Ч.Улаан: Нефтийн татварыг нэмбэл эдийн засагт дарамт үүсэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Шатgхуун, дезилийн түлшний онцгой албан татварыг 228 сая төгрөгөөр нэмэгдүүлж, цалин, тэтгэвэрийг нэмж, одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ бууж байгаа ч манайд эсэргээрээ нэмэгдэж ч болох тус шийдвэрийн талаар УИХ-чын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

- Шатахууны онцгой албан татварыг нэмэхээр боллоо. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдээд, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэхгүй гэж үү?

-Энэ бол төсвийн тодотгол хийж байгаа үед гэнэт л яригдаж байгаа асуудал. Би сая байнгын хорооны ажлын хэсгээс хэн анх ийм санал гаргасан бэ гэдгийг тодрууллаа. Тэгэхэд ажлын хэсэг ч юм шиг, Засгийн газар ч өргөн барьсан юм шиг тодорхойгүй байдалтай байна. Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэнэтхэн 230 тэрбум төгрөгийн орлого олчихлоо гэж яриад унасан. Энэ бол нэлээн ул суурьтай хандах асуудал. Ер нь шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ гэдэг орлого дайчилж байгаа талаасаа зөв байх. Энэ талаас нь байж болох хувилбар гэж би дэмжиж байна. Ер нь бол аливаа шийдвэр эерэг, сөрөг үр дагавартай. Үр дагаврыг нь хэр зэрэг тооцож энэ саналыг оруулсан юм бол сайн мэдэхгүй байна. Манайд эдийн засгийн үндсэн тэнцвэрийг, ялангуяа юмны үнэ ханшийг хадгалж байдаг суурь үнэ гэж байдаг. Суурь үнэ гэдэг нь ерөөсөө л шатахуун, цахилгааны үнэ. Эдгээрийн үнээр оролдоод эхэлхээр бүх зүйлийн үнэд нөлөөлдөг. Олон давхар давалгаа явдаг. Зүгээр нэг төсвийн зарлагаа хасч чадахгүй нэмж байгаа үйлдлээ зөвтгөхийн тулд орлого олох, үүний тулд онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсан бол энэ их өндөр үнээр олдож байгаа санхүүжилт болох байх шүү.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байна. Манайх татвараа нэмэлгүйгээр шатахууныхаа үнийг бууруулаад, өргөн хэрэглээний барааны үнээ ч дагаад буулгавал эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үү?

-Ер нь нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг уян хатан тогтоож, дэлхийн зах зээлийн үнэ ханштай уяалдуулаад, дотоодын зах зээлийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Засгийн газарт тодорхой эрх хэмжээг өгсөн байдаг. Хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газар зохицуулж явдаг. Дэлхийн зах зээл дээр үнэ буурвал дотоодын үнээ бууруулж, нэмэгдвэл дотоодын албан татварынхаа хэмжээг зохицуулдаг. Гэхдээ одоо ярьж байгаа асуудал энэ хуулиас гадуур зохицуулалт орж ирж байна. Бүхэлд нь татварыг нэмэгдүүлэх нь нийт эдийн засагт, хэрэглээний үнийн түвшин, ард түмний амжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ул суурьтай тооцох ёстой. Жижиг чулуугаар маш том чулуу хөдлөж байгаа шүү.

-Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан ч цаашдаа ямар байх чиг хандлага ажиглагдаж байгаа бол. Манайх татвараа нэмчихээр шатахууны үнэ өсчих юм биш биз дээ?

-Татвар нэмэгдэхээр яадгийг би хэлмээргүй байна. Манайд явж ирсэн уламжлал, тогтсон жишиг ойлгомжтой. Татвар нэмсэн байтугай, нэмээгүй байхад л үнэ өсдөг. Ийм байдал битгий гараасай л гэж би хүсч байна.

-Та чуулган дээр хэлэхдээ өрөө тулгаад баталчихаар хөнгөлттэй зээлүүд авах боломжгүй боллоо гэж байсан. Тухайлбал, ямар зээлүүдийг авах боломжгүй болж байгаа вэ?

-Дэлхийн банкны таван төслийн талаар УИХ-аар хэлэлцээд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах нь зүйтэй гээд шийдчихсэн. Азийн хөгжлийн банкны гурав, Австари улсаас авах таван зээл бий. Өөр бусад улсаас авч болох хөнгөлөлттэй зээлүүд ч бий. УИХ-аас авч, ашиглая гээд шийдчихсэн. Гэтэл яг үүнийг хэрэгжүүлэх гэхээр өрийн таазаар хязгаарлагдаж байна. Нэг ёсондоо эдгээр зээлийг авах асуудал байхгүй болж байгаа юм. Гэтэл өнөөдөр төсвийн байнгын хороон дээр намын бүлгүүдийн асуудлыг хэлэлцээд нэмэгдэл зээл авах хэрэгцээ нөхцөл дэмжигдчихлээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд 58.3 хувьд багтахгүй. Харин Загсийн газрын оруулж ирсэн 60 гэдэгт багтаж байна уу, үгүй юу гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Тэгэхээр 58.3 гэдэг бодит нөхцөлтэй нийцэхгүй байна. Нэгэнт л 40 байх ёстой өрийн хязгаарыг бид 58.3 хувь болгочихлоо. Нэгэнт л нэмж байгаа бол зайлшгүй авч болох шаардлагатай эх үүсвэрүүдээ тооцоод хэмжээгээ оновчтой тогтоох нь зөв байсан.

-Дахиад өрийн таазын асуудлыг оруулж ирнэ гэсэн үг үү ?

-Аргагүй нөхцөл байдал үүсчихсэн. Өрийн хэмжээний тухай асуудал удахгүй орж ирэх байх.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.46.206) 2015 оны 01 сарын 22

Улаан аа!. Манайд ямар юмных нь газрын тосны зах зээл байх вэ? дээ...Хэдэн шатахууны наймаачид л байна, тэд нар дотор архины наймаагаар ард түмнийг хордуулаад одоо шатахуун дамалдаг болсон шуналтангууд ч байна. Тэдний ард хувь хүртдэг улс төрчид байдаг юм шиг билээ. Гарц нь ердөө л газрын тосны хайгуул-олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүний импорт, худалдаа, хангамжийг

0  |  0
Top