Б.Гарамгайбаатар: Анхнаасаа нэгдсэн нэг төсөвтэй яваагүйн гайг бид хүлээж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Өнөөдөр хуралдсан АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Зарим гишүүд өмнөх Засгийн газар өрийн таазын хэмжээг хууль зөрчин нэмсэн, УИХ-ын гишүүдэд буруу мэдээлэл өгсөн гэж шүүмжлэх болсон талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өрийн таазыг Засгийн газраас 60 хувиар оруулж ирсэн. Намуудын зөвшилцлийн хүрээнд ярьж тохирсноор гадаадаас өндөр хүүтэй зээл нэмж зээл авахыг зогсоосон. Өмнө нь Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсан. Үүнийг өнөөдрийн бодит нөхцөл байдал дээр авчирахаар та бүхний ойлгож яриад байгаачлан өрийн тааз 60 хувьд хүрээд байгаа юм. Үүнийг нэг баланстай болгохын тулд намууд нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс бус зээл нэмж авах асуудал байхгүй. Харин Засгийн газар хувийн хэвшлийнхэнд баталгаа гаргаж өгдөг асуудал нээлттэй байгаа. Өмнөх Засгийн газар хариуцлагаа хүлээсэн гэж үзэж байна. Анхнаасаа нэгдсэн нэг төсөв, нэг баланстай яваагүйн гайг бид хүлээж байна. Түүнээс биш энэ засаг байгуулагдаад өдрөөс өдөрт өр нэмэгдээд байгаа асуудал байхгүй. Төсөл, арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг төсөвт суулгаагүйн гай, суулгаснаас үүссэн нөхцөл байдал бодит байдал дээр ингэж харагдаж байгаа юм” гэлээ.

 Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.28.208) 2015 оны 01 сарын 20

Нэгдсэн төсөвгүй заваарч явахад нь та энэ танхимд хэрэлдээд л сууж л байсан шүү дээ.

0  |  0
Top