X Богд Монголоос тодрох учир шалтгаан

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Өнөөгийн бидний уламжлалт шашин болж чадсан Буддын шашин Монголд 3 удаа дэлгэрч байсан түүхэн баримт байдаг бөгөөд сүүлийн дэлгэрэлт нь шар малгайтны ёс буюу Гэлүгвийн урсгал байсан юм. Тэрхүү түүхэн цагаасаа өдийг хүртэл Монгол ахуй соёл, уламжлалд нэвтрэн Монголын гэх нэршилтэй болж эрдэмтэн мэргэдтэй болсон байдаг.

Монголын уламжлалт шашинд сүүлийн жилүүдэд хувийн, нийтийн, шүгдэнгийн, Далай ламын гэх бүлэг фракцтай болж, сүм хийдийн нэгдэл хоорондын тэмцэл, олноор тодорсон хутагт, хувилгаад нарын үзэл бодол, итгэл үнэмшил нь тодорхой бус байгаа зэрэг хүчин зүйлс нь уламжлалт шашны дотоод хагарлыг улам хурдасгаж байна.

Үүнд: Дотоод, гадаад гэсэн нөлөөлөх хүчин зүйлс байх бөгөөд дээрх нөхцөл байдал үүсэх шалтгаан нь:
- Нэгдсэн удирдлага, эрх бүхий засаглах байгууллага байхгүй.
- Төр сүм хийдийн харилцааны хууль болон бусад холбогдох хууль дүрэм нь цаг хугацааны хувьд хуучирч, хоцрогдсон, цаг үеийн шаардлага нөхцөлд нийцэхгүй болсон.
- Нутаг нуга, бизнесийн бүлгийн оролцоо, нөлөө шашинд туссан.
- Нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шашны удирдагч байхгүй.
- Шашны гадаад харилцааны нэгдсэн бодлого байхгүй учир хэн хүссэн лам нь гаднын ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож санхүүгийн тусламж авах сонирхолтой болсон.

Иймд дотоодын хагарал тэмцлийг зогсоож нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулахын тулд Монголын уламжлалт Бурхны шашны тэргүүн удирдагчийг тодруулах зүйтэй юм. 9-р Богд нь өөрийн дараагийн дүрийг Монголоос тодруулахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны нэгдүгээр сарын 24-нд зарлиг гаргаж “Монголын бурхны шашны тэргүүлэгч нь есдүгээр Богд мөн” хэмээн баталгаажуулсан. Мөн 9-р Богд жанч халхаасаа өмнө ”Монголдоо дахин төрнө” хэмээн албан ёсоор мэдэгдсэнийг МБШТ Гандантэгчилэн хийдээс түүнийг жанч халахад” “Миний бие дүр нас өндөр, бие чилээрхүү болжээ. Иймд амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. Миний дараагийн X дүр Монгол орондоо Монгол хүн болж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн мэдэгдсэн. Нийт Монголчуудын дунд 10-р Богдыг зөвхөн Монгол Улсад төрнө, тодруулна гэсэн хүлээлт буй болсон зэргийг дурдаж болно.

Их хөлгөний шашин дэлгэрсэн орнуудад Далай ламын, Ванчин Богдын, Халхын Богдын гэсэн гурван үндсэн институт байдаг гэж үзэж болох юм.Эдгээр Институтийг удирдах хүмүүс түүхэн уламжлалаараа харилцан хамааралтай байх бөгөөд бие биенээ тодруулж хойд дүрээр батламжилдаг уламжлалтай юм. Халхын Богд нь уламжлал, түүхээр Монголын уламжлалт шашны тэргүүн байх цорын ганц удирдагч нь юм. Далай ламын айлдвараар бол Монголд шарын шашин байгаа тохиолдолд Богд байх учиртай хэмээн айлдсан байдаг. 
Эцэг өвгөдийн Монгол ахуйд нийцүүлэн уламжлал болгон шүтэж Цастын мэргэдийг гайхуулж байсан түүхт шашныг маань дэлгэрүүлэгч Богдоо эргэн түргэн Монголдоо залрахын тухайд элдэв санаа муутын нүгэлт хир халдаалгүй маргаангүй тодруулах шаардлага тулгараад байна.

Хэдийгээр шашин оршихуйн үндэс өглөгийн эзэн, өглөг тэргүүтэн, хувраг, гэлэн /багш/ гурав байх авч түмний итгэлийг хүлээж сахил сахина гэж андгайлж байснаа умартсан хэсэг хүмүүсээс болж Монголын уламжлалт шашин доройтон харийг гайг дуудах болсонд харамсаж байна. 
Энэ тохиолдолд 14-р Далай ламаар эргэн төрөх Х Богдоо батламлжуулбал, Дэлхийн Бурхны шашны хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх боломжтой. Уламжлал ёсоор Ванчин Богд батламжлах ёстой ч одоогийн дүрийн тодорсон нь нийтэд маргаан дагуулдаг, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь зөвхөн БНХАУ-аар хязгаарлагддаг тул олон улсын хэмжээнд нэр хүндгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иймд Ванчин Богд батламжилбал түүнтэй адил хэмжээнд тооцогдох болно.

Бид Монголынхоо төрт ёсны уламжлалаа хадгалж үлдэх, сэргээж авахад Богдын түүх, замнал шууд нөлөөлсөн байдаг ба төрийн дор орших оюун санааны их өв уламжлалт шашны тэргүүн Богд ламаа залж, шашин хамаг амьтны тусыг хариулан гэтэлгэх үйл, мөхөс бидний энэ цагийн гүйцэлдүүлэх зорилго болоод байна.

Судлаач /сэтгүүлч/ миний зүгээс 10-р Богдыг Монгол орноос тодруулснаар
 Монголын Бурхны шашны сүм хийд, лам хувраг, шашны байгууллагууд, хутагт хувилгаад нэгэн удирдлагатай болно. Учир нь энэ үед хамаг амьтны тусыг бүтээхээр хутагт хувилгаадаар тодруулан эрдэмд шамдуулж байгаа ба эрдэм мэдлэг дүүрээд ирэхэд, энэ цагийн шүтээн болох цагт талцах нигуур байх амуй. 
 Монголын Бурхны шашны дотоод дахь хагарал тэмцэл зогсож, нэгэн бодлого зорилготой болно. Эдүгээгийн бие биеэ үгүйсгэх, атаа хорслыг номын хүчээр дарж, төвлөрсөн хүчийг нэгэн зүгт хамаг амьтны тусыг бүтээхэд залах амуй. 
 Монгол Улс нь олон улсад Бурхны уламжлалт шашны төв институц болж, бурхны шашин шүтдэг улс орнуудад оюун санааны нэгдмэл удирдагч Монголд бий болох боломжтой. 
 Шашнаа даган уламжлал соёл сэргэж Монгол гэх дархлаа сайжирна. 
 Онцлох уламжлал дэг жаяг сэргэн бий болж хамаг амьтан амгалангийн хутгийг олох болно хэмээн гүнээ итгэн залбирч байна.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gun(73.201.187.175) 2015 оны 03 сарын 04

Boduushtai l bna shuu

0  |  0
Top