С.Мэндсайхан:Гурван сая дахь иргэний чацуутан 181 хүүхэд байгаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монгол Улс гурван сая дахь иргэнээ нэгдүгээр сарын 24-ний 08:27:25 цагт хүлээн авчээ. Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлсэн гурван сая дахь иргэн 3500 кг жинтэй 50 см урттай төрсөн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Ингээд Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханаас гурван сая дахь иргэнээ ямар аргачлалаар тодруулсаныг сонирхлоо.

-Гурван сая дахь иргэнээ ямар аргачлалаар тодруулсан бэ?

-Груван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдийг үе чацуутангаар тодруулсан. Энэ өдөр 181 хүүхэд төрсөн. Бид нэгдүгээр сарын 26-нд журам батлахдаа бүх төрөлтийг нэг бүрчлэн бүртгэж, нас баралтыг сүүлийн гурван жилийн нэгдүгээр сарын дунджаар тооцож хүний амынхаа тоог тодорхойлсон. Гурван сая дахь иргэнийг тодруулсан аргачлал нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын хүн ам 2 сая 995 мянга 949 байсан. Үүнээс хойш өдөр бүр, бүх төрөлтүүдийг бүртгэж авсан. Төрсөн хүүхдүүдийн цагийг дарааллуулаад жагсаасан. Мэдээж хороогийн жамаар хүмүүс мөнх бусыг үзүүлнэ. Нас баралтын тоон хэмжээг тодорхойлоход сүүлийн гурван жилийн нэгдүгээр сарын дунджаас үзэхэд 32 минут тутамд нэг хүн нас барж байна гэсэн тооцоо гарсан. Тэгээд энэ тооцооллын үндсэн дээр Монгол Улс нэгдүгээр сарын 24-ний өглөөнөөс эхлээд төрөхөд 73 дахь төрөлт  гурван сая дахь иргэн болно гэсэн тооцоо гарсан.

-Чацуутнуудын мэдээллийг хэзээ олон нийтэд ил болгох вэ?

 -Удахгүй манай сайтан дээр тавигдана. Мөн ойрын өдрүүдэд төрсөн хүүхдүүдийн мэдээллийг байршуулна. Төрөлтийн 40-50 хувь нь нийслэл хотод төрж байгаа.

-Манай улсын хүн ам шатлалтын хувьд хэрхэн нэмэгдэж байна вэ. Дөрвөн саяулаа болоход хэдий хугацаа шаарддагдах бол?

-Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд буюу 26 жилийн дараа хоёр сая хүрсэн. Үндсэндээ 26 жил гаруйн дараа манай хүн ам дахин саяар нэмэгдлээ. Тэгэхээр үндсэндээ ийм хугацаанд дахин нэг саяар нэмэгдэнэ. Дөрвөн саяулаа болох эрмэлзлэл рүүгээ тэмүүлж байгаа энэ үед анхаарах зүйл бас бий. Сүүлийн жилүүдэд төрөлт байнга нэмэгдэж байна. 2013, 2014 онд төрөлт өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж 80 гаруй мянга болсон. Гэхдээ 1990-ээд оноос буюу зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас 2000 он хүртэл төрөлт буурсан. Тэгэхээр өнөөдрийн хүүхдээ төрүүлж байгаа залуу эхчүүд бол 1988 он буюу төрөлтийн оргил үед төрж байсан хүүхдүүд 26, 27 настай өөрсдөө аав, ээж болж байна. Тэгэхээр бид хүн амаа хурдан өсгөхийн тулд 1990 оноос хойш төрсөн хүүхдүүдийн тоо цөөрөөд байгаа учраас төрөх насны эмэгтэйчүүд, нөхөн үржихгүйн насны эрэгтэйчүүд цөөн байгаа учраас энэ цаг үед төрөлтийг дэмжих бодлогыг төр засгаас явуулах хэрэгтэй.

-Яг өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам хэд хүрээд байна вэ?

-Яг тодорхой тооцоо гаргаагүй байна. Дунджаар гурван сая 400-500 орчим байгаа гэж тооцоолж байна.

-Гурван сая дахь иргэний үе чацуутан гурван хүүхэд гадаадад төрсөн гэж байна. Ямар орнуудад төрсөн бэ?

-Гурвуулаа Америкт төрсөн байна билээ. Хоёр нь ихэр хүүхэд.

-Гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд төрсөн. Яагаад ийм орой зарлаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт 24 хагас сайн, 25-н бүтэн сайн байсан. 24-25-ны өдрүүд гадаадад Монголын иргэн мэндэлсэн байх боломжтой байсан. Тэр хүүхдүүд консулдоо бүртгүүлэхийн тулд ажлын өдөр буюу 26-ны өдөр хандах ёстой. Америкт 26-н гэхээр манай энд 27-н гэсэн үг. Тиймээс бид 27-ныг дуустал төрсөн хүүхдүүдийнхээ мэдээллийг авсан. Хоёрдугаарт гурван сая дахь иргэн яг  хэдний өдөр, хэдэн цагт төрөхийг бид мэдэхгүй учраас 19-өөс хойш юм байна гэж үзээд 26-ныг дуустал мэдээлэл авсан. Өчигдөр орой 19-нөөс хойших бүх төрөлтийн мэдээллийг харахад 23-ны шөнийн байдлаар Монгол Улсын хүн ам 2 сая 999 мянга 943 байсан. Гурван сая болоход 57-хон хүүхдээр дутуу байсан. Өөрөөр хэлбэл, бид 24-нд гурван сая дахь иргэн төрсөн юм байна гэж мэдсэн. Тэгээд энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг минут, овог нэр нь зөв эсэхийг шалгасан. Ингээд 181 хүүхдээс 08:20 цагийн орчимд төрсөн хүүхэд нь Өмнөговьд төрсөн хүүхэд байна гэж тогтоосон. 

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.15.61) 2015 оны 01 сарын 28

ямар тэнэг гар вэ? Найраад байхдаа ч яахав дээ. ТООлоод л боллоо биз дээ.

0  |  0
мундаа(112.72.13.160) 2015 оны 01 сарын 28

181 хүүхдээс яаж наад хүнээ тодруулсан бэ, найраа хийсэн үү

0  |  0
Top