Идэвхитэй иргэд авто замын түгжрэлийг бууруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг томоохон асуудлуудын нэг бол авто замын түгжрэл юм. Өдөр бүр тулгамддаг энэ асуудал ерөөс байх ёстой юм шиг, иргэд үүнийг шийдэх биш үүнд дасан зохицож амьдрах ёстой мэт улам бүр дөжирч, хүлээн зөвшөөрөх хэв маягт аажим аажимаар шилжсээр замын түгжрэл нь их хотын амьдралын нэгэн хэв маяг болон тогтжээ. 

Харин идэвхтэй залуу иргэдийн нэгдэл болох “ЖЭЙ СИ АЙ МОНГОЛ” төрийн бус байгууллагын залуус Авто замын түгжрэлд ҮГҮЙ гэж хэлж байна. Эдгээр залуус нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй авто замын түгжрэл, хог хаягдал, агаарын болон хөрс, усны бохирдол зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний анхаарлыг хандуулах, улмаар хамтдаа шийдэх гарцыг хайж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор “ХОТЫН ШИЙДЭЛ ФОРУМ” төслийг санаачлан өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ. 

“Нэг асуудал, Нэг шийдэл” уриан дор хэрэгжиж буй уг төслийн хамгийн анхны хэлэлцүүлгийн сэдвээр “Авто замын түгжрэл”-г сонгон авсан бөгөөд форумаас гарсан санал, санаачлагуудыг нэгтгэж бодит ажил хэрэг болгох талаар Улаанбаатар хоттой хамтран ажиллахаар болсон байна. 

“ХОТЫН ШИЙДЭЛ ФОРУМ”-ын үеэр авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн олон санаачлагууд гарсан бөгөөд эдгээрээс Ухаалаг тээврийн систем, дугуйтай Улаанбаатар хот, нийтийн тээврийн маршрутыг шинэчлэх санал, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх ТаБиТа санаачлага, дагуул хотыг хөгжүүлэх судалгаа, жолоочийн соёл, ур чадварыг дээшлүүлэх Нарны элч хүү ТББ-ийн санаачлага болон Улаанбаатар хот дахь сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудыг ажлын цагийн хуваарийг өөрчлөх хэрэгцээ зэрэг олон сонирхолтой, үр өгөөжтэй саналуудыг хэлэлцжээ. 

Тус Форумд иргэд идвэхтэй оролцож санаа бодлоо илэрхийлсэнээс гадна нийгмийн сайн сайхны төлөөхдуу хоолойг олон нийтэд хүргэх үүргээ биелүүлж олон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажилласан байна. 

Форум зохион байгуулагчдын зүгээс Монголын уламжлалт баяр сар шинийн өдрүүдээр замын хөдөлгөөний соёлыг хэрэгжүүлж, авто замын түгжрэлгүй шинэлэх санаачлага, уриалгыг гаргасан бөгөөд энэхүү уриалгыг дэмжин, авто замын түгжрэлгүй шинэлэхэд хувь нэмрээ оруулсан бүх иргэддээ талархал илэрхийлж, форумаас гарсан санаачлагууд бодит үр дүн үзүүлж эхэлсэн талаар мэдээлж байна.

Цаашид JCI Монгол байгууллагаас ХОТЫН ШИЙДЭЛ ФОРУМ-ын үр нөлөөг дээшлүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх чиглэлд идвэхтэй залуу иргэдийг манлайлан, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top