Дахин найман хүн мөнгөн усанд хорджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Баян-Өлгийн аймгийн Бугат сумын нутагт өнөөдөр найман хүн мөнгөн усанд хордсон байна. Тус суманд ЭМСЯ болон НЭМҮТөвийн хор судлалын мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд одоогоор хараахан хордлогын шалтгааныг тогтоогоогүй байна.  Мөнгөн усанд хордсон тохиолдолд ам залгиур, улаан хоолой, ходоодны орчим, шулуун гэдэсний дагуу хүчтэй хорсон өвдөх шинж тэмдэг илэрдэг бөгөөд толгой өвдөх,шүлс асгарах, амнаас эвгүй үнэр гарах, буйл улайж цус шүүрэх, хэлний гадар, залгиур дээр үхжсэн өнгөр тогтох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Иймээс ард иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж, мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

1. Мөнгө усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх:

 - Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.

 - Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.

 - Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.

 - Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ.

  - Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.

 - Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.

 - Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.

 - Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.

 - Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.

 - Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.

 2.
Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.

 

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top