Ууцны үнэ 160 мянгаас эхэлж, орос гурил хаданд гарах нь

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Сар шинийн баяр дөхөж хэн хүнгүй баярын ширээний ууц, тавгын идээнийхээ үнэд санаа зовж эхэлдэг. Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний бараа үнэтэй байгаа ч монголчууд ирэх жил өөдлөн дэвжихийг билэгдэн үндэсний баяраа элбэг, дэлбэг сайхан тэмдэглэхийг хүсдэг. Цагаан сарын баяр болоход даруй сарын хугацаа дутуу байгаа энэ үед иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлжээ. Нийслэлчүүдийн баярын үүцээ бэлддэг, хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг “Хүчит шонхор” захыг зорилоо. Түм түжигнэж, бум бужигнахгүй байгаа ч баярын хэрэгцээгээ хямд дээр нь базаая гэсэн хүмүүсийн хөл энд тасрахгүй байна.

Хамгийн том ууц 300 мянга

“Хүчит шонхор” зах дээр ууцны худалдаа аль хэдийн эхэлсэн бөгөөд машины тэвшин дээр дэлгэн тавьсан янз бүрийн хэмжээтэй хонины ууц зарсан наймаачид 160-300 мянган төгрөгийн хооронд үнэ хэлж байлаа. Өнгөрсөн жил том хонины ууц 350 мянга гэж байсан бол энэ жил ууц хамгийн үнэтэй нь 300 мянга гэж дуугарч байлаа. Харин жижиг төлөгний ууц 160-аас эхэлж байна. Дундаж айлын хэрэгцээнд бол 200 мянгаас 280 мянгын хооронд боломжийн ууц худалдан авахаар байгаа юм. Эндээс харвал ууцны үнэ энэ жил төдийлөн өсөхгүй, өмнөх жилтэй дүйцэхээр байх нь.

Жилийн энэ үед махны үнэ өсч эхэлдэг. Тиймээс тэтгэврийн хэдээрээ Цагаан сарын буузны мах, ууцаа хямд авах гэсэн хөгшчүүл яг одоо л амжиж “дарсан” хэдэн төгрөгөө гаргадаг цаг. Хөдөөний малчид малын махаа аль болох ихийг зарахын тулд хямд үнээр ченжүүдэд зарж байна. Цагаан сарын ид “сезон” хараахан эхлээгүй байгаа тул ченжүүд ч тэнгэрт тултал өсгөөгүй байгаа юм. Тухайлбал нэг килограмм хонины ястай мах 4600, шулсан нь 6200 төгрөг. Харин үхрийн цул мах 7300 төгрөг, адууны цул мах 5500 төгрөг байна. “Хүчит шонхор” зах мал эмнэлгийн лабораторитай, худалдаачид бүгд шинжилгээний бичигтэй байгаа тул эндээс шинэ махыг санаа зовохгүйгээр авч болно. Бас буузны махаа машинаар татуулъя гэвэл килограмм тутам нь 200 төгрөг. Махаа татуулах хүмүүсийн хөл тасрахгүй байна лээ.  Бас л хөөрхөн бизнес шүү.

Орос гурил хаданд гарах нь

“Алтантариа”, “Улаанбаатар” гээд үндэсний үйлдвэрүүдийн гурил Цагаан сарын хэрэгцээнээс гарсан гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. Буузны гурилаа бэлдэж яваа хүмүүс “Цесна” орос гурилыг л сураглаж байна. Ус даадаг, бууз хийхэд тохирсон гэж “онц” үнэлгээ аваад байгаа “Цесна” гурил нэг килограмм нь 2000 төгрөг. Хэрэв 10 кг-ын савлагаатайгаар авбал 20 мянга, харин 25 кг-ын шуудаатай нь 38 мянган төгрөгөөр зарж байна. Том шуудаатай нь нэг килограмм тутам нь 1520 төгрөгөөр бодогдож, арай хямд тусч байгаа юм уу даа.

Харин монгол гурилаас бууз хийхэд арай дөнгүүр нь Хэнтийн “Хурх”-ын гурил гэнэ. Үнэ нь 25 кг-ын савлагаатай нь 35 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл нэг кг нь 1400 төгрөгөөр зарагдаж байна. Гэхдээ л иргэд сүүлийн хэдэн жил хамгийн эрэлттэй байгаа орос “Цесна”-г сонгох нь их байна. Баяр дөхөх тусам “монополь” болдог энэ гурилын үнэ нэмэгдэх нь дамжиггүй.

Цагаан  идээний үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй, аяга таваг, ширээний хулдаас, хивс гээд жижиг сажиг “эрэлттэй” бараануудын үнэ Цагаан сарын “сезон”-д автаагүй байгаа тул мах, гурилын үнийг онцоллоо. Харин хэвийн боовны хувьд “Өгөөж”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг томоохон үйлдвэрүүд худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд дундаж үнэ нь 2200 төгрөг байна. Одоохондоо “Гандангийн” шар тостой боов зарагдаж эхлээгүй байна. Энэ жил ул боовны үнэ өмнөх жилийнхээс төдийлөн өөрчлөгдөхгүй гэж худалдаачид ярьж байлаа.

Тэтгэврийн эмээ, өвөө нартай зэрэгцээд яг одоо баярын идээ, будаагаа базаавал хэтэвчтэй мөнгөө багагүй хэмнэхээр байна шүү.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.223) 2015 оны 01 сарын 26

Mongol gurilyn chanar ene jil sain l baih shig sanagdsan. Zaaval gadny umand hoshuurdag manaihny tuilshral ulsaa dampuurahad tus bolj baih shig!

0  |  0
зочин(122.201.21.160) 2015 оны 01 сарын 12

Монголын олон баярын хамгийн дарамттай баяр ЦАГААН САР Хямралын энэ үед цагаан сарыг ард түмэнд дарамтгүйгээр баяр шиг баяр болгохын тулд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Үүнд төр засгийн тэргүүдийн санаачлага болон уриалга зайлшгүй хэрэгтэй бна.

0  |  0
bi(150.129.142.113) 2015 оны 01 сарын 12

ail bur uuts tavih albagui shuu dee yur n tsagaan sariig malgui hotiin bid nar tsomhon tseverhen temdeglej surval zugeer hot duuren maltai hodooniihon l uuts tavidag yum bga biz ah duuseeree restorand hiih chin l zugeer sanagdsan ail hesehgui bi bur ail hesne gehees yas havtaidag

0  |  0
Иргэн(202.126.91.104) 2015 оны 01 сарын 12

Уг ёс заншлаа бодохоор ууц тавимаар байдаг. Ченж шулаачдыг бодохоор нийслэлийнхэн ууц тавихгүй байвал наад хэд чинь үхнэ дээ.

0  |  0
hi(221.219.144.16) 2015 оны 01 сарын 12

www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-0

0  |  0
mongol guril(150.129.141.252) 2015 оны 01 сарын 12

MONGOLG GURILAA XEREGLENE ZAAVAL KASAK GURIL AVAX ALBA UU

0  |  0
аааа(202.72.246.106) 2015 оны 01 сарын 12

Ууцгүй цагаан сар хийцгээе !!!

0  |  0
зочин(27.123.214.2) 2015 оны 01 сарын 12

Үнэ тогтворжуулах гэдэг нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж хувийн компануудадын үйл ажиллагаанд төр хэт их оролцсоны гор гарч байна даа.

0  |  0
яяя(202.179.29.134) 2015 оны 01 сарын 12

Хурхын гурил сайн дээ, алтан тариа ч зүгээр дажгүй болсон байна лээ. алтан тариагаас нэг хэсэг айж байсан. ойрноос хэрэглэж эхэлж байгаа. харийн гурилаар яадгын дотоодын үйлдвэрээсээ хэрэглэх хэрэгтэй

0  |  0
bolor(150.129.142.113) 2015 оны 01 сарын 12

bi ene jilees hurhiin guriliig ih idevhtei hereglej bga undesnii uildveree demjine altan taria ard tumniiheeitgeliig aldsan hog zugeer l hog hairan tarialanchdiin hodolmor

0  |  0
zochin(112.221.201.197) 2015 оны 01 сарын 12

Uul n oros guril bish Kazakhstanii guril sh dee Tsesna chin

0  |  0
Top