Аж үйлдвэрийн сайдад Ерөнхийлөгчийн зарлиг гардуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ.  Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгөв. Зарлиг гардуулах үйл ажиллагаа  Аж үйлдвэрийн яаманд боллоо.

Монгол Улс дэлхийн дэвжээн дээр өрсөлдөх шинэ цаг үе, шинэ шаардлага ирлээ

Энэ үеэр Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулах завшаан ногдсонд их баяртай байна. Аливаа улсын хөгжлийн авч үзвэл хүүхэд хөлд ордогтой адилхан тодорхой үе шат байдаг юм байна.

Социализмын үед Монгол Улс түүхий эдийн хавсарга орон гэгддэг байсан. Дараа нь зах зээл рүү шилжих гэж 25 жил болсон.

Бусад орны хөгжлийн үе шатыг авч үзвэл арилжаа, наймаагаар эхэлдэг. Тэгээд гуанз, ресторан, банк, санхүү зэрэг үйлчилгээний салбар хөгждөг. Үүний дараа үйлдвэржилтийн үе шат руу ордог.

Шийдлийн Засгийн газар анх удаа Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан нь улс орны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, эрэлт, шардлагатай нийцэж байгаа юм. Уул уурхайн салбар гэхэд өнгөрсөн хугацаанд эрж хайдаг, олборлодог, сайндаа баяжуулж гаргадаг байдлаар явж ирлээ. Одоо зөвхөн баяжуулж гаргадаг биш, боловсруулдаг, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй өнгөрсөн 1 дүгээр сарын 8-нд уулзахдаа “Бид дэлхийн дэвжээн дээр өрсөлдөх хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Үүнийг хүмүүс их дэмжсэн. Монгол Улсад дэлхийн дэвжээн дээр өрсөлдөх шинэ цаг үе, шинэ шаардлага ирлээ.

Тийм учраас энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан. Үүнийг шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам, Засгийн газарт үзүүлсэн том дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй. Зарлигийн хэрэгжилтийг хангахад Аж үйлдвэрийн яам оройлон оролцох ёстой.

Монгол Улс гурван сая иргэнтэй болсноо зарласны дараахан улс орны хөгжлийн дараагийн шатыг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн зарлигийг гардуулж өглөө. Зарлигийг хэрэгжүүлэх ажилдаа Монгол Улсын Засгийн газар, Д.Эрдэнэбат сайд, түүний хамт олонд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Та бүхэнд баярлалаа” гэв.

Төр, хувийн хэвшлийн бүтээлч хамтын ажиллагааны нэг шинэ үеийг нээж байна

Зарлиг хүлээж аваад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэхдээ “Өнөөдөр гарсан энэ зарлиг бол аж үйлдвэрийг хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс маш том дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Аж үйлдвэрийн эхлэл тавигдаж байгаа энэ өдрөөс эхлээд ард түмэн, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн бүтээлч санаачилга, идэвх, хүлээлт маш их өндөр болж байна. Үүнийг мэдэрч ажиллах ёстой. Төр, хувийн хэвшлийн бүтээлч хамтын ажиллагааны нэг шинэ үеийг нээсэн энэ үйл ажиллагаанд дэмжлэг болсон зарлиг гарлаа гэж бид хүлээж авлаа.

Манай яам бодлогынхоо бичиг баримтыг үндсэндээ боловсруулж дууслаа. Одоо Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бодит ажлуудаа эхэлнэ. Бусад салбар, яамдад ч зарлигийн дагуу хийх ажил их байгаа. Тэдэнтэй хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Түүхэн их дэмжлэгийн өмнө бид ирлээ гэж ойлгож байна. Бидний ажил үйлс цаашид бүтэмжтэй байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

President.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top