Ажлын явц нь зогссон барилгуудын гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээг цуцална

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Өнөөдөр Эрүүл мэнд,Спортын сайд Г.Шийлэгдамба өөрийн салбарын барилгын ажлын гүйцэтгэлийн явц зогссон  газруудад очиж бодит байдалтай танилцлаа. Энэ үеэрээ дээрх барилгуудын гүйцэтгэгч компанийн төлөөлөл, удирдлагуудтай уулзаж, юуны улмаас зогссон, ямар арга хэмжээ авах талаар ярилцсан юм. Ингэхдээ ХУД-т байрлах 300 ор бүхий төрөх төв, түүний дэргэд байрлах Геронтологийн үндэсний төв болох 60 ортой эмнэлэг, Чингэлтэй дүүрэг дэх 1000 хүний суудалтай спорт цогцолборын газруудаар явлаа. Ажлын бүрэлдэхүүнд ЭМСЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Баярсайхан, Хууль эрхзүйн албаны дарга Н.Бат-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюунсүрэн, Нийтийн биеийн тамир, спортын бодлого бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, Санхүү эдийн засгийн хэлтсийн Барилгын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Баянжаргал, Барилгын хөгжлийн төвийн холбогдох хяналтын инженерүүд багтсан юм. Улмаар гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээг цуцлахаар болов.  

Энэхүү барилгын ажлууд юуны улмаас зогсох болсон талаар Барилга хөгжлийн төвийн инженер С.Жамбалноровоос тодрууллаа.


-Энэхүү 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-2009 онд зураг төсөл нь хийгдээд 2010 оноос барилгын ажил явагдаж эхэлсэн.

-Уг барилгын ажилд хэдэн төгрөгний санхүүжилтийг төсөвлөсөн бэ?

-18 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэхүү санхүүжилтээр барилгын гүйцэтгэл 95.1 хувьтай хийгдэхэд хүрэлцэхүйц юм. Энэхүү төсвөөс 17 тэрбум төгрөгийг барилга гүйцэтгэгч “Нийслэл өргөө” компанид хүлээлгэж өгсөн. Дээрх санхүүжилтээр барилгын ажлыг 90 хувьтай гүйцэтгэх боломжтой байсан.

-Одоо барилгын гүйцэтгэл хэдэн хувьтай байна?

-Өнөөдрийн байдлаар уг барилга нь 68 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд барилгын ажил зогссон байна.

- Юуны улмаас барилгын ажил зогссон юм бэ?

-Үүнийг холбогдох гүйцэтгэгч компани тайлбарлахдаа санхүүжилт дууссан. Нэмэлт төсөв орсноор барилгын ажил дуусна гэсэн тайлбар өгсөн.

-Энэхүү барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол хэдийд ашиглалтад орох байсан бэ?

-Энэ ондоо багтаад ашиглалтад орох боломжтой байсан.

-Гүйцэтгэгч компаниудад ямар хариуцлага тооцож байгаа вэ?

-Дээрх газарт авлигтай тэмцэх газраас шалгалт хийгдсэн. Тодорхой дүгнэлт, шинжилгээ нь гараагүй байна.

Бүх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцална

Дээрх барилгын ажлыг дуусгахад хэдэн тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар ямар арга хэмжээ авах, дутуу орхисон барилгын гүйцэтгэгч компаниудад ямар хариуцлага тооцох талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодруулсан юм.


-Барилгын ажлыг хэзээнээс дуусгах гэж байна, энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Бид гүйцэтгэлийн явцийн голомттой танилцсан. Бүх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцална. Санхүүжилтын хувь хэмжээ их гүйцэтгэл нь бага байна. Харуул хамгаалалтыг нь зохицуулах, бусад эд хөрөнгө, мөн төрийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж, төрөх эмнэлэг иймэрхүү байдалтай байгаа учраас энд арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэнэ.  ШШГГ-аас ямар нэгэн танил талаараа хуулиас гадуур, ямар нэгэн эд материалыг захиран зарцуулах асуудал гарч байгаа талаар мэдээлэл ирж байна. Мөн тус барилгуудын өмч хөрөнгө нь барилгын ажил саатсанаас болж үгүй болж байна. Тиймээс харуул хамгаалалтыг манай захиалагч тал болох Эрүүл мэнд, спортын яам өөр дээрээ авч сайжруулна. Түүнчлэн энэхүү 300 ортой төрөх эмнэлгийг гүйцээж босгохын тулд 16 тэрбум төгрөгийн нэмэлт төсвийг хүссэн байна. Энэ нь зөвхөн дэд бүтэц, шугам сүлжээ бус зөвхөн барилгын гүйцэтгэлд шаардлагатай хөрөнгө юм. Тэгэхээр концессийн гэрээгээр шийдэж, шинээр тендер зарлаж, төсвийг дахин хэлэлцэнэ. Ингэснээр шат, шатны байгууллагууд хариуцлагатай ажиллахыг шаардана. Энэхүү барилга угсралтын ажлын талаарх хэлэлцээр, шийдвэрүүдийг сайдын зөвлөл гаргаж шуурхай арга хэмжээ авч гүйцэтгэлийн явцын талаар хэвлэл мэдээллээр танилцуулна.  Хэн нэгэн хариуцлагаас мултарч хуулиас гадуур үлдэхгүй. Санхүүжилт, салбар хариуцсан сайдын хувьд объект болгон дээр шалгалт хийнэ.

-Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр хүүхдийн эмнэлэг, төрөх байрны асуудал гарч ирнэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Эмнэлэг болоод эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээний асуудалд яаж хандаж байгаа вэ?

-Хүн ам хурдацтай өсөж байна. Гурван сая болсон баяртай үйл явдал тохиолоо. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийн адил төрөх болоод хүүхдийн эмнэлгийг хүн амынхаа тоотой уялдуулан барьж байгуулах, өргөтгөх зэрэг ажлыг хийнэ. Баянгол дүүргийн эмнэлэг дээр тодорхой хөрөнгө төсөвлөн ажиллаж  байна. 45 ортой газрыг 135 ортой болгохоор өргөтгөлийн ажил хийгдэж байна. Мөн Эх нялхаст өргөтгөлийн ажлыг хийнэ. Түүнчлэн хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, иргэд үйлчлүүлэхэд тодорхой хөнгөлөлт эдлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

 Геронтологийн үндэсний төвийн 60 ортой эмнэлгийн барилга угсралт 2013 оноос эхэлжээ. 300 ортой төрөх эмнэлгийн адил нийт 91 хувийн гүйцэтгэл хийгдэх боломжтой санхүүжилтийг олгосон байна. Гэхдээ дээрх байгууллагын гүйцэтгэлийн  ажил 48 хувьтай байна. Үүнийг тус барилгын гүйцэтгэгч компани болох “Арвис интернэйшнэл”-ийн захирал Ё.Пүрэвдаваа ингэж тайлбарлав.

-“Нэмэлт санхүүжилт хэрэгтэй байсан. Барилгын хөгжлийн төвөөс угсралтаа хийж бай. Нэмэлт санхүүжилт орж ирнэ гэж хэлсний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл тэр нь орж ирээгүй улмаас өнгөрсөн оноос ажлын явц зогссон. Төсвөөс орж ирсэн хөрөнгө нь гадна шугам сүлжээ бус зөвхөн барилга угсралтын төсөв болох 2.9 тэрбум төгрөг байсан” гэв.

Харин 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил 15 хувьтай зогсонги байдалд байна. Энэ талаар “Нийслэл өргөө” компанийн ерөнхий инженер Ц.Дэлгэрцогт ийн ярилаа.

-1000 суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?

-2.4 тэрбум төгрөгийг төсвийг хүлээн авсан. Ингэснээр барилгын ажил  2013 есдүгээр сард эхэлсэн. Талбай чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний асуудлаас болж удааширсан. Ингээд 2014 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн боловч наймдугаар сард барилгын үйл ажиллагааг зогсоосон.

-Энэхүү төсөв нь уг барилгыг барихад хангалттай биз дээ. Барилгын ажлыг цааш нь үргэлжлүүлэх боломжтой юу?

-Энэ бол урьдчилсан байдлаар өгсөн барилгын угсралтад зориулсан төсөв.  Цаашдаа 1.8 тэрбум төгрөг нэмж орж ирэх байсан. Арматур нь манай компани дээр лацтай байна. Цаашид барилгын үйл ажиллагаа явах боломжтой.

-Барилгын ажлын явц юунаас болж саатсан бэ?

-Гэр хорооллыншугам сүлжээний асуудал нөлөөлсөн.

-Уг цогцолборыг 2015 ондоо багтаан ашиглалтад өгөх боломж байгаа юу?

-Тийм боломж байхгүй.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёчёчёч(203.194.114.53) 2015 оны 01 сарын 30

кккк Удвал бас дөнгөж сайд болчихоод бас ингээд байсан, инээдтэй юм залгамж чанар гэж алга энэ төрд

0  |  0
Шийлэгт (203.160.55.2) 2015 оны 01 сарын 30

ОДОО ТЭГЭЭД ГҮЙЦЭТГЭЛЭЭС ИЛҮҮ БАЙГАА САНХҮҮЖИЛТИЙН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ АВААРАЙ ТЭГЭХЭЭР НАДУУЛ ЧИНЬ ГҮЙЦЭЭГЭЭД Л ХИЙХ ТУХАЙ ЯРИНА ШҮҮ ЗОРИГТОЙ ҮЗЭЭРЭЙ ЗОХИОМОЛ ҮНЭ ГАРГААД БАЙГАА ШҮҮ ЛУЙВАРЧИД

0  |  0
jack(123.98.244.48) 2015 оны 01 сарын 30

ene niislel orgoo niislel orgoo geedl dandaa toriin mongoor asuudaltai yum hiij baih yum.ter arving odoo shalgaad suulgah tsagn bolson yum bish yy.shorongoos zugtaadl nam hesej yanhandaad yavah yum

0  |  0
Top