И.Одончимэг: Дүрийг их амархан бүтээчих юм шиг л бодож байгаа бол чи авьяасгүйн шинж

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

“Гол дүр” булангийн маань шинэ оны анхны зочноор дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Танхай тээгч” киноны найруулагч, гол дүрийн жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг уригдлаа. Түүнийг энэ цагийн шилдэг жүжигчдийн нэг гэдэгтэй манай уншигчид санал нийлэх биз ээ. Харин тэрээр “Би өөрийнхөө амьдралын хамгийн чухал гол дүр нь” хэмээн бардамхан хэлж байна.  Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

 -“Гол дүр” булангийн маань шинэ оны анхны зочин та болж байна. Тиймээс таны шинэхэн гол дүр болох “Танхай тээгч”-ийн дүрээс ярилцлагаа эхлэе. Яагаад ер нь ийм сэдвийн кино хийх болсон юм бэ. Дүрээ яаж бодож олов?

-Анх энэ киног хийх санааг Бархүү гаргасан юм. Бараа Энэтхэгийн тээгч эхийн тухай баримтат кино үзсэн юм билээ. Тэр киног нь би ажил ихтэй байсан болохоор хальт хараад л өнгөрсөн юм. Харин Бараа нэлээд харсан юм байж. Тэгээд “Одноо энэ их сонин юмаа, ийм амьдралтай хүмүүс байна. Энэ ер нь кино болмоор сэдэв юм биш үү” гэсэн. Сэдэв гэдэг уран бүтээлчдэд маш чухал зүйл. Ялангуяа манай монголын кинонууд сүүлийн үед их явцуу, цөөхөн хэдэн сэдэвт баригдмал байгаа шүү дээ. Тэгээд бодоод үзсэн чинь энэ сэдэв Монголд төдийгүй дэлхийн кино урлагт ч нэг их нийтлэг биш сэдэв байсан. Тиймээс кино болгохоор шийдсэн дээ. Нэлээд судалгаа хийсэн. Ер нь хамгийн хямдхан тээгч Энэтхэг, Монгол хоёрт л байдаг юм билээ. Уг сэдэв маань хувь хүний хувьд их эмзэг сэдэв учраас инээдмийн жанрт оруулна гэдэг бас их төвөгтэй байсан шүү.

-Үнэндээ тээгч эх гэж чухам хэн бэ гэдгийг монголчууд сүүлийн жилүүдэд л жаахан гадарладаг болж байна шүү дээ?

-Тийм шүү. Тэгэхдээ цөөнхийн хүрээнд гэж хэлж болохоор. Хүн болгон энэ талын ойлголттой биш шүү дээ. Тиймээс л кино болгохоор зорьсон. Зохиолоо бичсэн. Дүрүүдээ ярилцаж байгаад сонгосон. Кино маань Жавзан, Ланцаг, Төмрөө, Нараа гээд дөрвөн гол дүртэй. Энэ дөрөвт би, Бархүү, ард түмэнд нэрлэгдсэнээр жүжигчин Амбий, уг нь бол Батхуяг гэдэг юм ш дээ, мөн Долгор гэсэн дөрвөн жүжигчин тоглолоо. Их сайхан гар нийлж ажилласан.  Амбий маань их эртнээс хоёулаа нэг хамтарч кинонд тоглох юмсан гэж ярьдаг байсан. Тэгээд сая хамтарч тоглолоо. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа.

Мөн би өөрөө тоглох учраас надад хань болох, урдаас харчих хүн хэрэгтэй байсан. Тийм болохоор би залуу найруулагч Чингүүнийг хоёрдугаар найруулагчаараа сонгосон.  “Аврора” студийн хувьд өмнө нь богино хэмжээний олон кино хийсэн, “Наран ургах зүг” гээд олон ангит кино хийж байсан туршлагатай баг хамт олон л доо.

-Амбий та хоёр ерөөсөө кино, жүжигт хамтарч тоглож байгаагүй юм уу?

-Амбийгийн анхны тоглосон кино нь “Наран ургах зүгт” гэдэг кино байдаг юм. Хатиг Даваа гэдэг дүрд тоглож байсан юм. Тэр кинонд би бас тоглосон. Тэр бид хоёрын хамгийн анхны хамт тоглосон бүтээл. Түүнээс хойш бид хоёр шоунд л хамтарч тоглож байснаас кино жүжигт хамт гараагүй юм. Тэгээд Амбий маань хоёулаа кинонд эхнэр нөхөр болж тоглож үзэх юмсан гэж ярьдаг байсан юм. “Танхай тээгч”-д бид хоёр энэ мөрөөдлөө биелүүллээ дээ.

-Таны хувьд энэ дүр өмнө нь бүтээж байсан дүрүүдээс хэр их ялгаатай дүр болов?

-Арай өөр. Би киноноос гадна олон жүжигт тоглосон. Театрын тайзан дээр 14 жил гарахдаа их олон гол дүрд тоглосон байдаг юм. “Х ТҮЦ”-д харьяалагддаг болсноосоо хойш ч гурван гол дүр бүтээсэн. Эргээд энэ дүрүүдээ харж байхад хамгийн эсрэг дүр нь л энэ “Танхай тээгч” юм уу даа. Тэгэхдээ  ямар ч дүрд эерэг, эсрэг зан ааш аль аль нь л байдаг байхгүй юү. Хүн хэзээ ч өөрийгөө муу хүн гэж боддоггүй ш дээ. Хөөрхий, энэ нээрээ муу хүн шүү гэж бидний яриад байгаа хүн хүртэл өөрийгөө муу хүн шүү гэж бодохгүй л байгаа. Магадгүй олонхид таалагддаггүй зан араншин байдаг учраас л хүмүүс тухайн хүнийг муу хүн гэж үздэг байж болох юм. Тэгэхдээ Танхай тээгч миний өмнө нь тоглож байсан дүрүүдээс нэлээд өөр болов уу гэж би бодож байгаа. Мэдээж энэ дүрд тоглуулахын тулд олон жүжигчнийг ярилцаж, Бархүүтэй санал солилцсон. Эцэст нь Бархүү “чи л тогло. Өөрөө энэ дүрээ бүтээ. Хэцүү ш дээ. Санаанд чинь хүрэхгүй бол” гэсэн. Тэгээд би ч өмнө нь иймэрхүү дүрд тоглож байгаагүй юм байна, хоёрт Амбий маань портнер болж тоглох юмсан гэж ярьдаг юм чинь, би ч сайхан жүжигчин хамтарч тоглохсон гэж боддог болохоор ер нь өөрөө  тоглоод үзье гээд л тоглосон доо.

-Амбий өмнө нь тэгж ярьж байсан болохоор тухайн дүрийг бичихдээ түүнд зориулж бичив үү, эсвэл?

-Ер нь надад Ланцагийн дүрийг бичиж байхад Амбий л харагдаад байсан. Амбий энэ дүрийг гоё хийнэ дээ л гэж бодогдож байсан.

-Тэр санаанд чинь тултал хийж чадсан уу?

-Санаанд тултал хийсэн. Ер нь Амбий бол ямарваа нэг уран бүтээлчийн уран бүтээлд оролцохдоо хэзээ ч тэр багаа, хэзээ ч тэр хамт олон, хамтран тоглогч, найруулагч нараа гомдоож гэдэг юм уу, гундааж гэдэг юм уу, ямар ч байсан сэтгэл дундуур үлдээж байгаагүй жүжигчин л дээ.

-Би таныг анх “Сэрүүн дуганы мөхөл” киноны Дэжидмаа, “Ромео Жулетта” жүжгийн Жулеттагийн дүрүүдээр чинь ийм сайхан жүжигчин байдаг байх нь ээ гэж мэддэг болж байлаа. Ер нь таны хамгийн анхны гол дүр чинь ямар кино, жүжгийн дүр байсан бэ?

-Миний хамгийн анхны гол дүр “Сэрүүн дуганы мөхөл”-ийн Дэжидмаа. Би сургуулиа төгсч, мэргэжлийн жүжигчин гэдэг диплом өвөртлөөд л шууд тэр кинонд тоглосон юм. Хавар нь оюутан байхдаа дүрийн шалгаруулалтад нь тэнцчихсэн байсан. Тэгээд л намайг сургуулиа төгссөний нөгөөдөр нь ачааны машинд суулгаад  Хэнтийн Биндэр рүү аваад явсан даа. Миний ажлын гараа их сайхан эхэлсэн шүү.

-Энэ их хүнд дүр санагддаг?

-Их хүнд дүр. Энэ дүрд Дамчаа гуай намайг авсан юм. Тэр үед шалгуур их өндөр байлаа. Маш олон хүн дүрийн шалгаруулалтад орж, маш олон хурлаар орж батлагддаг байлаа. Тэр олон дундаас надад итгэж энэ дүрийг өгсөн. Одоо өчнөөн олон жил өнгөрчихөөд байхад хүмүүс энэ дүрийн минь тухай надаас асуусаар байдаг. Тэгэхээр С.Эрдэнээ гуайн тэр зохиол гайхалтай сайхан зохиол байж.

-Өөрийнхөө бодож бичсэн дүрийг өөрөө бүтээхэд амар байж магадгүй. Харин хүний бичсэн дүрийг тэр хүний бодсонд хүргэж бүтээнэ гэдэг амаргүй байх. Тэгээд ч анхны дүр учраас Дэжидмаагийн дүрийг гаргахад хэцүү байв уу?

-Анхны дүр учраас харин ч их зоригтой байсан болов уу гэж боддог юм. Анхны юм бол анхны л юм байдаг. Дотроороо, өөрөөрөө, юу бодсоноороо л дайрдаг. Манай ахмад уран бүтээлчид хүртэл анхны дүр бол яах вэ хүн авьяасаараа аваад л гараад явчихдаг юм. Дараа дараагийн дүр л их хүнд болдог гэдэг юм. Тэр бас үнэн байх. Дэжидмаагийн дүрийн хувьд их дотор шаардсан дүр байсан ч олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч тоглосон, тэдний тус дэм их байсан болохоор их гайгүй тоглосон юм болов уу гэж боддог юм.

-Дөнгөж сургуулиа төгсөөд анхны кино группт гарсан болохоор шантрах үе байсан уу?

-Байгаагүй. Ер нь уран бүтээл эхэлсэний дараа шантарна, бэрхшээнэ гэдэг үг надад зохимжгүй санагддаг. Яагаад гэвэл, би энэ хорвоод хамгийн дуртай, аз жаргал амсдаг ажлаа хийж байгаа байхгүй юү. Тийм болохоор зовлонтой, бэрхшээлтэй санагддаггүй. Харин бие физологийн, оюун санааны хувьд ядрах бол байна. Гэхдээ энэ бол бэрхшээл биш, зовлон биш. Их ажлын ард гараад хийж бүтээснээ эргээд харахад маш сайхан сэтгэлийн таашаалыг авна шүү дээ. Тэгээд тэр ажил маань үзэгч түмэнд сайхан хүрвэл тэрнээс илүү аз жаргал гэж юү байхав. Дараа нь илүү гоё, илүү сайхан юм юу хийж болох вэ гээд л бодож эхэлнэ шүү дээ. Ингэж амьдарч байгаа минь сайхан.

-Дэжидмаагаас Танхай тээгч хүртэл та ер нь тайз дэлгэцийн хэчнээн гол дүр бүтээсэн бол. Тоолж үзэж байв уу?

-Тоолж үзээгүй юм байна. 40 гаруй жүжгийн гол дүрд тоглосон байдаг. Би чинь анх Хүүхэд залуучуудын театрт жил зургаан сар ажилласан. Тэндээсээ драмын театрт орсон. Энэ хооронд их олон жүжигт амжиж тоглосон юм билээ, эргээд бодоход. Маш их ачаалалтай ажиллаж байсан. Кинонд авья гэхээр гол дүр гээд намайг өгдөг ч үгүй байсан. Харин театраас гарсны  дараа өөрийнхөө хүслээр дуртай зохиолоо өөрөө сонгож тоглож, өөрийнхөө хийе гэснээ хийж ирсэн дээ.

-Дүр болгон л тухайн жүжигчнээс хүч хөдөлмөр, авьяас чадвар шаарддаг. Тэгвэл таны хувьд хамгийн их хүч хөдөлмөр зарж бүтээсэн дүр гэвэл...?

-“Өрлөг жанжины өчил” жүжгийн Маршалын эхнэр Бортолгойн дүр. Тэгэхэд би 25, зургаатай л байсан санагддаг. Миний алхаа гишгээ, хоолойны өнгө, биеэ авч яваа байдал тэр хүнээс тэс хөндлөн байсан. Тиймээс өөрөөсөө нэлээд эгчмэд тэр дүрийг бүтээхийн тулд би өөртэйгөө маш их ажилласан. Сүүлд нь манай ахмад жүжигчин тааралдаад, хөөе чи яг өнөө Бортолгойд тоглодог шигээ яриад байна гэж байсан. Ер нь их ажилласан дүрүүд бүүр рефлекс болоод тогтчих гээд байдаг.  Ярианы өнгө төрх, алхаа гишгээ, биеэ авч явж байгаа байдалд хүртэл шингэчихсэн байдаг юм, их сонин. Тэгэхээр би Бортолгой гэдэг хүний ярианы өнгө төрхийг өөртөө суулгахын тулд маш их ажилласан хэрэг. Надаас их гол дүр байсан учраас их ажиллагаа шаардсан. Ажлын туршлага ч одоогийнхоос бага байлаа. Гэхдээ тэр дүр надад анхны шилдэг дүрийн шагналыг авчирсан дүр. Их ажилласаны минь үр дүн тэр байлаа.

Бас Жулеттад тоглосны дараа “Хүслийн трамвай” жүжгийн Юнесийн дүрийг бүтээхэд их хүнд байсан. Жулеттагийн дүр дээр би бас их ажилласан учраас яг л Жулетта шиг алхдаг, гүйдэг болчихсон байх жишээтэй. Түүнээсээ салах гэж нэлээд зовсон. Ингээд бодохоор ажиллагаа шаардсан дүрээсээ салах гэж хүн бас нэлээд зовдог байгаа юм. Харин дүрийг их амархан бүтээчих юм шиг л бодож байгаа бол чи авьяасгүйн шинж гэж би залуучууддаа хэлдэг юм. Яагаад гэвэл, жүжигчний ажил хүнээс маш их ухаан, тэгээд авьяас чадвар шаарддаг. Дээр нь бие физологийн хөдөлгөөн давхар шаардаж байдаг. Тэр утгаараа хар ажил гэж нэрлэгддэг. Хүмүүс яагаад хар ажил гэж нэрлэж байгаа юм болоо, юу гэсэн үг юм бэ, харахад л хачин гоё ажил ш дээ гэж бодож магадгүй. Үнэндээ яг гүн рүү нь орох юм бол их хүнд хөдөлмөр.

-Таныг анх урлагт хөл тавьж байх үед дүрийн судалгаа хийнэ гэдэг асар том ажил байсан гэдэг. Одоо тэгж дүрийн судалгаа хийхээ больчихсон юм шиг харагдаад байдаг юм. Үүнийг та анзаардаг уу?

-Анзааралгүй яахав. Миний хувьд их сайхан хүмүүсийн гар дээр очиж байж. Хүүхэд залуучуудын театрт намайг очиход Д.Сүхбаатарын дүрд тоглодог Галсанданзан гуай, Итгэлт баянд тоглодог Очирбат гуай, “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглосон Мандах эгч гээд олон сайхан жүжигчид байлаа. Дараа нь драмын театрт ирэхэд Дамдинсүрэн гуай, Баяжихын Пүрвээ гуай гээд мундагууд бүгд байлаа. Хандсүрэн гуай хааяа ирж байхыг би харж байлаа. Тэд нараас би нэлээд юмыг өөртөө шингээж авсан болов уу гэж боддог. Тэд маань өөрсдөө дараа дараагийн хүмүүстээ үлгэр болохуйцаар биеэ авч явдаг хүмүүс байсан л даа.

Харин одооны залуучууд бол арай л өөрөө. Би бас харьцуулж хардаг юм. Олон сайхан жүжигчид төрөн гарч л байна. Хүний үгийг сонсдог, юмандаа их нухацтай ханддаг, уран бүтээлч сэтгэлгээтэй, энэ урлагтаа хайртай, сайн юм хийчихсэн юмсан гэсэн сайн залуучууд байна. Тэрний хажуугаар маш амархан хөдөлмөрөөр, бушуухан олны танил, од болох хүсэлтэй залуучууд их олон байна. Сайн л уйлж байвал би сайн жүжигчин гээд бодчихсон хүмүүс бас байна ш дээ, цаагуур чинь. Тиймээс л би кинонд, жүжигт тоглох их амархан юм шиг санагдаад байвал би муу жүжигчин байна аа гэж бодоорой гэж дээр хэллээ шүү дээ.  Энэ чинь бодож, зүтгэж, хичээж хийх ёстой ажил. Яах гэж дөрвөн жил сургаж, мэргэжил гэж эзэмшүүлээд байгаа юм бэ гэж бодох хэрэгтэй. Хэн нэгэн топ модель, хэн нэгэн тамирчин, хэн нэгэн эмчийг төрх нь таарч байвал кинонд тоглуулж л байдаг. Хуучин цагт бол сайн жүжигчнээр дууг нь хийлгээд, өөд нь татаад тоглуулдаг л байсан. Гэхдээ тэгж тоглож болох юмыг хэн ч тоглож болно ш дээ гэж бодож болдоггүй л байхгүй юү. Хэн нэгэн инженер, хэн нэгэн багш нэг кинонд тоглолоо гэхэд дараа нь тэр хүн хоёр гурав дахиа, дөрөв тав дахиа тоглож чадахгүй. Мэргэжлийн жүжигчин шиг арван хэд, дөчин хэдэн рольд тоглож чадахгүй шүү дээ. Энд л мэргэжлийн ялгаа байгаа юм.

-Од гэснээс та од уу?

-Би тэрийг хэлж мэдэхгүй ш дээ. Ер нь наадах чинь их сонин асуулт. Од уу гэхээр манайхан за монголд ямар юмны од байдаг юм бэ гэдэг. Дэлхийн одуудтай жиших юм бол үнэндээ юу юм бэ гэж бодмоор. Гэтэл дэлхийн одуудаас ч илүү од, яг утгаараа од монголд байж л байдаг. Ганцхан зах зээлийнхээ нөхцөл байдлаас, магадгүй энэ оронд төрснөөрөө ч юм уу, амьдралынх нь ахуй нөхцлөөс ч юм уу, аз нь гийгээгүйгээс ч юм уу дэлхийд танигдаж чадаагүй л байдаг. Бид дэлхийд танигдаагүй учраас л тэднийгээ үнэлж хүндэлдэггүй ш дээ. Тэгэхээр энэ од гэдэг их өрөөсгөл асуудал. Энэнд хариулна гэдэг ч их сонин. Бас хүнийг энэ яг од мөн, биш гэж онцолж тохооно гэдэг ч бас их сонин.

-Тэгвэл энэ олон гол дүрээс Одончимэгтэй хамгийн дөхүү зан араншинтай нь аль нь байсан бэ?

-Ер нь ямар ч дүрд тоглож байгаа жүжигчнээс өөрийнх нь хувий характер харагдаж байдаг. Яагаад гэвэл, тэр дүр хэн нэгэн Өсөхбаяраар, Дэнсмаагаар биш Одончимэгээр дамжиж илэрхийлэгдэж байгаа юм. Тийм учраас  дүр болгоноос тухайн жүжигчний хувь чанар заавал харагдаж, мэдрэгдэж байдаг. Энэ мэргэжил чинь их сонин ш дээ. Магадгүй би Одончимэгээс огт юу ч байхгүй Дэнсмааг бүтээнэ гэвэл солиорно ш дээ. Шууд галзуугийн эмнэлэг явах болно. Одончимэгээс юу ч байхгүй Дэнсмааг бий болгоно гэвэл хий зүйл болно биз дээ. Тэгэхээр Одончимэгээр дамжуулж Дэнсмааг гаргаж ирдэг. Би бол дамжуурга нь. Тиймээс болохоор ямар ч дүрээс тухайн жүжигчнийх нь зан араншин харагдаж л байдаг. Харин миний хувьд би бүтээсэн дүр бүртээ хүний мөс чанар, сайхан сэтгэлийг шингээчих юмсан гэж боддог. Энэ бол миний хувь уран бүтээлчийн бодол. Бусад жүжигчид яадгийг би хэлж мэдэхгүй. Магадгүй тэс өөр Болдоо, огт өөр Дэнсмааг гаргая гэж бодож бүтээдэг байж болно л доо.

-Тийм бол Одончимэг гэдэг хувь хүний амьдралын гол дүр нь та өөрөө мөн үү. Мөн бол энэ дүрээ хэр сайн бүтээж байгаа бол?

-Мөн байлгүй яахав. Хамгийн чухал гол дүр. Би сайн бүтээхсэн гэж хичээж л явна. Би гол дүр биш байсан бол өдий зэрэгтэй явж, ийм бүтээлүүдийг хийхгүй байсан.  Амьдралдаа гол дүр нь байж чадахгүй бол энэ амьдрал утгагүй, мөлгөр болно шүү дээ.

-Зарим хүн гол дүр гэж бодоод байсан чинь биш байсан юм билээ гэж ярьдаг л даа?

-Үгүй ээ, би өөрийгөө тэгж бодохгүй байна. Ер нь хүн өөрийнхөө амьдралын гол дүр л байх хэрэгтэй. Хоёр амьдрахгүй, ганц л амьдарна шүү дээ. Хоёр, гурав амьдардаг бол бас өөр байж болох юм. Би хэлдэг юм, би яаж ч бодоод урьд төрөлдөө нохой байснаа, могой байснаа санахгүй шүү, яаж ч төсөөлөөд хойд төрөлдөө хонь болохоо эсэхээ мэдэхгүй гэж. Урьд төрөлдөө юу байснаа мэдэх гэж би оролдож үзсэн ш дээ, мэдрэгддэггүй л юм билээ /инээв/. Тэгэхээр би ганцхан л амьдарна. Энэ ганцхан амьдралынхаа гол дүр л байх хэрэгтэй.

-Ингэхэд та хэр шүтлэгтэй вэ?

-Би ер нь шашинлаг биш. Харин энерги, эрч хүч бол байдаг гэж боддог. Тийм болохоор хөлөө гэмтээчихээд эмнэлэгт очилгүй бөөгөөр засал хийлгээд эдгээчихнэ гээд эцэст нь хөлгүй болж байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүй. Арай л хэтэрхий итгэл үнэмшил. Би ийм хий юманд бус бодитой юманд л итгэдэг хүн. Гэтэл шашин шүтлэгээр өөрийгөө эдгээнэ гэсээр тартагтаа тулж байгаа хүмүүсийг би харж байсан. Надад аймаар харамсалтай, гашуун санагдаж байсан.

-Гэтэл таныг нэг л өдөр “чи бөө бол тэгэхгүй бол ерөөсөө болохгүй” нь гэвэл яах уу?

-Тэрийг яриад ч хэрэгггүй. Мөн чанартаа хүн чадал мөхөсдөөд ирэхээр л хий юманд найдаж эхэлдэг. Хананууд мөргөөд, хүчин мөхөсдөөд ирэхээр хэн нэгэн аврагчийг эрдэг. Эцэстээ тэр нь шашин болдог юм шиг байгаа юм.

-Тэгвэл танд тэгж аврал эрж, гарах гарцгүй болчихсон ч юм шиг санагддаг үе байсан уу?

-Ер нь заавал гарц байдаг юмаа. Тийм үе тохиолддог ш дээ, амьдралд. Тэр үед сайн бодох л хэрэгтэй. Бодоод заавал гарцыг олох хэрэгтэй. Магадгүй нэг, хоёр, гурав дөрөв, таван азгүйтэл байг л дээ. Заавал азтай тохиолдол, гарц гарч ирж л таараа. Тэрэнд л өөрөө зоригтой, итгэлтэй байх хэрэгтэй. Ер нь амьдрал итгэл дээр тогтдог юм шүү. Хүнд өөртөө итгэх итгэл байх ёстой. Хүн өөртөө итгэхээ итгэлээ алдчихаар л амьдрал утгагүй болчихож байгаа юм.

Сонирхуулахад, Хятадад нэг сонин эмчилгээ байна аа. Өвчинд дарлагдаад, амьдрах итгэлгүй болчихсон хүмүүст маш хүнд хэцүү байдлаас өөрийгөө болон өвчнөө ялан дийлээд эдгээд сайхан болсон хүмүүсийн бичлэгийг үзүүлдэг эмчилгээ. Тэр эмчилгээнд хамрагдсан хүмүүс хачин сайхан өөдрөг болоод хөл дээрээ босч чаддаггүй байсан хүн хөл дээрээ босоод ирж байна. Энэ бол итгэл, энерги, эрч хүчийг өгч байгаа хэрэг биз. Тэгэхээр шашин шүтлэг, бөө энэ тэрд олон сая төгрөгийн барьц өгч байхаар тэр итгэлийг, эрч хүчийг л олж авах хэрэгтэй юм шиг ээ.

-Тийм бол танд мэргэжлээсээ гадуур хийх дуртай зүйл, хобби бий юу?

-Байхгүй ш дээ. Намайг хобби байхгүй гэсэн чинь хачин их шүүмжилсэн шүү дээ. Юу гэсэн үг вэ, чи чинь. Хүн бүр хоббитой байхад, ичээч ч гэх шиг/инээв/. Тэгээд би нээрээ яагаад хоббигүй юм болоо гээд бодоод үзсэн чинь бүх л цагаа ажилдаа зарцуулдаг юм билээ. Би ер нь гэртээ дээшээ хараад л амраад  хэвтэж байснаа санадаггүй ш дээ. Одоо хааяа тэгж зурагт энэ тэр үзээд л, юу ч бодохгүй хэвтэхсэн гэж. Бас та эмэгтэй хүний хувьд толины өмнө хэчнээн цаг зарцуулдаг вэ энэ тэр гэсэн асуулт сонин санагдаад байдаг юм. Бодоод үзсэн чинь би толины өмнө 10 минут ч сууж үзээгүй юм байна лээ.

-Үгүй байлгүй дээ. Урлагийнхан чинь харин гоё сайхан харагдахын тулд толины өмнө гоёж, гоодоход нэлээд цагийг зарцуулдаг хүмүүс юм биш үү?

-Магадгүй. Гэхдээ миний хувьд бол тийм биш. Өглөө босоод нүүрээ угаачихаад л ажилдаа гарна. Нүүр амаа будахад нэг их цаг зарцуулаад байхгүй. Гарцаагүй нэвтрүүлэг энэ тэртэй бол машиндаа нүүрээ будаад л орчих жишээтэй. Тэрнээс толины өмнө гоёхын тулд тухалж суугаад будаж байснаа санахгүй байгаа байхгүй юү. Сонин юм билээ. Харин тоглолтод ороход бол яалт ч үгүй толины өмнө суугаад дүрийн будалтаа хийж байгаа юм. Тэгж суухдаа л хөөх би толины өмнө суугаад нүүрээ будаж байна ш дээ гэж дандаа боддог.

Гэхдээ энэ бол тийм сайрхаад байх зүйл биш л дээ. Бодоод байхад эмэгтэй хүн толины өмнө зайлшгүй цагийг өнгөрөөж байх хэрэгтэй юм шиг ээ. Яагаад гэвэл, гэр оронд ч тэр, энд тэнд ажил дээр ч тэр гэр орныхон ч, харчууд ч эмэгтэйчүүдээ л дагаж баясдаг байхгүй юү. Эмэгтэй хүн л тэр өрөөнд гэрэл гэгээ, сайхан зөөлөн уур амьсгал нь болж байдаг юм билээ л дээ. Эмэгтэйчүүд нь гоё байхаар тухайн албан байгууллага нь ч гоё байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн болсны хариулцлага гэж байна аа даа. Энэ тал дээр би өөртөө дүгнэлт хийгээд л байгаа юм. Тэгсэн хэрнээ л тэгж чаддаггүй.

-Магадгүй та толины өмнө эргэлдэх цаг гаргадаггүй болохоор нэг л өнгө төрхтэйгөөр олон жил явлаа гэдэг шүүмжлэлийг хүртдэг юм биш үү?

-Магадгүй л юм. Энэ байдал маань миний хувийн зан чанартай ч холбоотой байх. Би хүний өмссөн зүүсэн, үсээс хэд өөрчилж янзалсан гэх мэт гадаад өнгө төрхөнд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Тухайн хүн нь хэн бэ гэдэгт л ач холбогдол өгдөг. Тийм болохоор л ийм байдаг болов уу. Тэрнээс өмссөн зүүсэн, будсан шунхадсан байдлаар нь би бусдыг дүгнэдэг байсан бол хүн намайг тэгж хэлнэ, би ингэж харагдах ёстой гээд л явах байсан байх. Ер нь тэгээд гоёж гоодно, толины өмнө эргэлдэнэ гэдэг бас их цаг завтай хүний ажил л даа. Тэрийг би амьдралынхаа туршлагаар нотолно/инээв/.

-Завгүй их ажлынхаа хажуугаар гэрт чинь гэгээ болсон “жижигхэн нөхөрт” хэр цаг гаргаж байна даа?

-Боломжоороо л цаг гаргахыг чухалчилдаг. Заримдаа бол үнэхээр гаргаж чадахгүй байх нь ч бий. Үнэндээ би шөнийн дунд орж ирээд л охиноо өдий хүртэл орхиод гэж өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд л, үнэрлээд, тэврээд л гурав, дөрөв хүртэл суух нь бий. Ингэж л хайраа шингээдэг. Тэгээд л хар үүрээр орхиод гарах жишээтэй. Уран бүтээлч хүний хүүхэд угаасаа л тийм замыг туулдаг даа. Тэгж чадахгүй бол би энэ ажлыг орхихоос өөр аргагүйд хүрнэ. Тийм болохоор боломж бололцоогоороо, цаг зав гарвал л гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ байхыг хүсдэг.

-Тэгэхээр нөхрийн хувьд ижил мэргэжилтэй болохоор гэрийн эзэгтэй байхыг шаардахгүй нь сайхан юм даа?

-Хэлээд юүхэв. Энэ тал дээр асуудалгүй нь сайхан. Тэрнээс өөр хүн байсан бол хэн ийм эхнэртэй байхыг хүсэх вэ дээ. Бас хэн тийм нөхөртэй байхыг хүсэх юм бэ. Ямар ч цагийн зохицуулалтгүй, хэцүү ш дээ.

-Танхай тээгч маань бас хулгайч гэж байгаа. Харин та амьдрал дээр ямар нэгэн юм хулгайлж үзсэн үү?

-Естой үгүй. Ээж минь хулгай хийх шиг муухай зүйл байхгүй гэдгийг надад маш сайн ойлгуулсан. Тийм болохоор би ч охиндоо үүнийг маш сайн хэлдэг. Миний охин юмыг хулгайлж огт болохгүй. Чи авья гээгүй байхад л чөтгөр цаанаас чинь авчих, авчих гээд байгаа юм. Тэр чөтгөрт үгүй гэж хэлж чаддаг байгаарай. Тэгэхгүй бол хулгайч гэж нэрийг нэг л авчихвал насаараа тэр нэрийг зүүнэ ш дээ гээд л.

Намайг жаахан байхад олон хүмүүсийн таньдаг бидний хувьд их мундаг хүн гэж боддог байсан нэг хүн хулгай хийгээд баригдаад, бид бүүр шоконд орж байсан юм. Ээж маань ч тэрэнд их эмзэглэж надад чөтгөр л энэ хүнийг ингээд хорлочихлоо гэж тайлбарлаж өгч байлаа. Энэ түүхийг би ердөө мартдаггүй юм.

-Гэхдээ хүүхэд байхдаа хулгай хийж үзээгүй хүн гэж бараг байдаггүй юм билээ. Ээж аавынхаа авдраас чихэр энэ тэрхэн тоншчихдог байсан гэдэг юм?

-Тийм үү. Би үнэндээ нэг чихэр ч хулгай хийж үзээгүй. Яагаад гэвэл, би чихэр тоодоггүй хүүхэд байсан юм. Чихэрт дуртай байсан бол хулгай хийх л байсан байх л даа. Тоодоггүй байсан болохоор тийм юманд орооцолдоогүй байхгүй юү.

-Урлагийнхны хувьд дандаа хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Тэр ч утгаараа элдэв хэл амны бай болох нь элбэг. Таныг тойрсон элдэв яриа ч багагүй гардаг. Гэхдээ таныг нэг удаа ч болов няцаалт өгч байсныг санахгүй юм?

-Тэгж явах зав алга байна шүү дээ. Би заримдаа боддог юм, араас нь хөөцөлдөөд явах завгүйг нь мэдээд тэгж бичээд байдаг юм болов уу гэж. Үнэндээ олны танил хүмүүс чинь хамгийн их эрхээ зөрчүүлдэг хүмүүс шүү дээ. Тэгэхдээ хаа очиж би бол гайгүй муу хэлэгддэг, гайгүй доромжлогддог хүний тоонд орно оо гэж өөрийгөө боддог ш дээ.  Үнэндээ бол би бусдад гай болоогүй шүү дээ. Мөрөөрөө ажлаа хийгээд л амьдарч байна.

-Ингэхэд Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрийдлээр бизнес хийж байна гэсэн мэдээлэл гараад байсан. Одоо та тэр сургуультай холбоотой байж, үйл ажиллагаанд нь оролцож байгаа юу?

-Үйл ажиллагаанд нь би огт оролцдоггүй. Сургуулиа бариад, хүмүүст нь хүлээлгээд өгсөн. 6-16 насны хүүхдүүдийг сургаж байгаа гэж тэр хүмүүс нь надад хэлсэн. Тэгсэн чинь Улаанчулуутын хүүхдүүдээр бизнес хийлээ гэнэ. Яаж тэгж хэлж чадаж байна аа. Би үзээд гомдож байгаа байхгүй юү. Гомдохоос өөрөөр би яахын. Надад бизнес хийгээд явах тийм ухаан, зав зай алга. Би чинь ямар ч бизнесийн ухаангүй хүн ш дээ. Үнэндээ нэг юм олигтой ч зарчих чадваргүй хүн байхгүй юү.  

-Бизнес хийх гэж оролдож ч үзээгүй юү?

-Үзээгүй. Амьралдаа нэг ч юм зарж үзээгүй. Амьдралд үнэндээ гомдох баярлах үе олон байна. Нэлээгүй хэмжээгээр гүтгүүлж байна. Гүтгээд биччихсэнийх нь дараах сэтгэгдлүүд нь үнэхээр аймаар байдаг. Би уншдаггүй ш дээ. Хамгийн анх жирэмсэн байх үедээ сэтгэл санааны хэлбэлзэлгүйгээр, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж байхад интернэт рүү ороод нэг юм уншчихсан чинь шууд даралт унаад, ухаан алдаад баларсан ш дээ. Тэгэхэд л Бархүү чи хэзээ ч ийм балай юм битгий уншиж бай гэсэн. Аливааг эмоциороо, сэтгэл хөдлөл өндөртэй хүлээж авдаг хүн тийм юм унших хэрэггүй л юм билээ. Аймаар гутарчихдаг. Тэрний оронд юу ч мэдэхгүй, зүгээр л ажлаа хийгээд явсан нь дээр. Тийм болохоор тэрнээс хойш энэ ертөнц рүү орж юу ч уншаагүй байгаа.

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хатагтай Nora(209.95.36.14) 2015 оны 03 сарын 09

Хэрэв та яаралтай зээлийн холбоо noramildred.loans@hotmail.com хэрэгтэй юу

0  |  0
Dash(72.88.208.51) 2015 оны 01 сарын 24

Saihan yariltslaga bna. Mergejildee ezen baihiin gaihamshig yum daa. Humuus muu heleh yahav ee. Idsen eruu huvhairch iduulsen but tsetseglene gdg ug bdgiim. AMJILT!!!

0  |  0
taivan(150.129.142.136) 2015 оны 01 сарын 10

sain bna onon gej ovilgo muutai chadvargui huntei niilj hoshin shog gej amitnii doog bolj baisnaas kinogoo buur sain hiigeerei amjilt

0  |  0
mnbv.(182.160.1.155) 2015 оны 01 сарын 10

shashin shutlegiib huvid mash zuv yarisan bn.olon hund ulger boloosoi bilee.minii huvid Odnoog ogthon ch hundeldeggui,yagaad baij bolohgui gej-taalagddaggui..harin itgel bishreliin huvid 100 huvi sanaa niileh yum bn.

0  |  0
OAK(99.57.27.106) 2015 оны 01 сарын 09

odnoo bol od mon..... barhyy bol odnoogiin dalbain dor yamar h avyasgyi batsaan ODNOO BARHYYDEE ZAAVAL DYR OGH TOGLUULHAA BOLMOIR YM NAADAH CHIN GYGEGLEG CHADAHGYI BN...

0  |  0
vnen vg(150.129.143.125) 2015 оны 01 сарын 09

zalitai ikh muu khvvkhen dee nvdrvv ni kharaad vzeerei caana l sanaatai . jijig bietei khvvkhnvvd gej baaxan coron sanaa l baidag yum uu daa

0  |  0
зочин(150.129.142.105) 2015 оны 01 сарын 09

Одноо тураад охин шиг, бүр гоё болчихож.Уран бүтээлийн их амжилт, аз жаргал хүсье.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top