Ази тив агаарын бохирдлоор тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Дэлхий даяар агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Өнгөрсөн 2012 оны байдлаар дэлхий дээр өөд болж байгаа найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас нөгөө ертөнц рүү одсон байна.

Агаарын бохирдлын улмаас амьсгалын зам, уушигны хорт хавдар, химийн элдэв төрлийн бодисноос шалтгаалсан өвчлөл эрс нэмэгдэж ихэвчлэн хүүхдүүд амь насаараа хохирох явдал эрс нэмэгджээ.

Дэлхийн агаар мандлын судалгааны байгууллага бөмбөрцгийн хамгийн бохирдол ихтэй бүсээр Ази тивийг нэрлэв. Агаарын бохирдлын элдэв хорт утаа, нүүрсхүчлийн давхар исэл, азотын хий “үйлдвэрлэлээр” Хятад, Энэтхэг тэргүүлжээ. Өдөр бүр 2.7 тэрбум хүн бохирдсон агаараар амьсгалж байгаа тухай дээрх байгууллага дурьдсан юм.

 Хятадад 2010 оны байдлаар хүн амын дундах нас баралтын шалтгааны 40 хувийг агаарын бохирдол дангаараа эзэлж байсан юм. Энэ улс карбоны хий, нүүрс хүчлийн давхар ислийг хамгийн ихээр ялгаруулагчид билээ. Хонконгийн Эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтэд Хятадын томоохон хотуудад жил бүр 3000 хүн хортой агаараас шалтгаалж амиа алдаж буйг онцолжээ.

Мөн 2013 оны байдлаар Хятадын оршин суугчдын 47 хувьд агаарын бохирдол “хамгийн том” асуудлын нэг байсаар иржээ. Энэ үзүүлэлт цаасан дээр ч худлаа хэлээгүй. 2008 он гэхэд Хятад улс амьсгалын замын хорт хавдар өвчлөлөөр бүс нутагтаа тасархай тэргүүлжээ.

Ази тивд агаарын бохирдлоор тэргүүлэгч өөр нэгэн орон бол Энэтхэг. Энэ улсын нас баралтын таван хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалж хорвоог орхиж байна. Тус улсын 1600 хот 2014 оны байдлаар агаар мандал нь дээд зэргээр бохирдсон үзүүлэлттэй гарчээ. Энэ улс дэлхийн худалдааны зах зээлд цагаан бутаа, гурилын экспортоор тэргүүлдэг бол эдгээр аж ахуйн цогцолборууд агаарын бохирдлын голлох шалтгаан болж үүнээс үүдэн зүрх судасны хорт хавдар хүн амынх нь түгээмэл бэрхшээл болов. Энэтхэгийн агаар мандал хар карбон, нүүрсхүчил, азотын давхар исэл ялгаруулагч үйлдвэрүүдээс шалтгаалж 1980-2010 оны хооронд үндсэндээ хар саарал өнгөөр будагджээ. 

Хэрэв Хятад, Энэтхэг агаарын бохирдлынхоо эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол хотууд бүхэлдээ саарал хөшгөөр бүрхэгдэж, цаашлаад Ази тивийн озоны давхарга бүхэлдээ цоорох, үгүй болох аюул нүүрлэжээ. Бас томоохон үйлдвэрүүдийн ялгаруулж буй хорт утаатай зэрэгцэн автомашины яндангаас ялгарч байгаа хорт хий, нүүрсээр тэжээгддэг цахилгаан, дулааны станцууд Ази тивд улаан гэрэл асаахад хүргэж байна.

Өмнөд Азид амьдардаг 3.7 сая хүн зөвхөн агаарын бохирдлын улмаас хорвоог орхиж, энэ нь эдийн засаг, хүн ам хүрээлэн буй орчинд маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ДЭМБ анхааруулсаар байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top