр чигээрээ Гацууртын ордыг авч байгаа гэнэ. Урт нэртэй хуулиас болж хаалтанд орчихсон байж. Засгийн газрын түвшинд ярьж байгаад Монгол 20 хувийг нь худалдаж авах нөхцөлтэйгөөр орж ирж байна. Асуудлыг хэлэлцэхээр болчихлоо. Би эсэргүүцээд дийлсэнгүй. Эсэргүүцэх хоёр үндслэл байсан. Нэгдүгээрт, наадмын өмнө УИХ-ын чуулганы хамгийн сүүлийн өдөр Цагаан суваргын ордыг ярихдаа төр өөртөө оногдож байгаа 34 хувийг авах мөнгө байхгүй гэж хэлээд хувийн компанид 100 хувь өгөхөөр шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцээд би Цэцэд хандсан юм. Гэтэл дөрвөн сар болчихоод байхад хэлэлцэж өгдөггүй. Бид зарга хийнэ гэж бодож байна. Тиймээрхүү байдлаар стратегийн ордоос гаргаж авчихаад өнөөдөр буцаад 20 хувийг эдийн засаг хүнд байна, мөнгө байхгүй гэсэн нэрийдлээр хувийн компанид өгөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Хоёрдугаарт, бусад ордуудыг нь яах вэ гэдэг асуудал байна. Урт нэртэй хуульд хаагдсан олон орд байгаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэлээс маш олон иргэд газар нутгаа ухуулж, баялагаа өгөхгүй байх юмсан гэсэн санал ирүүлж байна. Үүнийг харгалзан үзэлгүй, эдийн засаг хүнд байна, мөнгөггүй боллоо гэдэг нэрээр буруу алхам хийж байна. Ашигт малтмалын тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтыг байхгүй болгоогүй тохиолдолд төр сууж байгаа хэдхэн эрх мэдэлтэй хүн баялагаа үрэн таран хийгээд дуусах нь. Чоно борооноор гэгчээр эдийн засгийн хүндрэлийг далимдуулж янз бүрийн алхам хийчих гээд байна. Урт нэртэй хуульд хамруулахгүй тулд стратегийн ордод оруулж байна. Мөн алтны татвараа нэмэх хэрэгтэй. Энэ талаар огт ярихгүй юм. Дараа нь ард түмнийхээ царайг яаж харах гэсэн юм бүү мэд. Үндсэн хуулийн долоон нэмэлтийг шинэ жилийн өмнө баталдагтай адил хулгайгаар шахуу оруулж ирээд л дэмжүүлчихлээ. Эдийн засгийн байнгын хороо мэдсэн байх. Гишүүд үндсэндээ энэ талаар огт мэдээгүй байхад, гэнэт л ороод ирлээ. Ерөөсөө л Цагаан сар, Наадам, Шинэ жилийн өмнө гишүүдийн зарим нь байхгүй, сонирхол муутай болчихсон энэ үед чухал асуудлуудыг оруулж ирээд батлуулдаг хэвээрээ байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лувсанжав(183.81.169.22) 2015 оны 01 сарын 10

Төр гэж юу юм бэ. Нөгөө бид өөрсдөө сонгож гаргачаад, дараа нь луйварчин гэж адлаад байдаг 76 шүү дээ. Энэ хэдийг идээд уугаад дууслаа л гэдэг. Тэгсэн мөртөө юм болгоныг төрд өгнө гээд байдаг. Бас л идээд уугаад дуусгах юм биш үү, наад хэд чинь. Ярьж хэлж байгаа нь хоорондоо зөрчилдөөд байна.

0  |  0
dashka(150.129.143.242) 2014 оны 12 сарын 28

Bvx opd ard tvmnii umch bx xeregtei shvv dee tiim ychraac tur abaad ard tvmnii nvden deer zub zartsyylax xeregtei

0  |  0
ЛУЙВАРЧИД(203.194.114.232) 2014 оны 12 сарын 26

СОЦ ҮЕД УЛСЫН ЗАРДАЛААР ГЕРМАНЫ ХАЙГУУЛЧИД ХАЙГУУЛ ХИЙЖ НӨӨЦИЙГ НЬ ТОГТООСОН БОРООГЫН 50ТН АЛТЫГ П.ОЧИРБАТ, Сү.БАТБОЛД 2-ТОЙ НИЙЛЖ ТАТВАРГҮЙ ТАВАН ЖИЛДЭЭ ӨНДӨР ТЕКНИК ТЕХНОЛОГИ ЦӨӨН АЖИЛЛАХ ХҮЧЭЭР МОНГОЛ УЛСАД НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨЛГҮЙ ГОЛРУУЛДАГ ЦЕНТЕРРА ГОЛД УУЯ-НЫ САЙД ЖИГЖИДИЙН БААДУУГ ЧАНГАЛААД ЯВУУЛААД БАЙГАА ЮМ . ТУХАЙН АЛТНЫ ОРД БАЙГАА ГАЗАР НЬ ХҮННҮГИЙН ҮЕИЙН АСАР ОЛОН БУЛШ БУНХАН ХИРГЭСҮҮР БҮХИЙ ТҮҮХЭН ДУРСГАЛТ, ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ, ОЙН САН УСНЫ ЭХ БҮХИЙ УРТ НЭРТЭЙ ХУУЛИНД ХАМРАГДСАН МАШ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НОЁН УУЛ, СҮЖИГТ ХАЙРХАН ,БАЯНГОЛЫН АМ БҮХИЙ ГАЗАР ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top