Байр суурь: Дэд сайд хэрэгтэй юу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Чойжилсүрэн, Б.Болор нарын гишүүд дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй гэсэн саналыг байнгын хороонд оруулсан. Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжээгүй боловч өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган дэд сайдын албан тушаалыг цомхотгох нь зүйтэй гэж шийдсэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ шийдвэр нь хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учраас дэд сайдын албан тушаалыг хэвээр үлдээхээр болсон гэсэн шийдвэр гаргалаа. Дэд сайд улс төрийн томилгоо. Энэ албан тушаал байх шаардлагатай эсэх талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Б.Бат-Эрдэнэ: Дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй

- Төрийн албаны данхар бүтэц, үрэлгэн зардлын талаар сүүлийн үед их ярьж байна. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед даргалах бүрэлдэхүүний цомхотгол хийх шаардлагатай. Дарга сайд, аймгийн Засаг дарга нарын орлогч, дэд сайд гээд маш олон албан тушаал бий. Яамдын сайд нар дэд сайдгүй ажлаа аваад явдаг байсан бол одоо бүр “ихэрлүүлээд” авсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг 18 яам 16 сайдтай байхад данхар бүтэц гэж шүүмжилж, 13 яам, 16 сайдтай болгосон. Гэтэл сахил хүртээд шал дордохын үлгэрээр парламентад суудалтай бүх намууд нийлээд их эвслийн Засгийн газар байгуулж, яамдын тоог нэмээд 15 яам, 19 сайд, 17 дэд сайдтай болгосон. Төсвийн хэмнэлтийг хийх ёстой байтал дэд сайд нарын тоог нэмэгдүүлсэн. Үнэн хэрэг дээрээ энэ албан тушаал байх шаардлагагүй. Эдийн засаг хямралтай байхад хэмнэлт хийж чадахгүй байна. УИХ-ын чуулган дээр зарчмын зөрүүтэй санал дээр гишүүд асуулт асууж, үгээ хэлдэг. Гэтэл үг хэлэх боломж өгөхгүй, шууд санал хураагаад л явж байгаа.

Б.Наранхүү: Тогоондоо ямар ч бодлогогүйгээр зодолдоод байгаа нь буруу

- Би ийм зүйлд дургүй. Бид улам олуулаа ажиллаж, бүтээх ёстой. Түүнээс байгаа тогоондоо ямар ч бодлогогүйгээр зодолдоод байгаа нь буруу гэж бодож байна. Улам олон хүн Монголын төлөө ажиллаж байж, эдийн засгийг тэлж, өргөтгөж байж Монгол Улс хөгжинө. Ер нь Монголын философийн суурь ойлголтуудыг нь өөрчлөх ёстой. Жишээлбэл, өртэй хүн өөдөлдөггүй гэж яриад л байна. Гэвч өр тавиад зөв, буруу зарцуулах л асуудал байгаа. Түүнээс зээл авахгүй гэж ярьж болохгүй. Дэлхий дээр зээл авахгүй гэдэг улс орон нэг ч байхгүй. Тэгэхээр зүгээр нэг дэд сайд байгаа байхгүйдээ асуудал биш. Хэдэн төгрөг хэмнэх гээд арга бараад тэнд ажлаа хийж байгаа хүнийг халъя гэдэг л асуудал яваад байгаа юм. Энэ бол цэвэр популизм. Өшөө олон дэд сайдтай, хүчирхэг залуучидтай байж Монгол хөгжинө. Өөр ямар ч арга байхгүй. Дэд сайд байх ёстой. Харин тэр хүн хэрхэн, ямар ажил хийж байна гэдэг нь Засгийн газрын дотоод асуудал. Түүнээс бүх зүйлээ байхгүй болгож байж, хамгийн муу болж байж хөгжинө гэж байхгүй. Ганц сайд яамыг удирдахад хэцүү. Яам, УИХ, Засгийн газар, сонгогдсон тойрог гээд олон асуудал нэг хүний толгой дээр ирнэ. 76 суут ухаантай гишүүн байсан ч хөгжих боломжгүй. Монгол Улс цаашдаа хэрхэн хөгжих, яаж зөв замруугаа орох вэ гэдгийг боддог тусдаа уураг тархийг нь хийж өгөхгүй бол цаашдаа 76 хүнд найдах ямар ч арга байхгүй. Тиймээс Засгийн газрын бүтцээ хуульчиж тогтоож байгаад цэгцтэй, залгамж, бодлого, төлөвлөсөн ажилтай явахгүй бол цаашдаа хөгжих гарц харагдахгүй байна.

Б.Болор: Дэд сайдыг худалдаж авч байгаа нь үнэн

- Үндсэн хуулиндаа сайд, төрийн нарийн бичгийн дарга байх ёстой гэж бий. Дэд сайдын албан тушаал гэдэг сонгуульд хүмүүсээ тодруулах, шагналын алба болсон. Дэд сайдыг мөнгөөр худалдаж авч байна гэж яриад байгаа нь үнэний ортой гэж бодож байна. Хэмнэлтээ дээрээс эхэлье гэдэг саналыг С.Ганбаатар гишүүн гаргаж тавиад УИХ-ын чуулган дээр дэмжигдсэн. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр санал хураах ёсгүй. Гэтэл эд хууль зөрчөөд Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороог хуралдуулж дахин оруулах гэж байна. Энэ хууль зөрчиж байгаа үйлдэл. Дэд сайдыг цомхотгосноор 600 гаруй сая төгрөг хэмнэнэ. УИХ-ын чуулган дээр дэд сайдын албан тушаал хэрэггүй гэдэг санал өгсөн гишүүдийн чихнээс татаж байгаад дэд сайд байх ёстой гэсэн санал өгүүлж магадгүй. Хэрвээ ийм зүйл болвол бие даагчдын зөвлөл сөрөг хүчний хувьд Үндсэн хуулийн цэцэд хандана.

Г.Баярсайхан: Монгол Улс дэд сайдгүй ажиллаж байсан үе бий

- Монгол төр цомхон байх ёстой. Монгол Улсын Засгийн газар есхөн яамтай, дэд сайдгүй ажиллаж байсан үе бий. Эдийн засаг тэлэлттэй, бүтээн байгуулалтын үед дэд сайд, орон тоогоо нэмэх асуудал байж болно. Гэхдээ өнөөдрийн хувьд байдал эсргээгээр байгаа. Бид эдийн засгаа хумиж, агшааж байгаа энэ үед дэд сайдын албан тушаал байх ёсгүй. 600 гаруй сая төгрөгийг халамжийн мөнгөөр амьдарч байгаа иргэдэд нэмэр болгоод явуулах нь зүйтэй. Засгийн газрын хуульд дэд сайд байна гээд заачихсан байгаа. Гэхдээ УИХ хууль тогтоодог байгууллага учраас дэд сайдын орон тоог хасах эрхтэй. Би хувьдаа дэд сайд байх шаардлагагүй гэж үзэж байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GB(122.201.22.227) 2015 оны 01 сарын 24

Narankhuu l zuv yarisan baina. Neg tolgoinoos hoyor tolgoi yamagt deer baidag! Busad ni populistuud. gagtskhuu sain shakhaj ajiluul!

0  |  0
Top