Эрдэнэтийн хувьчлал, эргэлзэх итгэх шалтгаан

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

  Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудал бас л иргэдийн уцаар бухимдлыг өдөөх бололтой. Цагаан сарын битүүний өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгэн нууц асуудал хэлэлцжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн Оросын талын хувийг ОХУ-ын “Ростех” буюу хуучнаар “Ростехнологи” компанид шилжүүлэх  тухай юм байна. Тус хороо энэ асуудлыг дэмжсэн аж.

Ч.Сайханбилэгийн мөнгө олох аргуудын нэг нь өмч хувьчлал. Засгийн газар хувьчлалын хүрээ гортигондоо Эрдэнэт үйлдвэрийг багтаажээ. Р.Амаржаргал гишүүний хэлснээр бол  “Засгийн газраас өмч хувьчлалтай холбоотой хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барихдаа  “Эрдэнэт” үйлдвэрийн 30 хувийг нь одоо хувьчилъя гэсэн нэг тийм санаа гарч байгаа. Манайхаас 15 хувийг нь аваад Оросоос 15 хувийг нь аваад ингээд 30 хувийг нь  Хөрөнгийн бирж дээр арилжаалчихъя гэсэн нэг ийм санал Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж байгаа” гэдгийг тодотгоод харин дээрхи Оросын талын эзэмшлийг “Ростех”-т шилжүүлэх асуудал үүнтэй холбоотой эсэхийг тодруулах гэсэн боловч хариулт олж чадаагүй байна.

Эргэн сөхөгдсөн “Эрдэнэт”-ийн хувьчлал

Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудал шинэ сэдэв биш. С.Батболдын Засгийн газрын үед буюу 2010 онд  хэсэг хүчтэй яригдаж байгаад замхарсан юм даг. Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэлийн хүрээнд тус үйлдвэрийн Монголын талын 51 хувийг хувьчлахаар Засгийн газрын тогтоол хүртэл гарч байсан.  Ингэхдээ өөрийн эзэмшиж буй хувьдаа хувьцаа гаргаж дотоод, гадаадын олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж арилжаалах чиглэлтэй байв.   

2010 оны дөрөвдүгээр сард Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн 43 дахь хуралдаан  “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 51 хувийг хувьчлах  асуудлыг үндсэнд нь шийдсэн гэж тухайн үед мэдээлж байсан билээ.  Гэвч дуулиантай эхэлсэн хувьчлах асуудал тэгсхийгээд мартагдсан. Хамгийн гол нь Монголчуудын “Саалийн үнээ” гэж тодотгодог ганц үйлдвэрээ яаран хувьчлах нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн  болгоомжлол нийгэмд түлхүү байсан. Энэ хувьчлал цагаа олоогүй, арга нь буруу байна, хувьчилж болохгүй гэсэн маргаан төр, засгийн түвшинд нэлээн маргаан дагуулсан нь хувьчлал  хангагдахгүй байх нэг нөхцөл болсон юм.

Монголын эдийн засгийн зүтгүүр

“Эрдэнэт” бол  Монгол Оросын хамтарсан үйлдвэр бөгөөд Монголын тал 51 хувь, ОХУ  49 хувийг нь эзэмшдэг. Тийм болохоор энэ үйлдвэртэй холбоотой аливаа шийдвэр хамтын зөвшилцөл хэлэлцээгээр шийдэгддэг.  Хамтарсан үйлдвэрийн түүх бүр 1973 оноос эхэлдэг ч 1978 онд ашиглалтад орж байв. Зэсийн концентрацын үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийн том үйлдвэрүүдийн нэгэнд тооцогддог бөгөөд жилдээ 29-30 сая тонн хүдэр олборлож,  500 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 мянган тонн молибдены концентрац үйлдвэрлэдэг. Эрдэнэтийн зэсийн уурхайд үйлдвэрийг дахиад 40 жил ажиллахад хүрэлцэхүйц хэмжээний нөөц бий гэсэн тооцоо бий.

Улсын төсөвт жил бүр 400 тэрбумаас дээш төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гадна Монголын талын ногдол ашигт 70 орчим тэрбум төгрөг хуваарилагддаг.  “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн 15-аас багагүй хувийг бүрдүүлж, экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг гээд харахаар Монголын эдийн засгийн хамгийн том толгой зүтгэх хүч гэдэг нь анзаарагдах байх. 

Хувьчлал хийгээд хувьцаа

Улсын эдийн засагт ийм жин дардаг болохоор Эрдэнэтийн хувьчлал эх орны эрх ашгийн том нөлөөлөл болж харагддаг. Хэрэв "Эрдэнэт" үйлдвэрийн Монголын талын хувийг хувьчлах ажил эхэлвэл 1996 оноос эхэлсэн өмч хувьчлал шувтарч, үнэ цэнтэй, томоохон аж ахуйн нэгжүүдийн сүүлийг мушгина гэсэн үг юм.
Хувьчлал гэдэг үгнээс монголчууд жаахан жийрхдэг болчихсон. Энэ нь өмнөх хувьчлалуудын хуудуутай холбоотой байдаг биз. Эрдэнэт үйлдвэр бол эдүгээ хувьцаат компанийн хэлбэртэй ч хувьцааг нь хоёр улсын Засгийн газар эзэмшдэг. Харин энэ яригдаад байгаа хувьчлалаар хувьцааг нь дотоод гадаадын зах зээл дээр арилжаалж нэг үгээр хэлбэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх тухай яриа юм.  Ингэхээр Эрдэнэтийн тодорхой хувийг хувьчлах  гэхээсээ илүүтэй Эрдэнэтийн тодорхой хувийг  олон улсын бирж дээр гаргах тухай юм.

Эдийн засагчдын хэлж буйгаар бизнесийг санхүүжүүлэх хоёр арга байдгийн нэг нь энэ хувьцаа гаргаж босгосон мөнгөөрөө бизнес хийх явдал гэдэг. 2010 оны хувьчлалын хувилбар нь ийм байсан.  “Эрдэнэс Монгол” компанид Эрдэнэтийн төрийн мэдлийн бүх хувьцаа болон  газар доорх  баялгийнхаа эрхийг өгч  100 хувь улсын үйлдвэрийн компани  болгох, тэндээсээ компанийн хувьцааг тав, арван хувь гэх зэргээр үе шаттайгаар хөрөнгийн зах зээл дээр арилжаалах тухай байв. Хувьцаагаа зах зээл дээр гаргаж мөнгө босгоно гээд хяналтаа алдана гэсэн үг биш бөгөөд Эрдэнэтийг ямар хэмжээнд авч үлдэхийг хүсч байна, түүнийгээ л үлдээнэ хэмээн учир мэдэх хүмүүс тодотгож байсан билээ.

Энэ удаагийн хувьчлалыг ч гэсэн иймэрхүү арга замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бололтой. Гэхдээ Засгийн газрын санал болгож буйгаар бол Монголын талын 15, Оросын мэдлийн 15 хувийг нийлүүлээд өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр нийт хувьцааныхаа 30 хувийг арилжаалахааар төлөвлөж байгаа бололтой юм.

Бусдын жишиг  ийм байна

Дэлхийн олон орон улсын үйлдвэрийн газруудаа төрийн өмчийн хувьцаат компани болгон зохион байгуулдаг. Манай улстай ижил нөхцөлд байсан Хятад, Казахстан зэрэг орон улсын компаниудаа хувьцаат болгон гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь зарсан. Ингэж хүүгүй мөнгө босгож үйлдвэрээ хөгжүүлж санхүүгээ зузаатгадаг. Хамгийн ойрын жишээ гэвэл Оюутолгой. Гаднынхан Оюутолгойн баялгаар хувьцаа гаргаад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөтэй компани босгосон бэлээхэн жишээ байна. Гадныхан Монголын баялгаар олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосон нь ганц энэ биш.  Нэг үгээр хэлбэл бид баялаг нь байгаад байдаг хэрнээ түүнээсээ мөнгө босгож чадахгүй байгаа юм.  Тэгвэл ийм арга хэлбэрээр Эрдэнэтээсээ мөнгө босгоё гэсэн санаа юм.

Манайхтай хил залгаа Казакстан улс  “Казах мед” гээд зэсийн том үйлдвэртэй. Энэ үйлдвэр Эрдэнэт үйлдвэрээс хүчин чадлаараа  хоёр дахин том. Энэ үйлдвэрийн дэлхийн хөрөнгийн зах зээл дээр байгаа үнэ нь  найман тэрбум орчим ам.доллар гэх мэдээлэл байдаг.  Энэ жишгээр бол манай “Эрдэнэт” үйлдвэр гэхэд зах зээлийн үнэлгээ нь наанадаж дөрвөн тэрбум ам.доллар болно гэсэн үг.  Ер нь баялаг хэзээ жинхэнэ үнэ цэнэдээ  хүрэх вэ гэхээр бирж дээр хувьцааг нь зардаг болсноор л хүрнэ.

“Ростех” ба бидний айдас

Цагаан сарын битүүний өдөр УИХ-ын байнгын хороо Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал гэхээсээ илүүтэй компанийн Оросын талын эзэмшлийн эрхийг “Ростех”-т компанид шилжүүлэх асуудлыг  хэлэлцэж дэмжсэн гэх мэдээлэл байгаа юм. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар оросууд “Эрдэнэт”-ийн Оросын талын хувийг “Ростех” гэж компанид эзэмшүүлэх саналаа нэр зааж тавьсан  гэнэ. Оросын  талын тухайд энэ компанид Эрдэнэтийн эзэмшил хувиа шилжүүлэх саналыг урьд нь хэдэнтээ тавьж байжээ. Бүр 2008 онд «Ростехнологи»-ийн Ерөнхий захирлын орлогч Николай Волобуев  “Монголын Эрдэнэт болон Монголросцветмет-ын 49 хувийн эзэмшлийг манай компани авахаар төлөвлөж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл албан бус ч гэсэн  Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийг  “Ростех” компанид хамаатуулан бичиж мэдээлсээр ирсэн билээ.

Манай улс дээрх хоёр үйлдвэрийн Оросын талын хувийг ОХУ-ын Засгийн газар юмуу, түүний итгэмжлэгдсэн төрийн өмчийн компарацид эзэмшүүлэх хүсэлтэй байдаг  юм байна. “Ростех” бол /Тэр үед “Ростехнологи” хэмээн нэрлэж байв/ 2007 онд В.Путины шийдвэрээр үүсэн байгуулсан Оросын төрийн мэдлийн хамгийн том компани юм. Тийм ч учраас В.Путины хуучны танил, хамгийн итгэлт хүнийх нь нэг Сергей Чемезов Ерөнхий захирлаар нь ажилладаг. “Ростех” нь ОХУ-ын онцгой аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд  2013 оны байдлаар 1.04 триллион  рублийн эргэлттэй, 9.0 сая ажиллагсадтай байв. 

“Ростех”-ийн олон талт ажиллагааны нэг нь металлург бөгөөд ялангуяа зэсийн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байна.  Тус компани эдүгээ Чита мужийн Удоканы зэсийн ордод хамтарсан үйлдвэр байгуулж байна. Энэ орд нь 1.3 тэрбум тонн зэсийн хүдэр бүхий дэлхийн томоохон ордуудын нэг юм. Одоогоор тодорхой болоод байгаа нөөц нь 24.6 сая тонн зэс бөгөөд энэ хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ мэтээс харвал “Ростех”-т Эрдэнэтийн хувийн эзэмших сонирхол байхаас аргагүй бололтой.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрийнх асуудал гэдэг шиг Оросын тал өөрийн эзэмшлийн хувиа хэний мэдэлд байлгах нь тэдний хэрэг байж болно. Гэхдээ болгоомжлол юун дээр байгаа вэ?

Цаг цагаараа байдаггүй. Хэдийгээр “Ростех” өнөөдөр Оросын төрийн мэдлийн компани ч гэлээ цаашид хувьчлах тухай асуудал яригдвал Эрдэнэт дэх Монголын эрх ашигт хэрхэн нөлөөлөх вэ. Энэ л бидний айдас бололтой.  

П.Булган

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.53) 2015 оны 03 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(193.202.91.11) 2015 оны 03 сарын 05

Оо ямар аймаар юм бэ, ганц саалийн унээнээсээ ингээд салчихвал монгол маань яаж амьдрах юм бэ? Ухэр Сайханбилэг

0  |  0
Top