Гуйж амьдрах философи

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Бүх зүйл сайхан болж цэцэг мэт дэлгэрнэ гэсэн хүлээлттэйгээр эхэлж байсан нийгмийн шинэ харилцаанд шилжсэнээс хойш 20 гаруй жил өнгөрчихөж. 20 гаруй жил гэхээр  урт уу, богино хугацаа юу гэдэг харьцангуй ойлголт байх. Ямартай ч цаг хугацааны ийм хэмжээний орчил дунд хоцрогдсон орноос хөгжингүй орон болсон жишээ цөөнгүй байх юм билээ. Өмнөд Солонгос,  Сингапур гэхчлэн Азийн бар орнууд, манай урд хөршийг  20 гаруйхан жилийн дотор л бусдын манлайд хүрч чадсан хэмээн  ярьж бичиж байна.

Улс орон хөгжих нь удирдагчаасаа, улс төрийн зөв бодлогоосоо л шалтгаална. Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Юи  улс орноо эдийн засгийн 3 дахь түвшингээс нэгдүгээр  түвшин хүртэл хөгжүүлж чадсан, эдүгээ түүнийг Сингапурын эцэг гэж нэрлэж байна.

Хятадын хоёр дахь үеийн удирдагч Дэн Сяопин  улс орондоо эдийн засгийн шинэчлэлийг санаачилж энэ улсыг дэлхийн хамгийн хүчирхэг эрч хүчтэй эдийн засагтай улс орон болгох эхлэлийг тавьсан. Тэд түүхийн асар богино буюу 20 гаруй жилийн хугацаанд буурай орноос бусдын манлайд хүрч  чаджээ.  

 ХАРИН МОНГОЛД...

Харин энэ  хугацаанд Монголд маань юу өөрчлөгдөв. Яг өнөөдөр бид яаж амьдарч байна вэ?

Ямартай ч байхгүй, дутуугаа дуудаж байгаад цагаан сарынхаа ард гарчихлаа. Ерөнхий сайд, дараа нь УИХ-ын дарга нар Япон руу цувраа цувраа айлчлал хийж байна. З.Энхболд одоо тэнд яваа. Үнэндээ бол айлчлал нэртэй  албан ёсны гуйлгад л явж байгаа нь тэр, хөөрхий.  Монголд хөрөнгө оруулаач, боломж тэнд байна,  уул уурхай, газрын баялаг байна. Харьцангуй залуу чадварлаг ажиллах хүчин байна, та нар техник технологи, хөрөнгө мөнгөө өвөртлөөд очооч гэж сануулах гуйхын хооронд л ярьж хэлж яваа байх.  Эдийн засаг хүндэрсэн ийм цаг үед үнэндээ Японоос өөр Монгол руу гараа сунгах гадаад түнш ховорхон байх шиг байна. Тэгээд л тийшээ цуваад байна.

Үнэндээ бол айлчлал нэртэй  албан ёсны гуйлгад л явж байгаа нь тэр, хөөрхий.

Ард үлдсэн Ерөнхий сайд маань мөнөөх  хасна, танана, цомхотгоно гэсэн яриатайгаа шийдэж хийсэн ажлаар маруухан  сууж байна.

Энэ зуур төгрөг ханшгүйдэж, нэг ам.доллар 1990 гарчихлаа. Ядуурал улам гүнгийрч байна.

УИХ намаржин халаа сэлгээ ярьж хамаг цагаа өнгөрөөчихөөд хаалтынхаа үеэр хэдэн хууль бөөндчихөөд тарж одов. Ганц найдвар болоод байсан Гацууртынхаа ордын асуудлыг ч шийдэж чадсангүй. Хэл ам, өлсгөлөн, хийрхэл дагуулсан чигээр нь орхичихлоо.  Тэр нь тэгээд хаврын улс төрийн синдромыг эхлүүлэх бололтой.

Монголчуудын “Саалийн ганц” гэх тодотголтой Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй Оюутолгойн алт зэсийн ордоосоо  олж байгаа нь ч мэдэгдэхгүй, алдаж байгаа нь ч тодорхойгүй,  далд уурхай гэх даваан дээр очоод гацчихсан ганихарч сууна.

Хорин жилийн тэртээ Монголыг тэжээнэ гэж ярьж бичиж байсан Тавантолгойн уурхай тэр л янзаараа,  тэжээх байтугай хэдэн зуун тэрбумаар тоологдох өр нэмчихсэн өөдөлж дэвжсэн юмгүй хэвээрээ. Тавантолгойгоо тойрч талцаж хэрэлдснээс өөр юмгүй.  Захирлыг нь хүртэл далд хийчихлээ. Аль тав зургаан жилийн тэртээгээс яригдсан стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл энэ жил эхэллээ. Энэ л одоогоор итгэл найдвар болон харагдаж байна.

Сүүлийн 20 шахам жил ярьж байгаа тавдугаар цахилгаан станц, Улаанбаатарын утаа, Эдийн засгийн чөлөөт бүс, усан цахилгаан станцууд, аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр, эх орны үйлдвэрийн бензин,  бүсчилсэн хөгжил энэ тэр бол бүр сураг тасарсан.  Одоо сонгуулийн үеэр дахин нэг дуулдаж магадгүй юм.

Монголын гадаад  өрийн хэмжээ ДНБ-ийн 60 хувьд хүрчихсэн, 2017 оноос Чингис бондын эргэн төлөгдөх их өр хүлээж байна. Улсын маань зээлжих зэрэглэл хэдийнэ буурчихсан. 

Оны өмнөхөн Ерөнхий сайд Монгол Улс орших эс оршихуйн зааг дээр байгааг сануулсан бол гадаадын зарим мэдээллийн агентлаг 2017 онд Монгол Улс дампуурч магадгүй хэмэн зарлав.

Нам бүлгээрээ талцсан, ашиг сонирхлоороо эх орны хувь заяанд ханддаг, популизм, тархи угаалт хэрээс хэтэрсэн, төсвөөсөө тэрбумтан төрүүлдэг тэр л хэвээрээ.

Туулж өнгөрүүлсэн 20 гаруй жилийн маань үйлс, үр дүн өнөөдөр иймэрхүү янзаар илэрхийлэгдэж байна.

ЯАГААД?

Энэ хугацаанд ээлж дараалж, эвсэж  эрх барьсан хоёр намын үлдээж буй өв ийм. Өнөөг хүртэл Монгол Улс хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй, улс орны урагшлах ухрах нь эрх барьж буй улс төрийн хүчний амбиц, сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөж, хөглөгдөж ирлээ. 

Төрийн ажил зөвхөн танил тал, танай манай намын  хамсаатнуудын хүрээнд найзан дундаа явагдаж, хувааж хүртэх, хувь хишиг авах зарчим дээр  тулгуурлах болсон.

Төсөвт юу суулгах, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө төлөвлөх, тендерт нь хэн ялах, тэгээд тэндээс нь хэн хэн хувь хүртэхээ хүртэл ярьж тохироод шийддэг болсон гэх. Монголын хөгжил, бүтээн байгуулалт ийм л бүлэглэлийн хүрээнд, тэдний эрх ашгийн илэрхийлэл давамгайлсан байдлаар шийдэгдэж байна гэх яриа бий.

Төрийн тансаглал хэрээс хэтэрч өрөө тасалгаа, үнэтэй тавилгаараа өрсөлдөж, унах унаа, утасны мөнгө, гадаад дотоод томилолтоосоо хальж эхнэр хүүхдээ эрхлүүлэх, ил далд амрагуудаа тэтгэх суваг шуудуу болж байгаа гэх хар сэр сайгүй л дуулдаж байх юм.

Ард түмнийхээ эсэргүүцэл, амыг таглах гэж  “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”  гэхчлэн сайхан нэртэй,  аманд ч үгүй хамарт ч үгүй халамжаар улсынхаа эдийн засгийг сүйрүүлэх дээрээ тулав. 

Энэ бүхэн бол Монголын улс төрийн урагшгүй бодлогоос үлдэж буй өв юм.

Улс төрчдийн аман дээрээ эх орон ярьж ар хударгаар нь хувийн эрх ашгаа бөөцийлөх сэтгэлгээ, хэмжээ хязгааргүй шунал хүслийн үр хөврөл нь энэ.  

Нэг л эх орныхоо төлөөх нийтлэг эрх ашгаар Монголоо шудрагаар хөгжүүлэх ухаан  бидэнд дутаж байна.

 МОНГОЛЫН БОЛОМЖ

Монголын 3.0  сая хүн ам  урд хөршийн Хөх хотын хүн амтай тоогоороо бараг дүйцнэ. Бид цөөхүүлээ гэдгээ энэ мэт харьцуулалтаас харж болно. Энэ цөөхөн хүнийг хүн шиг аваад явах тийм хэцүү юу?

Монголын боломж үнэхээр их. Өргөн дэлгэр нутаг, 50 сая шахам мал сүрэг, ашигт малтмал,  хүн амын боловсрол гээд баян чинээлэг амьдрах бэлэн боломж бий. Бүтээх сэтгэлгээ, техник технологийн боловсрол чамлахааргүй. Ийм орныг баян чинээлэг амьдруулахаас ядуу буурай байлгах нь илүү амаргүй гэсэн егөөдлийг гадныхан манай улс төрчдөд хаягласан гэнэ лээ.   

Алтгүй, нүүрсгүй газар үнэнэдээ Монголд ховорхон, заяагдмал хишигтэй. Ганц хоёрхон том төслийг зөв шударга хөдөлгөөд эргэлтэнд оруулчихвал энэ жижиг эдийн засаг дорхноо л сэргээд ирнэ гэж ярьдаг нь үнэн байх. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга гэхчлэн хэдэн сор ордоо чулуу болгож чадвал Азийн Кувейт болж алтан “бороо” асгарах  боломж нь бэлээхэн бий.

ГУЙЖ АМЬДРАХ ФИЛОСОФИ

Өнгөрсөн 20 гаруй жилд Монгол бусдын дэмжлэг тусламж, гадаад зээл дээр дулдуйдаж амьдарлаа. Ингэж амьдрах нь эрх барьж буй улс төрийн хүчнүүдийн хамгийн түрүүнд шүүрч авдаг, хөрөнгө мөнгөтэй байх боломж, арга барил болтлоо дадал хэвшил болжээ.

Тэгсэний “хүчин”-д өр төлбөрөө ДНБ-ний 60 хувь хүртэл өсгөж, үндэсний аюулгүй байдал хэтрүүлж хэлбэл дэн дун болж мэдмээр байна.  Одоо эрх баригчдын хамгийн их хүсэн хүлээж буй шийдвэр нь өрийн таазыг өндөрсгөх явдал. УИХ-ын намрын чуулганаар энэ асуудал хамгийн түрүүнд яригдаж таарах байх.  

Одоо эрх баригчдын хамгийн их хүсэн хүлээж буй шийдвэр нь өрийн таазыг өндөрсгөх явдал

2013 оны байдлаар Монгол Улсын Засгийн газар Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашигласан байдаг. 2013 оны гүйцэтгэлээр гадаад зээлийн үлдэгдэл 2.2 тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн одоогийн байдлаар Засгийн газрын болзошгүй өр буюу зээлийн баталгаа гэхэд 1.1 тэрбум ам.доллар, 16.4 тэрбум төгрөг, 30 тэрбум иен болоод байна.  УИХ дээр яригдсан тоо баримтаас харвал энэ жилийн байдлаар нийт гадаад өр 2.3 тэрбум ам.доллар гэж мэдээлээд байгаа. Цаад хугацаа нь 2052 онд төлж барагдуулах бол 2022 он хүртэл зээлийн төлбөр тогтмол өсөхөөр байгаа.

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 1.500.0 сая ам.долларын бондыг Олон Улсын санхүүгийн зах зээлд арилжаалсан. 2017 оноос эхлэх Чингис бондын эргэн төлөлт  Монголын эдийн засагт хүндхэн ачаа болж ирэхээр байгаа бөгөөд 2017 онд  Монгол Улс  өр төлбөртөө  нийт гурван их наяд орчим төгрөгийн төлбөр хийх ёстой. Гэтэл одоогоор энэ өрөө хуримтлуулах сан нээгээгүй, сохор зоос ч үгүй сууж байна. Мэдээж, ирэх оныг юун хуримтлал үүсгэх, сонгууль гэж улстөржсөөр байгаад дуусгана. Өрийг өрөөр төлөхөөс л өөр аргагүй болох байх.

Байгаа баялгаа боловсруулах, өртөг шингээж үнэ хүргэх,  үйлдвэр барьж, бүтээгдэхүүн экспортлохоос илүүтэй гуйж амьдрах нь цаг зуурын улс төрчдөд илүү амар хялбар байдаг бололтой юм.

Баялагтай, боломжтой хэрнээ бусдаас бадар барьж амьдрана гэдэг эмгэнэлтэй, дэндүү хөөрхийлөлтэй дүр төрх.  Хэзээ бид гуйж бус өгч амьдардаг, ”улс шиг хөгжих”  юм бол.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muugii(103.26.193.2) 2015 оны 02 сарын 27

2 horshiin bodlogo denduu noloolj bnashte, haashaa ch gargahgui barij bna.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.45) 2015 оны 02 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top