Энэтхэгт Обама “хайр” зарласны учир

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад хоёр өдрийн улстөрийн айлчлал хийгээд буцлаа. Тэрбээр Энэтхэгийн засгийн газартай хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, цаашид нягт хамтран ажиллах болсноо олон нийтэд зарлав. Түүний энэхүү айлчлал Вашингтон, Делигийн харилцааг урьд урьдныхаас илүү “зузаан” харагдуулж, бүс нутгийн хэмжээнд дэлхийн хоёр хүчирхэг гүрэн нэжгээд зүйлс дээр хамтрахаар болсныг их гүрнүүд анхааралтай харав.

Обама Энэтхэгтэй дөрвөн тэрбум ам.долларын худалдаа, зээл, аж ахуй, үйлдвэрлэлийн гэрээ зурав. Урьд нь ямар ч улстай ийн дотносч амжаагүй Обамагийн хувьд Энэтхэг газар зүй геополитик, улстөрийн онцлогоороо тийм их таалагдав уу. Юутай ч Энэтхэгийн ерөнхий сайд Нерандра Моди холын Америкаас ирсэн зочноо байгаа бүхнээрээ дайлаад үдлээ.

Яг одоо бөмбөрцөг дээр дэлхийн шинэ уур амьсгал бий болохоор тэргүүлэгч гүрнүүдийн дунд хачин жигтэй, үл ойлголцлууд ар араасаа болсоор байгаа. Энэ байдлын хамгийн том оролцогчид бол ОХУ, АНУ билээ. Орос улс сүүлийн жлилүүдэд “Их-7” хэмээх том гүрнүүдийн хамтын нийгэмлэгээс гарч, Европтой хийх ихэнх худалдаа хэлэлцээрээ зогсооход хүрснээр  барахгүй өдгөө баруунтай харилцдаг “SWIFT” олон улсын гүйлгээний картнаасаа салахад хүрээд байна. Бас ОХУ-ын Европ руу гаргадаг байгалийн хийн хэмжээ хэд дахин буурч, хөгшин тив рүү чиглэсэн Оросын экспорт үлэмж унасан юм. Энэ байдал хойд хөршид эдийн засгийн төвөгтэй байдлыг учруулж, тус улад рублийн ханш сулрах боллоо.

Үүнтэй зэрэгцээд АНУ Москвагийн эсрэг олон орон эгнээндээ нэгтгэж, В.Путиныг ганцаардуулахаар харайлгаж явна. Үүний хамгийн том жишээ бол Энэтхэг.

Энэ уулзалтын хамгийн анхаарал татсан асуудал бол АНУ, Энэтхэг цөмийн зэвсэг, цөмийн олборлолт, баяжмалын гэрээнд хамтран ажиллахаар шийдсэн явдал байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд эргэлзээгүй бичигдэх болсон Энэтхэг холын Америктай үй олноор хөнөөх зэвсэглэлийн салбарт томоохон гэрээ  байгуулж, гарын үсгээ зуралцаад амжив. Обама ердөө л хоёр хонохдоо Делитэй хэд хэдэн чухал гэрээ байгуулахын сацуу хэдэн тэрбумаар хэмжигдэх батлан хамгаалахын хамтын ажиллагаа гээчийг хэрэгжүүлэхэд бэлэн болгожээ.

Энэ бүхэн Оросын эсрэг тавьж буй жүжиг юм болов уу. Ердөө 30 хүрэхгүй жилийн өмнө л Энэтхэг улс дэлхий дээр АНУ-ын том дайснуудын нэг байв. Хүйтэн дайны жилүүдэд “Американизм сөнөтүгэй” хэмээх уриалгыг энэтхэгчүүд гаргаж, Вашингтоны эсрэг устөрөгчийн бөмбөг бэлтгэж байгаа хэмээн барууны хэвлэлүүд хардаж байсан юм. Тэгвэл цаг үе өөр болж, Обама тэдний итгэлт нөхөр боллоо. Ингэснээр Энэтхэг дэлхийн геополитикийн тоглоомонд Оросын шинэ дайснаар нэрлэгдэх юм биш биз.

 Гэрээ зурагдсан цагаас хойш хэдэн зуун цэргийн алба хаагч бэлтгэж, шинэ танкууд үйлдвэрлэн, усан флотын цогцолбор барих ажил эхлэх юм байна. Энэхүү батлан хамгаалахын салбарт хийгдэж байгаа үлэмж шинэчлэл, ажлын хүрээнд цөмийн баяжуулалтын төсөл бараг нэг их наяд ам.доллараар хийгдэхээр болжээ.

 Талууд энэ гэрээгээр цэрэг зэвсгийн асар том хүрээлэн байгуулж, дэлхийн хүчирхэг гүрнүүдийн балансыг тэнцвэржүүлэх зорилго агуулж байна. Энэтхэгийн цэргийн шинэчлэл Оростой шууд тэрсэлдэх зорилго агуулаагүй ч Хятадын эсрэг хамгийн том түшиц газраа хамгаалалтын бүс босгож эхлэх Обамагийн санаачилга зөв бололтой.

Хоёр удирдагч зөвхөн батлан хамгаалахын талаар ярьсангүй. Тэд хоорондоо худалдааны салбараа өргөжүүлж, Америкаас Энэтхэг рүү чиглэсэн экспортын шугам татах аж. АНУ-ын импортын хоёр хүрэхгүй хувийг Энэтхэг бүрдүүлж байгаа бол зэргэлдээ орших Хятад улс л гэхэд АНУ-руу жилд хэдэн тэрбумын бараа, материал нийлүүлж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд АНУ Энэтхэг хоорондын худалдааны эргэлдэх салбарт 100 тэрбум ам.долларыг тодорхой дараалалтай зарцуулах Вашингтоны санаачилгыг Энэтхэгийн ерөнхий сайд хүлээн авлаа.

 “АНУ-Энэтхэгийн хооронд улстөр, нийгэм эдийн засгийн хамтран ажиллах бололцоотой асар их потенциаль оршин байгааг би анзаарсан. Бидний байгуулсан гэрээ үр дүнгээ өгч, жинхэнэ бодит хэрэг болно гэдэгт найдаж байна” хэмээн Обама инээмсэглэн өгүүллээ. Бас хоёр улс импорт-экспортын эргэлдэх салараа нэмэгдүүлэхийн тулд талуудын банкны гүйлгээг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьжээ. Энэ бол АНУ-ын Энэтхэгт хийж буй дунд хугацааны хөгжлийн бодлогын багахан хэсэг нь. Геопилитикийн хувьд Европ, Ази тивд Орос, Хятадын хамтын ажиллагаа шинэчилж, бүр цаашлаад Европын холбоо, АНУ-ын эсрэг Москва түрэмгийлбэл Вашингтоны цэргийн хамгийн том баазууд Энэтхэгт төвлөрөх нь тодорхой болсон юм.

Т.Батсугар

  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top