Америкт зууны шуурга болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

АНУ-ын Нью-Йорк хотод сүүлийн зуун жил ороогүй цас унаж, шуурга шуурч байна. Тус улсын зүүн хойд эргээр ихээхэн хэмжээний хур тунадас унаж, зарим газраа цасны зузаа 90 см хүрчээ.

Хотын гудамжинд аврах албаныхан, түргэний автомашинууд хөлхөлдөж, онцгой байдлынхан хунгарласан цасыг цэвэрлэж, зам талбай чөлөөлж байна. Мөн Нью-Йорк, Нью-Жерси, Роуд Исланд, Масачусетс, Конестикут, Нью Хампширт тус тус цаг уурын онцгой байдал зарлажээ. Цаг уурын таагүй нөхцөл байдалтай бүс нутагт 60 сая хүн байгаа тухай АНУ-ын Цаг уурын хүрээлэн мэдэгдэв. Эдгээр муж, хотын захиргаад иргэдээ шаардлагагүй тохиолдолд гэр орноосоо гарахгүй байхыг хүсч, аль болох дулаахан, олон хүн цугласан газар очихыг зөвлөсөн байна.

Түүнчлэн цас ихээр орж буй хотуудад нийтдээ 6500 нислэг цуцлагдсан бол өнөө өглөөнөөс эхлэн сургууль, цэцэрлэгүүд түр хугацаанд хаагджээ.

Мөн өөр нэгэн мэдээлэлд Бостон хотод асар хүчтэй цасан шуурга дэгдэж, зам харилцаа тасалдахад хүрсэн байна. Цасан шуурга зарим газраа цагт 130 км цагийн хүчтэй байгаа төдийгүй АНУ-ын зүүн хойд эргийн бараг бүх хотод цас ихээр орж байна.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top