М.Цэрэндолгор: Нуулгүй хэлэхэд Холливудад гарах мөрөөдөл байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Кино театруудын дэлгэцнээ нэгэн шинэхэн ГОЛ ДҮР үзэгчдийн харааг булаан залрах болов. Залуухан, царайлаг үзэсгэлэнтэй бүсгүйд харц унагахгүй хэн ч байх билээ. Энэ бол саяхан нээлтээ хийсэн “Тютю” киноны гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгор юм. ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинонд анхныхаа гол дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж чадав. Тийм ч учраас бид түүнийг энэ удаагийн “ГОЛ ДҮР” булангийнхаа зочноор урьсан юм. Залуухан, халуухан тэгээд хүсэл тэмүүлэлтэй тэрээр цаашид олон Гол дүрийн эзэн болох нь дамжиггүй ээ. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.


 -Тю тю киноны гол дүрд тоглосон чинь чамгүй амжилт дагуулж байна. Энэ дүрд өөрийг чинь чухам яаж олж авсан юм бол оо?

-Анх Ундармаа эгч надтай холбогдоод энэ кинонд тоглох саналыг тавьсан л даа. Тэгээд зохиолоо авч уншаад л шууд ажилдаа орсон. Ундармаа эгчийг холбогдохоос өмнө балетчин охины тухай кино хийх гэж байна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ өөрийгөө тоглоно гэж бодож байгаагүй. Гэтэл нэг л өдөр гэнэт энэ кинонд тоглооч гэсэн санал ирсэн.

нэ чиний анхны гол дүр үү. Ер нь өмнө нь кинонд тоглож байсан уу?

-Өмнө нь МҮОНТ-ийн “Огцом эргэлт”, мөн “Гарал угсаа” гэсэн бүтээлүүдэд оролцож байсан. Харин “Тю тю” кино миний анхны гол дүр авсан бүрэн хэмжээний уран бүтээл.

-“Анхны юм гэдэг анхных л байдаг. Анхны дүрийг бол зоригоороо л аваад явчихдаг” гэж жүжигчид ярьдаг. Өөрийн чинь энэ дүрд тоглох хэр хэцүү байв. Шантрах зүйл гарав уу?

-Киноны маань уран бүтээлчдийн баг маш сайн, дээр нь маш чадварлаг жүжигчидтэй хамтран ажилласан болохоор хүнд хэцүү зүйл байсан ч гэсэн тэр бүрт зааж зөвлөж байсан болохоор айхтар шантрах зүйл байсангүй.

-Оюутан хүн сурахынхаа хажуугаар кинонд тоглоно гэдэг амаргүй. Цаг заваа яаж зохицуулж байв?

-Киноны маань зураг авалт миний зуны амралттай таарсан. Тийм болохоор амралтынхаа хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, олон зүйлийг ойлгож, мэдэж авсандаа баяртай байгаа.

мнө нь балетаар хичээллэж байсан гэж сонссон. Тэр чиглэлээрээ цаашид суралцалгүй яагаад жүжигчний мэргэжил сонгож суралцах болсон юм бэ?

-Би бага байхаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Балетад дуртай, бас хайртай. СУИС-ын лицей сургуулийн бүжгийн ангийг төгссөн. Тэгээд СУИС-даа жүжигчний ангид элсч ороод хоёрдугаар курсээсээ Москвад ирж суралцсан даа. Сургууль дээр маань ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангид элсэлт авна гэсэн зарлал тавигдсан байсан. Тэр зарлалын дагуу эхлээд мэргэжлийн уран чадварын шалгалт, хэлний шалгалт өгсөн. Дараа нь Москвад ирээд дараагийн шатны шалгалтууд өгөөд тэнцсэн. Москвад 4000 орос хүүхэдтэй өрсөлдсөн. Жүжигчний ангид 35 оюутан шалгаруулж авч байсан. Одоо манай анги 27 оюутантай. Ангиадаа ганцаараа гадаад оюутан. Надаас бусад нь орос оюутнууд байдаг. Ер нь Орост урлагийн чиглэлээр суралцах оюутнуудын шалгалт цаанаасаа хувиартай ирдэг юм билээ. ГИТИС-ийг гурван жилийн өмнө Баярсанаа гэдэг эгч төгсч байсан. Анхны монгол төгсөгч гэвэл Гэндэн гуай. Мөн МУГЖ Жаргалсайхан ах, Урнаа эгч гээд мундаг уран бүтээлчид энэ сургуулийг төгссөн байдаг. Ийм сургуульд орж чадсандаа би баяртай байгаа.

-Танай сургуульд одоо хэдэн монгол оюутан сурч байгаа вэ?

-Дөрвөн монгол оюутан байгаа. Бүгд өөр өөр мэргэжлээр суралцдаг.

-Гол дүр бүтээнэ гэдэг амаргүй. Магадгүй өмнө нь балетаар хичээллэг байсан чинь энэ дүрийг бүтээхэд дөхөм болсон байх. Киногоо үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Киногоо үзээд суух тэр мэдрэмж мэдээж гайхалтай сайхан байсан. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хүн алдаануудаа л их олж хардаг юм билээ. Тэгээд цаашдаа сайн анхаарнаа гэж бодсон.

-Киноны зураг авалтын үеэр хөгжилтэй, хөгтэй зүйлүүд их болдог. Тийм хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцаач?

-Найман сарын хугацаанд хийгдсэн уран бүтээл маань олон хүний сэтгэл, хүч хөдөлмөр орсон. “U film”, “Prime pictures”, “Black zebra”-гийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Хөгжилтэй, дурсамжтай, сургамжтай зүйлүүд бол их байсан шүү. Жүжигчин Гэрэлсүх ах, Жаргалсайхан ах, Амбий ах, Бямбауогт ах гээд уран бүтээлчид маань надад ихийг зааж зөвлөж өгч байсан. Театр дээр явагдсан зураг авалтын үед мэргэжлийн балетчид маань зөвлөгөө өгч байлаа. Балет их тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан мэргэжил. Каскин дээр дараад өөрөө ч мэдэхгүй цус гараад явж байсан өдрүүд ч байгаа.

нэ кинонд тоглосноос чинь хойш өөр уран бүтээлийн санал ирж байна уу?

-Санал ирсэн. Гэхдээ би оюутан хүн учраас хичээлээ сайн хийх хэрэгтэй байна. Тийм болохоор татгалзсан хариу өгчихсөн. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчлаад хүссэндээ хүртэл бэлтгэгдэх, сурах л хэрэгтэй гэж би боддог.

эгэлгүй яахав. Тэгээд ч мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгээс бариад авчихсан юм биш үү?

-Мөрөөдөл минь зорилго болоод түүн рүүгээ алхам алхамаар урагшилж байгаа. Цаашдаа илүү их хичээх хэрэгтэй гэж бодож байгаа.

-Сүүлийн үед монголд кино үйлдвэрлэл эрчтэй явагдаж байна. Мэргэжлээр нь сурч байгаа хүний хувьд Монголын кино урлагийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүмүүс хийж байна, бүтээж байна. Шууд Холливуд шиг кино хийнэ гэдэг хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, жүжигчдийн ур чадвар гээд олон зүйлээс шалтгаална. Яван чангарна гэдэг ш дээ. Цаашдаа олон чанартай уран бүтээлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа

-Монголдоо хоёр жил хэртэй сурсан. Тэгээд Москвад очиж сурахад сургалтын ялгаа хэр мэдрэгдэх юм бэ?

-Сургалтын систем адилхан ч хичээлээс гадуур оюутнуудыгаа байнгын бэлтгэл сургуулилт, уншлага, дадлага гээд их завгүй байлгадаг. Тэр чинээгээрээ л хүн өөрийгөө хөгжүүлнэ гэсэн.

анай жүжигчид түрүүчээсээ Холливудын кинонд тоглоллоо гэсэн сайхан мэдээг сонсгож эхэлж байна. Холын мөрөөдөлд чинь тийм мөрөөдөл бий биз?

-Нуулгүй хэлэхэд байгаа. Залуу байна, зорилго байна, зорилго руугаа тэмүүлэх эрч хүй, хүсэл байгаа болохоор биелэлээ олно гэж боддог.

-Ингэхэд найз залуутай юу?

-Байхгүй ээ.

-Тэгвэл суралцаж байгаа мэргэжлээсээ гадуур сонирхдог зүйл бий юү?

-Мэргэжилтэй минь холбоотой болохоор ч тэр үү дэлхийн кино урлагт шинэ гарч байгаа кинонуудыг, цаг зав гарвал оросын болон монголын дээр үеийн кинонуудыг үздэг. Тэгээд мэдээж театрын эх оронд байгаа болохоор театруудад жүжиг, балет үзэх сонирхолтой. Цагтай уралдаад л амьдраад байдаг юм ш дээ.

-Цаг тэгээд хүрэлцэж байна уу?

-Өглөө сургууль дээрээ очоод л орой тараад гэртээ ирдэг. Ачаалал их ч гэсэн дуртай юмаа хийж байгаа болохоор шантардаггүй ээ. Дуртайд хүчтэй.

үжигчин хүн сайн уншдаг байх хэрэгтэй гэдэг. Өөрийн чинь хувьд ном хэр уншдаг вэ. Ямар зохиолууд унших дуртай вэ?

-Хичээл маань шүү дээ. Өөрсдөө зохиолоо хайна, сонгоно. Тэрэн дээрээ ажиллана. Хамгийн сүүлд Толстойн “Дайн ба энх”-ийг сонгож ажилласан. Одоо английн зохиолч Harold Pinter-ийн “Оройн сургууль”  гээд жүжгийн зохиол дээр ажиллаж байгаа.

-Бүтээлийг нь үзэх дуртай, хүндэлж явдаг жүжигчид гэвэл?

-Монголын маань хийж, бүтээсэн зүйлтэй уран бүтээлчид их бий. Уран чадварын хувьд Оксана Акиншина, Мэрил Стрип, Жулиа Робертс, Анжелина Жоли, Аль Пачино гэсэн жүжигчдийг биширдэг. Ингээд нэрлээд байвал олон болно оо.

-Орчин үеийн залуус хэзээ гэрлэх, хэзээ хүүхэд гаргахаа төлөвлөдөг болсон. Чамд тийм төлөвлөгөө байгаа юу?

-Байгаа. Амьдрал зохиох цаг маань арай  болоогүй ээ.

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shaazga(76.218.69.21) 2015 оны 03 сарын 29

Unagan angli hereggui ee avyas avyas dur huviralt.

0  |  0
Miss Batsetseg shig (75.156.203.141) 2015 оны 03 сарын 28

Unagan Angli heltei bol Hollywood gej zuudelj bolno, bolno

0  |  0
amjilt(213.162.68.37) 2015 оны 02 сарын 01

Amjilt husie. Goe ohin bn. Ih um suraad sain jujigchin bolooroi

0  |  0
amjilt(213.162.68.37) 2015 оны 02 сарын 01

Amjilt husie. Goe ohin bn. Ih um suraad sain jujigchin bolooroi

0  |  0
Top