Хорих ангийн дэглэмийн өөрчлөн зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

 “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтлоо. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй Монгол Улсын 3 иргэн байна. Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

  Мөн тус хурлаар Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,  “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км  хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.  

Засгийн газрын хуралдаанаар шийдсэн бас нэг асуудал бол хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм. Уг өөрчлөлтийг хийхэд харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглоло хийх шаардлагагүй тул санхүүгийн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top