Өршөөлтэй, баривчлагаатай хонин жилийн эхний долоо хоног

Хонин жилийн ажлын эхний долоо хоног хойно хоцорлоо. Улс төр унтаж байх хойгуур өршөөл, баривчилгаа сэдэрсэн өдөр хоногууд байв.

Эх орондоо ирж цагаан сарын золголт хийсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлахаар  зэхэж байна гэсэн яриа түлхүү сонсогдож байна. Түүнийг намынхантайгаа золголт хийж байх үеэр АТГ-ынхан очиж хэсэгхэн хоргоосон юм байх. Энэ бүхэн нэг  ажиллагааны эхлэл угтал гэж харах хүмүүс олон байсан бөгөөд одоо дуулдаж буйгаар түүнийг бусдын эд хөрөнгө залилан авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээр зэхэж буй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ баривчилж саатууллаа. Араас нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл дуулдаад байна. Я.Батсуурийн хувьд  “хүргэн”  Г.Дэнзэнгийн компанид 5 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн асуудалдаа шалгагадаж байгаа гэх мэдээлэл байгаа бол Ерөнхий сайд асаны  тухайд мөн л Г.Дэнзэн, нүүрс хөтөлбөрийг удирдаж байсан Л.Гансүх нарын хэргийн улмаас дуудагдаад байгаа бололтой.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” гэж нэг биш удаа ярьж хэлж байсан. Тэр хэлсэн үг нь одоо хүзүүг нь ороож, АТГ-ын араанд зуугдсан  биз.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс ял сонсож, хоригдоод байсан “Саус гоби сэндс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Капла болон Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт уучлал үзүүллээ. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр араасаа нэлээн маргаан мэтгэлцээн дагууллаа.  Энэ өршөөл гадны хөрөнгө оруулагчдад буруу жишиг тогтоож байна, хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш байх зарчмыг зөрчлөө гэхчлэн ярьж бичиж байна. Харин Ерөнхийлөгчийн хувьд  энэ талын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Өнгөрсөн долоо хоногт олныг цочирдуулсан нэгэн хэрэг монголчуудад хүүхдийн эрхийн талаархи сануулгыг дахин өглөө. Энэ бол дөрвөн настай охин төрсөн эцэг, хойт эх нарынхаа гарт амиа алдсан хэрэг байв. Монголд хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж буй нь ганц энэ биш. Урьд нь ч гарч байсан. Гэвч тухайн үед хэсэг шуугиад өнгөрдөг, энэ талаар дорвитой арга хэмжээ авдаггүй, хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байсаар өдийг хүрлээ. Харин саяын хэрэг явдал саяхан Засгийн газрын чимээгүйхэн эргүүлэн татсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг эргэн сануулахад хүргэж байна.  Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилж өргөн бариад байсан энэ хуулийг парламентаар хэлэлцэхийг дэмжээд байсан ч Засгийн газар тодорхойгүй шалтгаанаар эргүүлэн татаад байсан юм.

Өмнөх долоо хоногт Засгийн газар хугацаа хойшлон байж хуралдлаа. Хэд хэдэн чиглэлд хатуу хучилттай замын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргасныг үл тооцвол эдийн засгийг эрчимжүүлэх, өнөөгийн энэ зогсонги байдлаас гарах ямар ч дорвитой асуудлыг хэлэлцсэнгүй.  “Аль болох хурдан” гэсэн цаг хугацааны ганцхан орчил үйлчлэх болно хэмээн анх сүржин мэдэгдэж байсан “Шийдэл”-ийн гэсэн том тодотголтой Засгийн газрын энэ унтаа төрх иргэдийн итгэлийг эргүүлж сэгсэрч байх шиг байна даа. Нэг л тийм хүлээлтийн горимд ажиллаад байх шиг харагдаж байна.

 МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, Халдвар, хавдар гэх мэт клиник эмнэлгийг  хувьчлах асуудлыг зогсоосон

УИХ-ын байнгын хороо, намын бүлгүүд  намрын чуулганы  үр дүнгээ танилцуулж эхлээд байна.  Парламент дахь  МАН-ы бүлэг ахмад настны тэтгэврийн зээлийн хүү  жилийн 18  хувь байгааг 9 болгон бууруулах санаачилга гаргасан,  эхчүүд, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээснээ онцлов.

Мөн нийгмийн салбарын зарим хувьчлалыг тус намын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, Халдвар, хавдар гэх мэт клиник эмнэлгийг  хувьчлах асуудлыг зогсоосон гэлээ.  

Хонин жилийн эхээр УИХ-ын дарга З.Энхболд Японыг зорьсон. Энэ айлчлал хоёр орны харилцаа  оргил үелээ хүрснийг харуулж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Энэ айлчлалын хүрээнд  хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудал яригдаж байгааг албаныхан мэдээллээ. Айлчлалын хүрээнд  хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг бүрэн төгс шийдвэрлэх, тухайлбал энэ гэрээг Японы парламентаар ёсчлуулах нь энэ айлчлалын гол зорилго болж байгаа бололтой.

П.Булган

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page