Эхийн сүүний давуу талууд

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 01

Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж байдгаас гадна бактери, нян, мөөгөнцрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулснаараа  хүүхдийг өвчнөөс сэргийлж,  өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь

Зөвхөн хүүхдэд төдийгүй хүүхдээ хөхүүлж байгаа эхийн дархлаа сайжирна, умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасна,  хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл бага байдаг давуу талтай.

Гүйлгүүлэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй, нялхсын эрхтэн тогтолцооны хөгжилд чухал нөлөө бүхий уураг, тослог, амин дэм, төмөр агуулдаг, дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг, өөр ямарч сүүний найрлаганд байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч бодис агуулдаг.

Эхийн сүүнд ямар ч үйл ажиллагаа, савлагаа хэрэггүй, бэлтгэл ажил шаарддаггүйгээс гадна  хөхнөөс шууд гарч аманд орох тул өвчин үүсгэгчээр бохирдохгүй. Очих эзэндээ шууд хүрдэг бөгөөд хэрэгцээндээ яв цав тохирсон.

Хүүхдээ эхийн сүүгээр тэжээх нь гаднаас үнэтэй  сүү орлох бүтээгдэхүүн импортлох болон угж үйлдвэрлэх зардлыг хэмнэж үндэсний эдийн засагт хувь нэмэр оруулдаг. Нялхсыг хооллох хүнсний зардлаас багасгах, орлох бүтээгдэхүүний нөлөөнөөс болж эмнэлгийн газраар явах зардлыг бууруулах зэргээр өрхийн төсөвт ч хэмнэлттэй юм.

Хүүхдийг эхийн сүүгээр тэжээх үйл явц болон таргалалт гэх мэт халдварт бус өвчний хоорондох холбоог илүүтэй судлах болжээ. ДЭМБ-ээс гаргасан олон төвт судалгааны дүнгээс харахад 6 сар болон түүнээс дээш хугацаагаар эхийн сүүгээр  хооллосон хүүхдүүд цааш цаашдаа өөхлөж таргалах нь зохиомол сүүгээр хооллосон хүүхдүүдийг бодвол бага байдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top