Өрийн удирдлагын тухай хуультай боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагатай. Гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал асуултдаа, хуулийн төслийн 13.1.3-т дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн нь үнэт цаас гаргахыг хөгжүүлэхэд нь санхүүжилт хийнэ гэсэн үг үү, эсвэл зах зээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын бондыг тогтмол гаргадаг тогтолцоо руу орно гэж ойлгох уу. Засгийн газрын бондын эргэн төлөгдөх хүүгийн төлбөрийн эх үүсвэртэй холбоотой асуудлууд байгаа. Чухам ямар эх үүсвэрээс энийг эргэж төлнө гэж байгаа вэ. Мөн төслийн 17.1-д өрийн хязгаарыг 70, 20 байлгана гэсэн заалт орж ирсэн. Энэ тоог яаж гаргасан юм бэ. Жишээ нь өрийн 70 хувь гэж үзвэл Засгийн газрын бонд хэдэн хувийг нь, бусад өрүүд нь хэдэн хувийг эзлэх юм гэдгийг тодруулсан.

Гишүүний асуултад Сангийн яамны ажлын хэсгээс өгсөн тайлбартаа, Засгийн газрын үнэт цаасны төрөл гаргах зориулалт дээр үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн зорилго байгаа. Энэ нь байнгын арилжаатай болгох зорилготой. Засгийн газрын үнэт цаас нь өөрөө бирж дээр арилжаалагддаг бусад төрлийн өрийн хэрэгслүүдийн суурь үнэт цаас болдог учраас Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой. Бондын эргэн төлөлт төсвийн орлогоор эргэж төлөгдөх ёстой. Төсөв дээр тусгаж байгаа учраас орлого зарлагын төлөвлөгөөнд тусгагдаад мөн үндсэн төлбөрүүд нь ч төсвийнхөө төлөвлөгөөнд тусгагдаад явна. Өрийн хязгаар дээр 70 хувиар Засгийн газрын өрийг хязгаарлах, Засгийн газрын баталгааг ДНБ-ны 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хязгаарлах заалт хуулийн төсөлд тусгагдсан. Энэ хязгаарууд нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгодог өрийн эрсдэлд орохгүй байх тэр хязгааруудтай нийцүүлсэн байдлаар хийж тусгагдсан санал байгаа гэв.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 73,8 хувийн саналаар дэмжив. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх хуулийн заалттай. Иймээс уг хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 43 нь буюу 70,5 хувийн саналаар дэмжлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top